ДАШТ

Бельги: Ээлжит хүлээлтийн эзэд

( Photo by Nico Vereecken / Photonews via Getty Images)

Багийн ахлагч: Эдэн Азар

Ерөнхий дасгалжуулагч: Роберто Мартинез

Хоч: Улаан чөтгөрүүд

FIFA-ын чансаа: 3

Түүхэн дэх хамгийн том хожил: Бельги 10:1 Сан Марино (2001 он), Бельги 9:0 Гибралтар (2017 он)

Түүхэн дэх хамгийн том хожигдол: Английн сонирхогчид 10:1 Бельги (1999 он)

Бүх цаг үеийн мэргэн бууч: Ромело Лукаку (33 гоол)

Хамгийн олон тоглолтонд оролцсон: Ян Вертонген (99 тоглолт)

Дэлхийн аваргад оролцсон: 10 удаа

Дэлхийн аваргын дээд амжилт: 1986 онд 4-р байр

Хэсэгт цуг багтсан багууд: Англи, Тунис, Панам

 
1 Бельги
2 Тунис
3 Панам
4 Англи

 

 

 

 

 

Сүүлийн 2 том тэмцээнд дэлхий нийтэд маш их хүлээлтийг үүсгээд байсан хэдий ч өндөр амжилт үзүүлж чадаагүй Бельгичүүд ОХУ-д аваргалахын төлөө дайрах гэж байна. Урьдчилсан шатанд Гибралтар, Эстон, Грек, Босниь, Кипр зэрэг улсуудтай нэг хэсэгт орсон. Тиймээс дэлхийн аваргад ядах юмгүй шалгарсан. Сул багуудтай таарсанаас гадна дэлхийн хамгийн хүчтэй довтолгоотой багуудын нэг учраас 44 гоолыг урьдчилсан шатанд оруулж дээд амжилтыг үзүүлсэн.

Давуу тал

Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүн байрлал бүртээ өндөр зэрэглэлийн тамирчидтай. Тэр утгаараа хамгаалалт, довтолгоо аль аль нь маш хүчтэй. Энэ удаагийн тэмцээнийг оруулаад сүүлийн 3 том тэмцээндээ (дэлхийн аварга, европийн аварга) түүхэнд байгаагүй хүчтэй бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа. Бельгийн шигшээ багийн алтан үе гэгдэж буй эдгээр тамирчид дэлхийн аваргад дээгүүр өрсөлдөх багуудын тоонд яалтачгүй багтаж буй.

Довтолгоонд Эдэн Азар, Кевин Де Броин гэсэн хоёр том багийн сүпэр тоглогчид тоглож буй тул довтолгооны санаачлага, оролдлого зэргээр бусад багуудаас давуутай байх нь ойлгомжтой. Өмнөх тэмцээнүүдээс ялгаатай нь Кевин Де Броин илүү туршлагажиж, илүү чадварлаг болж энэ тэмцээнд ирсэн. Ялангуяа энэ жил карьерынхаа оргил жилийг өнгөрүүлж буй тул өмнө тэмцээнүүдээс ялгаатай Бельгийг бид энэ жил харж магадгүй.

Мөн олон чадварлаг тоглогчдоо ашиглан олон талт тоглолтыг үзүүлэх боломжтой. Алсын цохилт сайтай тамирчдаа ашиглах, жигүүрт мундаг тоглодог Азар болон Мертенс нар дээр суурилах, Лукаку, Феллаины нарын агаарын болон биеийн хүчний тоглолтыг ашиглах гээд олон боломж тэдэнд бий. Зарим багууд тоглогчдын нөөцнөөс болоод хязгаарлагдмал боломжиндоо суурилж тактикаа боловсруулдаг. Харин Бельгийн шигшээ багт ийм зовлон байхгүй нь тэдний бусад багаас ялгарах хамгийн том давуу тал болж байна.

Сул тал

Бельгийн шигшээ баг өмнө хоёр том тэмцээндээ эрт хасагдсан шалтгаануудын нэг нь ялалтын сэтгэлзүй байв. Дэлхийн олон экспертүүд тэднийг ялалтын  сэтгэлзүйгүй, өлсгөлөн тоглогчгүй хэмээн зэмлэж байв. Учир нь өмнөх тэмцээнүүдэд гялалзах ёстой байсан багийн лидерүүд болох Эдэн Азар, Ромело Лукаку, Де Броин зэрэг залуу тамирчид нь том тоглолтууд дээр туршлага дутсан, сэтгэлзүйгээр унасан зэрэг сул талуудыг гаргаж байв. Ялангуяа дэлхийн аварга шиг том тэмцээн дээр сэтгэлзүй маш чухал нөлөөг үзүүлнэ. Бельги хэсгийн шатанд хамгийн өндөр амжилт үзүүлэх магадлалын хувьд маш өндөр ч хасагдах шат, цаашлаад шөвгийн 8, хагас шигшээ зэрэг шатууд дээр класс багуудын эсрэг түүнийг хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй.

Мөн өмнөх тэмцээнүүдэд тактикийн тоглолт маш дутмаг харагдсан. Өндөр зэрэглэлийн тамирчид олонтой хэдий ч Марк Вилмотс түүнийгээ тактикийн тал дээр сайн ашиглаж чадаагүй. Довтолгооны сүпэр тамирчдын довтолгооны оролдлого статистик талаасаа тун бага байсан нь Бельгийн шигшээ баг тааваараа тоглож чадаагүйг илтгэнэ. Гэхдээ энэ жилийн тухайд Марк Вилмотс биш Роберто Мартинез удирдана. Дасгалжуулагчийн туршлагын хувьд Вилмотсоос харьцангуй туршлагатай хүн ирж байгаа тул Бельгийн өмнө тэмцээнүүд дээр харагдаж байсан сул тал арилж магадгүй юм.

Багийн бүрэлдэхүүн

2014 оны ДАШТ, 2016 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүн бараг тэр чигтээ хадгалагдсан. Тухайн бүрэлдэхүүнээс Ража Найнголан, Кевин Мираллас зэрэг алдартай өнжиж байгаа хэдий ч багийн үндсэн цөм тэр чигтээ хадгалагдсан. Тус хоёр тэмцээний гарааны бүрэлдэхүүнийн тамирчинд энэ тэмцээнд бараг өөрчлөгдөхгүй. Гэвч багийн ерөнхий хувилбар өөрчлөгдөх магадлал өндөртэй. 4-2-3-1 гэсэн хувилбараар гарахад яг таарах юм шиг харагддаг ч энэхүү хувилбараар амжилт олоогүй тул Мартинез үүнийг 3-4-2-1 буюу 3-4-3 руу шилжүүлэн тоглож байгаа.

Төвдөө Тоби Алдервэйрэлд, Ян Вертонгэн, Винсэнт Компани гэсэн гурван өндөр зэрэглэлийн хамгаалагчидтай тул тэднийгээ талбайд тоглуулахад 3 хамгаалагчтай хувилбар зөв байж магадгүй. Ойлголцол их шаарддаг хэдий ч Компани хамгаалалтыг сайн удирдаж Вертонген, Албервайрэлд гэсэн нэг клүбт тоглодог хоёр тоглогч түүнд хамтдаа туслахад асуудалгүй байх болов уу.

3-4-2-1 гэсэн хувилбарыг тэд ашиглаж эхлээд нилээд хугацааг үдсэн тул дэлхийн аварга дээр үүнийгээ өөрлөлгүйгээр үүгээрээ тоглох байх. 4 хагасын хоёр жигүүрт ПСЖ-гийн Томас Менье, Атлетикод тоглож байгаад Хятад руу явсан Янник Карраско тоглоно. Карраско тааруу тогловол Насер Шадли түүнийг орлох боломжтой. Талбайн төвд Аксел Витсел, Кевин Дэ Броин нар тоглож сэлгээнээс Мусса Дембеле, Маруан Феллаини нар тоглоно. Үзүүрийн довтлогч Ромелу Лукакугийн ард Эдэн Азар, Мертенс нар дэмжих хуваарьтай. Өмнөх тэмцээнүүд дээр шилдэг довтолгооны тамирчдаа төгс ашиглаж чадаагүй тэд энэ удаад бүрэн чадлаар нь ашиглахаар шийдсэн нь энэхүү гараанаас харагдана. Роберто Мартинез энэхүү хувилбарыг өмнө нь Виганд байхдаа нилээд удаан ашиглаж байсныг дурьдах нь зүйтэй. Тус хувилбараас Бельгийн байрлал бүр ямар том аюулыг өрсөлдөгчиддөө үзүүлэх боломжтойг харж болно.

Сэлгээнээс Кристиан Бентеке, Миши Бачшуай гэсэн довтлогч нар тоглоно. Хагас хамгаалалтанд Вест Бромын Насэр Шадли, Монакогийн Тилеманс, Манчестер Юнайтэдын Маруан Феллаини, Тоттенхэмын Мусса Дэмбэлэ зэрэг сайн тамирчид сууж байгаа. Тиймээс Бельги гараанаас гадна сэлгээний нөөц ч тун сайтай.

Харах ёстой тоглогч

2014 оны дэлхийн аваргад шөвгийн 8-д Аргентинд, 2016 оны европийн аваргад Вэльсийн шигшээ багт мөн л шөвгийн наймд хожигдож тэмцээнээс хасагдсан Бельгид чухал үед гоцрох лидер хэрэгтэй байв. Тэр үед Эдэн Азарыг тэрхүү тамирчин нь гэж нэрлэж байсан нь энэ тэмцээнд ч хадгалагдаж байна. Түүн дээр нэмээд Кевин Де Броиныг нэрлэж байгаа. Гэхдээ бид тэдэн дээр нэмээд Ромелу Лукакуг онцолмоор байна. Дээр дурьдсан тэмцээнүүд дээр аль алин дээр нь лидерийн орон зайгаас гадна довтлогчийн орон зай дутаж байв. Хагас хамгаалагчид ажлаа давгүй хийж олон довтолгоог зохион байгуулж байсан ч довтлогчийн идэвхтэй тоглолт, байрлал зөв эзлэлт, гоолдох чадвар дутагдаж байлаа. Тэрхүү тоглолтууд дээр Ромело Лукаку агуулгын талаас ч, статистик талаас ч үнэхээр тааруу тоглолтыг харуулсан. Одоогийн шилдэг довтлогчдын нэг гэгддэг тэрбээр энэ хүчирхэг бүрэлдэхүүний үзүүрийн довтлогчийн ажлыг хийж байгаагийн хувьд энэ тэмцээнд гялалзах нь зайлшгүй шаардлага болоод байна.

Бельгийн хагас хамгаалалт хичнээн олон довтолгоог зохион байгуулсан байлаа Лукаку түүнийг нь том тоглолтууд дээр салхинд хийсгээд байх юм бол Бельгичүүд дахин эрт тэмцээнээ өндөрлүүлэх эрсдэлтэй. Лукаку энэ тэмцээнд яалтачгүй өөрийнхөө том тоглолтууд дээр муу тоглодог гэсэн нэрээ үгүй хийх шаардлагатай байна.

Онцлох статистик

Тэд хэр хол замыг туулж чадах вэ?

Англи, Панам, Тунис зэрэг улсуудтай нэг хэсэгт ороод байгаа улаан чөтгөрүүд хэсгээ тэргүүлэх магадлалын хувьд өндөр хэмээгдэж буй. Дээр дурьдаж байсанчлан Бельгичүүд бүрэлдэхүүн, багийн нөөц, тоглогчдын чадварын хувьд тэмцээний хүчтэй багуудын нэг гэгдэж буй тул Панам, Тунис зэрэг сул багуудыг амархан хожих боломжтой. Фаворит талаасаа Англиас илүү үнэлэгдэж байгаа тул хэсгээ тэргүүлэхэд гайхаад байх зүйлгүй. Хэрвээ тэд хэсгээ тэргүүлж чадвал шөвгийн 16-г давсаны дараа шөвгийн 8-д Бразилтай таарах магадлал өндөртэй. Харин хоёрдугаар байраар шалгарвал Германтай 8-д тоглох магадлалтай байгаа. Чадамжын хувьд шөвгийн 8 хүрэх магадлал маш өндөр тул шөвгийн наймын тоглолт Бельгийн энэ тэмцээний хувь заяаг шийдэх тоглолт байх болов уу.

Роберто Мартинез – Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч

“Энэ бол Бельгийн түүхэн дэх хамгийн хүчтэй эрин. Ялангуяа довтолгооны хувьд. Вилмотсын орыг авсан Роберто Мартинез довтолгооны бүрэн чадамжийг ашиглаж тоглож буй. Гэвч гурван хүнтэй хамгаалалт эрсдэл үүсгэж магадгүй. Бельгичүүдээс хөгжөөн дэмжигчид нь зөвхөн алтан медалийг л нэхэж, хүлээж байгаа. Гэвч Бельги тэнд хүрэх багуудыг нэг биш байж магадгүй. Би Бельгийн шигшээ багт бага зэрэг эргэлзэж байна.” Филлипе Гердай, Бельгийн хөлбөмбөгийн эксперт

Таны бодлоор Бельгичүүд хэр хол замыг туулах вэ?

Vote to see the results
32% 319 votes
32% 6 votes
32% 34 votes
31% 17 votes
31% 4 votes
32% 1 vote