ДАШТ

Сүүлийн тойргийн заавал үзэх 5 тоглолт

Иран – Португал

Хэзээ: 6-р сарын 25, 02:00 цагаас

Ач холбогдол: Хожигдсон баг тэмцээнийг өндөрлүүлнэ

Тоглолтыг дамжуулах суваг: NTV

B хэсгийн онооны байдал:

Иран хожвол 6 оноотой болж Португалын дээр гарна. Испани хожих магадлал өндөр учир Португал хасагдана. Португал харин тэнцэхэд л хэсгээс гарна

Тэмцээний дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон Мароккотой Испани тоглох учраас Испани 7 оноотой болж хэсгээс шалгарах магадлал маш өндөр байгаа. Харин Иран Португалын тоглолт хэрхэн өндөрлөхөөс шалтгаалж энэ хэсгээс хэн нэгээр, хэн хоёрдугаар байраар шалгарах нь тодорхой болох юм. Хэрвээ Иран хожвол Испанийн нэгээр, Иран хоёроор гарах боломж үүснэ. Харин тэнцвэл Испаний нэгээр Португал хоёрдугаар байраар шалгарна. Үлдсэн хувилбар болох Португал хожих нөхцөлд Испани Португалын багууд бөмбөг тоолж хэсгийн ялагчаа шийдвэрлэх юм.

Тоон үзүүлэлт:

  • Хоёр баг хоёулаа хамгаалалтанд төвлөрсөн баг. Аль аль нь эхний хоёр тоглолтонд 50%-аас доош бөмбөг эзэмшилтийг үзүүлсэн. Мөн Португалчууд 45 удаа бөмбөг таслаж хэсэгтээ тэргүүлж байгаа бол Иранчууд 45 удаа бөмбөг булааснаараа тэргүүлж байна.
  • Мөн хаалгач нар нь маш олон цохилттой “нүүр тулж” байна. Иранчууд 31 цохилтыг хүлээж аваад байгаа бол Португалчууд 27 цохилтыг хүлээд аваад байгаа. Риу Патришиу нийт 7 удаа бөмбөгийг хаасан нь энэ хэсгийн дээд үзүүлэлт.
  • Иранчууд түүхэндээ дэлхийн аваргын сүүлийн тоглолтонд хожиж үзээгүй. 4 удаагийн оролдлогонд 1 тэнцэж, 3 хожигдож байжээ.

Португалын гол зэсвэг Роналду энэ удаад дахин гялалзаж багаа хожилд хөтөлж чадах болов уу? Эсвэл Иранчууд ялалт байгуулж сенсаци дэгдээх болов уу?

Нигер – Аргентин

Хэзээ: 6-р сарын 26, 02:00 цагаас

Ач холбогдол: Хожигдсон баг тэмцээнийг өндөрлүүлнэ. Аргентинд заавал 3 оноо хэрэгтэй

Тоглолтыг дамжуулах суваг: NTV

Аргентин хэсгийнхээ сүүлийн байранд бичигдэж байна. Мэссигээр толгойлуулсан Аргентин тэмцээнд түрүүлэх магадлалтай багуудын тоонд тооцогдож байлаа…

Энэ тойргийн хамгийн сонирхолтой, өндөр ач холбогдолтой тоглолт Нигер болон Аргентины багуудын хооронд болно. Хорватын эсрэг итгэмээргүй муу тоглож 3-0-ээр хожигдсон Аргентин Нигерийн ачаар хэсгээ гарах боломжоо хадгалж авсан. Хэрвээ Нигер хоёрдугаар тойрогт Исландад хожигдсон бол Мэссигийн Аргентиныг бид дэлхийн аваргад хасагдсаныг зарлах байлаа. Гэвч Нигер 2:0-ээр хожиж 3 оноо авсанаар хэсгийн бүх багийг хэсгээс гарах боломжтой үлдээсэн.

Эхний тойргийн ялагч ба ялагдагчид

Хүснэгтээс харж байгаачлан Аргентин хожиж чадвал 4 оноотой болж хэсгийн хоёрдугаар байранд бичигдэж хэсгээс 2-р байраар шалгарах боломжтой болно. Гэхдээ нөгөө талд нь Исланд хожчихвол Аргентин заавал 2 бөмбөгний зөрүүтэй хожиж байж хэсгээс шалгарах юм. Тиймээс Аргентинд зөвхөн нэг бөмбөгний зөрүүтэй ялалт хангалтгүй. Тэр утгаараа энэ тоглолт маш сонирхолтой тоглолт болно.

Харин Нигерчүүд тэнцэхэд л хэсгээс шалгарах боломжтой. Нөгөө талд Хорват Исландын эсрэг хоёрдугаар багаа гаргах магадлал өндөр байгаа тул энэ гурван багийн хувь заяаг бүр ч ээдрээтэй болгож байна. Учир нь Хорватчууд хэсгээс нэгээр гарах нь тодорхой болсон.

  • Нигерчүүд сүүлийн 4 дэлхий аваргадаа дараалан Аргентинтай нэг хэсэгт ороод байна. Өмнөх гурван тохиолдолд бүгдэнд нь хожигдсон. Энэ удаад хожиж Аргентинчуудыг тэмцээнээс хасч өмнөх 3 удаагийн хариугаа авах боломж байна.
  • Сүүлийн 4 учраа тоглолтонд бүгдэнд нь Аргентин хожсон. Гэхдээ бүгд нэг гоолын зөрүүтэй хожил байв. Энэ удаад Исланд нөгөө талд нь хожвол Аргентин хоёр бөмбөгний зөрүүтэй хожих шаардлага гарна.
  • Аргентинчүүд хэзээ ч хэсгийн тоглолтонд хожил авалгүйгээр мултарч үзээгүй. Ядаж нэг хожил авдаг. Энэ удаад хасагдвал түүхэндээ анх удаагаа хожилгүйгээр хасагдсан тохиолдол нь болно.
  • Мэсси дэлхийн аваргад хийсэн сүүлийн 22 цохилтоо гоол болгож чадаагүй байна.

Өмнөд Солонгос – Герман

Хэзээ: 6-р сарын 27, 22:00 цагаас

Ач холбогдол: Герман хожигдвол хэсгээс гарахгүй байх аюултай.

Тоглолтыг дамжуулах суваг: NTV

Германчууд Тони Кроосын 95 дахь минутанд оруулсан гоолын ачаар хэсгийн шатнаас хасагдахаас аврагдсан

Шведүүдтэй тэнцэхийн даваан дээр хүн дутуутай тоглож байсан Германчууд 2:1-ээр ялалт байгуулсан. Эцсийн мөчид орсон тэрхүү гоол ороогүй бол Германчууд хэсгээс гарах магадлалын хувьд маш бага байдалтайгаар энэ тоглолтонд ирэх байлаа. Гэтэл нэг гоол тэднийг том аюулаас аварч хэсгээс гарах магадлалыг нь харьцангуй их болгосон. Мексик Шведийн тоглолтыг мэргэжилтнүүд тэнцэх магадлал өндөртэй гэж байгаа. Тиймээс Герман хэсгээс хоёрдугаар байраар шалгарах магадлал өндөр байгаа.

Харин Шведүүд Мексикийг хожиж, Герман Солонгосыг хожвол 3 баг 6 оноотой тэнцэж бөмбөг тоолно. Тиймээс Герман энэ тоглолтонд олон гоол оруулах шаардлагатай. Хоёр хожигдсон хэдий ч Солонгосд боломж бий. Тэд Германыг хожиж, Мексик Шведийг хожвол 3 баг 3 оноотой тэнцэж бөмбөг тоолно. Тиймээс аль аль багт нь гоолын зөрүү маш чухал. Энэ хэсгийн нөхцөл байдал энэ тоглолтоос хамаарч хаашаа ч эргэж магадгүй байна. Магадгүй дахин нэг гоол хэсгийн хувь заяаг тэр чигт нь өөрчилж магадгүй. Германд хэсгээ тэргүүлэх боломж байна. Бас хэсгийн хамгийн сүүлд орох магадлал ч бий. Сонирхолтой хэсэг!

Тоон үзүүлэлт:

  • Тони Кроосын оруулсан гоол 94 минут 42 сэкунд дээр бүртгэгдсэн нь Германы бүх цаг үеийн түүхэнд хамгийн орой орсон гоол болж байна. Нэмэлт цагийг оруулаад
  • Шведүүд урьдчилсан шатанд Нидерланд, Италийг мулталж гарч ирсэн. Мөн Францыг хожсон. Шведүүд ялалт байгуулж Герман Солонгосд оноо алдвал Швед цааш шалгарна. Ийм тохиолдолд Швед Германыг хожиж чадаагүй ч тэдний оронд хасагдах шатанд гарч байна гэсэн үг. Шведийн энэ дэлхийн аваргаас хасч буй 3 дахь том баг болно.

Сенегал – Колумб

Хэзээ: 6-р сарын 29, 22:00 цагаас

Ач холбогдол: H хэсгээс ямар 2 баг гарах нь энэ тоглолтоос шууд хамаарна

Шууд дамжуулах суваг: NTV

H хэсгээс хүснэгтийн дээр бичигдэж буй 3 багийн аль нь ч гарч болно.

Тэнцүүхэн багуудаас бүрдсэн H хэсэгт нөхцөл байдал хаашаа ч эргэж магадгүй байна. Хэсгээс гарах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Колумб 3-р байрт, Польш бүр тэмцээнээс хасагдах нь ойлгомжтой болсон. Тиймээс энэ тоглолтоос хамаараад энэ хэсгийн дээрх гурван баг аль нь ч нэгээр, аль нь ч хоёроор гарч болно. Хурд, хүч зонхилсон Сенегалчууд багийн тоглолтоороо мундаг байгаа багуудын тоонд орж байгаа. Харин Колумбчууд энэ тэмцээний хамгийн хүчтэй довтолгооны хослолтой багуудын нэг. Хамэс Родригэз болон Радамэл Фалкао. Тэнцүүхэн багуудын өрсөлдөөнтэй, довтолгоон зонхилсон тоглолт энэ тойргийн хамгийн үзүүштэй, ач холбогдол өндөртэй тоглолтуудын нэг байх болно.

Бельги – Англи

Хэзээ: 6-р сарын 29, 02:00 цагаас

Ач холбогдол: Хэсгийн тэргүүн байрын төлөөх тоглолт

Шууд дамжуулах суваг: MNB

Хэсгийн 2-р байраар шалгарвал 1-р байраар шалгарснаас илүү амар учраатай тоглоно

Энэ тойргийн бүх багууд хожих эсвэл ядаж нэг оноо авахыг эрмэлзэж бүх зүйлээ шавхана. Харин Бельги, Английн багуудад хожигдох нь илүү дээр хувилбар байж магадгүй. Ийм зүйл байж болно гэж үү?

Учир нь энэ дэлхийн аваргад хүчтэй багууд тааруу тоглолтыг үзүүлж байгаа. Тэр утгаараа Герман, Аргентины багууд хоёрдугаар байраар шалгарах магадлал маш өндөр болсон. Хэрвээ Герман хоёрдугаар байраар шалгарвал Бразил, Франц, Аргентин, Бразил, B хэсгийн ялагч /Португал эсвэл Испани/ гэсэн багууд хасагдах шатанд нэг талдаа гарна. Илүү энгийнээр хэлвэл финал хүртэл эдгээр багууд хоорондоо хоёр хоёроороо таарч нэгнийгээ хасах шаардлагатай болно. Үүн дээр энэ хэсгийн ялагч баг нэмэгдэнэ. Англи эсвэл Бельги. Тэгэхээр дэлхийн аваргад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багууд нэг талд гарна гэсэн үг юм. Харин энэ хэсгийн хоёрдугаар байраар шалгарвал H хэсгийн тэргүүн багтай тоглоно. Нэгдүгээрт H хэсгийн нэгээр хэн нь ч гарч магадгүй тул чанарын хувьд энэ хоёр багт тийм ч ялгаагүй. Хоёрдугаарт, шөвгийн 16-д хожвол Мексик, Швейцарын аль нэгэнтэй нь тоглох магадлал өндөр. Тиймээс нэгээр гарч Бразил, Герман, Франц, Аргентин зэрэг багуудтай тулж байснаас Мексик, Швейцарын аль нэгэнтэй нь тоглосон нь илүү дээр сонголт байх болно.

Гэхдээ энэ магадлал Герман хэсгийн хэддүгээр байраар шалгарахаас хамаарна. Хэсгийн хоёрдугаар байраар шалгарах магадлалтай байгаа Германчууд тэр хэвээрээ гарвал Англи, Бельгийн багууд хэсгээс хоёрдугаар байраар шалгарах гэж хичээх сонирхолтой нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй байна. Тэр утгаараа энэхүү тоглолт маш өвөрмөц тоглолт болох юм. Үгүй байсан ч Бельги, Англи гэсэн хүчирхэг багуудын тулааныг үзэхгүй байж болохгүй.

Том багуудаас аль нь хэсгийн шатнаас хасагдах вэ?

Vote to see the results
31% - 47 votes
30% - 22 votes
30% - 131 votes
30% - 112 votes