ДАШТ

Дутуу үнэлэгдэж буй гурван арслангууд

Багийн ахлагч: Харри Кэйн
Ерөнхий дасгалжуулагч: Гарэт Саутгэйт
Хоч: Гурван арслангууд
ФИФА чансаа: 12
Багийн дундаж нас: 25.9
Багийн дундаж өндөр: 182.1 см
Бүх цаг үеийн мэргэн бууч: Вэйн Рүүни /53 гоол/
Хамгийн олон тоглолтонд оролцсон: Петер Шилтон /123 тоглолт/
Дэлхийд аваргад оролцсон: 15 удаа
Дэлхийн аваргын дээд амжилт: 1966 онд аварга

Том тэмцээн болгон дээр том амбийцтай орж ирдэг английн шигшээ баг энэ удаад илүү бодит байдлыг эрхэмлэж байгаа. Хэвлэл мэдээллийн шахалт, хөгжөөн дэмжигчдийн дарамт зэргээс болж заавал түрүүлэх ёстой гэсэн сэтгэлзүйтэй тоглодог англичууд энэ удаад илүү өөр сэтгэлзүйтэй орж ирж магадгүй байна. 2014 оны дэлхийн аваргад хэсгээсээ гарч чадаагүй, 2016 оны европийн аваргад Исландад хожигдож мултарсан гээд дэндүү муу амжилтуудыг сүүлийн тэмцээнүүдэд гаргасан. Тиймээс дэлхий нийт англиас аварга цолыг 2018 оны дэлхийн аваргаар нэхнэ гэдэг зөв зүйл биш болчихоод байна.

Англичуудын сүүлийн 6 том тэмцээний амжилт (Photo by Evrim Aydin/Anadolu Agency/Getty Images)

Тэгвэл энэ удаад хүлээлтээ илүү доогуур тавьж, даруухан байж, дарамтгүйгээр тоглож чадвал англичууд удаан хүлээсэн өндөр амжилтаа энэ дэлхийн аваргад гаргаж магадгүй. Заавал тэмцээний гол фаворитууд аваргалах албагүйг түүх бидэнд өгүүлдэг.

Саутгэйтээр удирдуулсан английн шигшээ баг урьдчилсан шатыг тун амархан давсан. Нэг хожигдол амсалгүйгээр хэсгээ тэргүүлсэн бөгөөд ердөө 3 гоолыг алдаж, 2 тэнцсэн байна. Гэхдээ хэсэгт нь байсан хамгийн дорвитой баг нь Словак, Шотландын багууд байсан гэхээр энэхүү тоглолтуудаар английг шууд үнэлж болохгүй нь.

Давуу тал

Английн шигшээ баг дэлхийн аварга бүрийн хамгийн атлетик багуудын тоонд зүй ёсоор тооцогддог. Хурдтай, тэсрэлттэй, динамик тоглолттой английн залуучууд ямар ч багийн эсрэг тэрхүү хэв маягаараа илүүрхэх боломжтой.

Довтолгооны шугаманд Жэими Варди, Маркус Рашфорд, Рахээм Стерлинг зэрэг энэ дэлхийн аваргын хамгийн хурдан, тэсрэлттэй тоглогчид хамгаалагчдын хүчийг сорино. Хамгаалалтанд Каил Вокэр, Дэнни Рөүз, Киэран Триппиер зэрэг гүйлт сайтай хурдан тамирчид байгаа. Тиймээс аль ч шигшээ багт байхгүй энэхүү давуу тал нь англид олон боломжийг нээж өгч болох юм.

Стэрлинг энэ жил Манситид маш сайн улирлыг үдсэн (Photo by Tolga Akmen/Anadolu Agency/Getty Images)

Cул тал

Английн орчин үеийн том тэмцээний ялагдлууд ихэнх нь сэтгэлзүйтэй холбоотой. Дээр дурьдсан хөгжөөн дэмжигчдээс ирэх хэт давсан хүлээлт, хэвлэл мэдээллийн шүүмжлэл, англи хүмүүсийн араншин гээд олон зүйлс үүнтэй холбоотой. Шигшээн дасгалжуулагчаа заавал дотроосоо сонгодог заншил, тухайн дасгалжуулагчаа чөлөөтэй сонголт хийлгэдэггүй олон нийт гээд нэмэлт хүчин зүйлс ч дагалдана. Англи хэтэрхий олон тоглогчийн сонголттой тул олны танил тоглогчийг үлдээвэл бөөн шүүмж. Улмаар амжилт сайн үзүүлэхгүй бол тэр тоглогчийг дуудаагүйгээс боллоо, түүнийг гаргаагүйгээс боллоо гэсэн яриа англи даяар өрнөнө. Ийм тохиолдолд шинэ ирсэн дасгалжуулагчид хэл амны бай болохгүйн тулд бодсоноо хийж чадахгүй байх аюул нүүрлэдэг.

Энэ жил Жордан Хэндэрсон Ливерпүүл багийнхаа хамтаар аваргуудын лигийн финалд үлдсэн (Photo by Tullio Puglia – UEFA/UEFA via Getty Images)

Мөн англид хагас хамгаалалтын шугаманд тактикийн мундаг тоглогч, тоглолтыг өндөр зэрэглэлд удирдан явуулах лидер байхгүй. Хагас хамгаалалтыг Дайер, Алли, Лингард гэх мэт тамирчид бүрдүүлж буй. Сайн үнэлэгддэг тамирчид хэдий ч дэлхийн аваргын талбай дээр английг өндөр амжилт үзүүлэхэд эдгээр тоглогчид хангалтгүй байж мэднэ.

Английн шигшээ баг үүнээс гадна өөрсдийн арга барилаа төгс олоогүй байна. Гүйлт, тэсрэлт, хурд дээр тулгуурлах хэдий ч багийн үндсэн арга барил, философио олж амжаагүй хэмээн хэд хэдэн хэвлэлүүд шүүмжлээд амжсан.

Багийн бүрэлдэхүүн

Шигшээ баг тэр чигтээ дотоодын лигийн тамирчдаас бүрдэж байгаа нь онцлог. Хаалгачаар Стөүк ситигийн Жэк Батланд, Эвертоны Жордан Пикфорд, Бөрнлигийн Ник Пөүп нар сонгогдож Жо Харт гэртээ үлдсэн. Үндсэн хаалгачаар Жэк Батланд сонгогдож байгаа.

4-2-3-1-ээр амжилттай тоглож байсан Саутгэйтийн баг сүүлийн тоглолтуудад хувилбараа өөрчилж 3-4-3 эсвэл 3-5-2 гэсэн хувилбарын аль нэгийг нь сонгохоор болоод буй.

Киран Триппер, Каил Вокэр, Дэнни Рөүз, Александр-Арнолд, Эшли Янг гэсэн олон чадварлаг жигүүрийн хамгаалагчидтай учраас гурваас таван хамгаалагч руу шилжин тоглох хувилбар хавьгүй дээр сонголт болж байна. Тоттенхэм, Манчестер сити багуудад олон улирал дараалан мундаг тоглож буй Каил Вокэр гурван төвийн хамгаалагчийн баруунд гарна. Төвд нь Манчестер Ситигийн Жон Стоунс, зүүнд нь Лэистэрийн Харри Магуайр эсвэл Манчестер Юнайтэдын Фил Жонс тоглоно.

Каил Вокэр энэ улиралд премьер лигийн бэлгэдлийн шигшээд багтсан (Photo by Christopher Lee – UEFA/UEFA via Getty Images)

Жигүүрийн хамгаалалтанд Тоттенхэмийн Киран Триппер тоглох бөгөөд түүний хөндлөн дамжуулалтууд английн гоолуудын эхлэл байх боломжтой. Нөгөө жигүүрт нь Эшли Янг, Дэнни Рөүз гэсэн сонголтууд байгаа бөгөөд үүнээс Саутгэйт Рөүзийг илүүд үзэж байгаа.

Английн шигшээ байрлалууд дээр хоорондоо чанарын ялгаа багатай олон сонголтууд байгаагийн тод жишээ нь төвийн хагас хамгаалалт. Тийм ч учраас Саутгэйт тоглолт бүр дээр тоглогчдыг ээлжлэн туршиж байгаа. Тиймээс төвийн гурван хагас хамгаалагчаар хэн хэн тоглох нь 100% тодроогүй байна. Эрик Дайер, Жордан Хэндэрсон, Дэлэ Алли, Жесси Лингард гэсэн дөрвөн тоглогчоос гарааг сонгоно. Одоогоор Алли гараанд гарах нь тодорхой байгаа бол үлдсэн тоглогчид 3-4-3 эсвэл 3-5-2-ын альныг нь сонгохоос хамаарч сонгогдоно. 3-4-3 хувилбараар тоглож буй нөхцөлд Дайер, Хэндэрсон гэсэн хослолыг сонгож Аллиг урагш нь тоглуулж байгаа. Гэвч энэхүү нөхцөлд төвийн хагас хамгаалалт хэтэрхий санаачлага муутай болох учраас 3-5-2 хувилбарыг сонгож Лингард, Алли нар Хэндэрсон, Дайер нарын аль нэгтэй нь гарах магадлалтай байна.

Төвийн довтлогчоор багийн ахлагч Харри Кэйн тоглож Рахээм Стэрлинг түүнийг дэмжинэ. Стэрлинг довтлогчийн ард гэхээсээ илүү вингэрээр тоглох нь түүнд эвтэйхэн байх болно. Гэхдээ 3-5-2 хувилбар магадал илүүтэй байгаа тул Кэйний ард Стэрлинг байрлаж тоглох болов уу.

Сэлгээнд Данни Вэлбэк, Маркус Рашфорд, Жэими Варди гэсэн сэлгээний маш сайн хүчнүүд байгаа. Тиймээс англи довтолгоон дээр тоглогчоор дутагдах гэсэн аюул байхгүй.

Хагас хамгаалалтын шугаманд Челсигээс энэ жил зээлээр Кристал Паласд тоглож давгүй улирлыг үдсэн Рубен Лофтус-Чик нөөцнөөс тоглоно.

Жэими Варди лигтээ сүүлийн 3 улиралд нийт 57 гоолыг оруулаад байна (Photo by Christopher Lee – UEFA/UEFA via Getty Images)

Харах ёстой тоглогч

Майкл Оуэнгоос хойшх английн хамгийн сүпэр төгсгөл хийдэг довтлогч нь Харри Кэйн байлаа. Вэйн Рүүниг довтлогчийн тухайд нэрлэж болох ч Харри Кэйний төгсгөл хийх чадвар, довтлогчийн мэдрэмжийг Оуэнтой зүйрлэвэл илүү дөхнө. Ямартай ч Вэйн Рүүни лидерийн халаагаа өгөөд буй энэ нөхцөлд Харри Кэйн багийнхаа бүх ачааг өөр дээрээ авч байна. Багийн гоолыг хийх, лидерийн үүргийг гүйцэтгэх, багаа ахлах гээд олон даалгавар түүнд оногдоод буй. Тиймээс Харри Кэйн тэмцээний эхнээс боломжуудаа алдаж, идэвхгүй тоглолтыг үзүүлж эхэлвэл английн тоглолт “унах” аюултай. Тиймээс клүбийн түвшиндээ төгс гүйцэтгэлийг хийж байгаа шигээ шигшээ багтаа үүнийгээ давтах зайлшгүй шаардлагатай байна.

Харри Кэйн 2016 онд багийнхаа стандарт цохилтуудыг бүгдийг нь цохьсон (Photo by Kate Green/Anadolu Agency/Getty Images)

Таамаглал

Хэсгийн шатанд таараад буй Бельгийн шигшээ баг цаасан дээр хэсгийн хамгийн хүчтэй баг. Гэсэн хэдий ч Англичууд Тунис, Панамын багуудыг буулган авч хэсгээс шалгарах боломжтой. Хэсгээс аль ч байраар гарсан бусад хэсгийн багуудыг бодвол харьцангуй боломжийн багуудтай таарах хуваарьтай. Тэд Бельгийг дагаж хоёроор гарна гэж үзвэл Колумтай таарах магадлал өндөр. Хэрвээ тэднйиг буулгаж авч чадвал шөвгийн наймд Германтай таарах магадлалтай байна. Ямартай ч шөвгийн 8 хүрэх зам тийм ч хүнд биш. Тиймээс бүх зүйл шөвгийн 8 хүртэл өөрсдөөс нь шалтаалахаар байна.

Английн шигшээ баг ямар амжилт үзүүлэх бол?

Vote to see the results
31% - 147 votes
32% - 42 votes
31% - 253 votes
31% - 95 votes
31% - 18 votes