ДАШТ

Испани: Ялагдашгүй Армада эргэн ирж байна

Багийн ахлагч: Серхио Рамос
Ерөнхий дасгалжуулагч: Хулен Лопетеги
Хоч: Ялагдашгүй Армада, Улаан хилэн, Улаанууд
FIFA-ын чансаа: 3
Дундаж нас: 28
Дундаж өндөр: 179.5 см
Хэсэгт цуг багтсан багууд: Португал, Морокко, Иран
Түүхэн дэх хамгийн том хожил: Испани 13:0 Болгар /1933 он/
Түүхэн дэх хамгийн том хожигдол: Испани 1:7 Итали /1928 он/
Бүх цаг үеийн мэргэн бууч: Давид Вилъя /59 гоол/
Хамгийн олон тоглолтонд оролцсон: Икэр Касилъяс /167 тоглолт/
Дэлхийн аваргад оролцсон: 10 удаа
Дэлхийн аваргын дээд амжилт: 1 удаагийн аварга /2010 он/

2008, 2010, 2012 онуудад хоёр удаа тивдээ аваргалж, нэг удаа дэлхийд аваргалсан Испанийн шигшээ баг түүхэн дэх хамгийн оргил амжилтдаа хүрээд байлаа. Тэднийг буулган авах баг тус 6 жилийн хугацаанд гарч ирээгүй нь тэднийг ямар хүчирхэг байсныг илтгэнэ. Ялагдашгүй Армада гэх нэр нь тэдэнд тухайн үед төгс зохицож байсан юм. Гэвч 2014, 2016 оны евро болон дэлхийн аваргад төсөөлөмгүй муу тоглолтыг үзүүлж 6 жилийн ноёрхол нь түр зогссон билээ. 2010 оны дэлхийн аваргад Испаничууд баярлан цэнгэлдэж, Нидерландчууд нулимстайгаар мөнгөн медалийг хүртээд гэр гэрийн зүг явж байсан бол 2014 онд нэг хэсэгт таарч Нидерланд 5-1-ээр хариугаа заналтайгаар авна гэж тийм ч олон хүн төсөөлөөгүй биз ээ. Амжилтын хувьд сүүлийн хоёр тэмцээнд ийнхүү бүтэлгүйтээд байгаа ч тухайн үеийн багийн сууриас хэд хэдэн тоглогч хадгалагдаж, шинэ залуу одуудад түрэн гарсаар байна. Тэр ч утгаараа Испанийн шигшээ баг энэ тэмцээнд хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр ноёрхлоо эргүүлэн авахаар дайралт хийхэд бэлэн болоод байгаа.

Ван Пэрсигийн Испанийн хаалганд хийсэн гайхалтай гоол дэлхийн аваргын торгон мөчүүдийн нэг болж үлдсэн. (Photo by Ryan Pierse – FIFA/FIFA via Getty Images)

Тэд 2016 оны европийн аваргад Италийн шигшээ багт 2:0 харьцаатайгаар хожигдсоноос хойш ялагдал амсаагүй байна. Тус тоглолтонд хожигдсоны дараа Висэнтэ Дэл Боск ажлаа өгч, Испанийн залуучуудын багийг дасгалжуулж байсан Хулен Лопетеги ажлыг нь авсан. Урьдчилсан шатанд Италийг эс тооцвол 4 сул багтай нэг хэсэгт багтсан бөгөөд асуудалгүйгээр хэсгээ тэргүүлсэн.

Давуу тал

2008-2012 онуудад ноёрхож байх үеийн Испанийн хэв маягийг Хулен Лопетеги эргүүлэн авчирахаар оролдож буй. Гайхалтай бөмбөг эзэмшилт, бөмбөгөө алдсаны дараа маш хурдтай идэвхтэй хийх прессинг. Энэхүү тоглолтыг Лопетеги эргүүлэн авчирч байгаа нь урьдчилсан шатны болон нөхөрсөг тоглолтууд дээр харагдсан. 2016 оны европийн аварга дээр Испанийн хагас хамгаалалтын амин сүнс Шавигүйгээр анхны тэмцээндээ оролцсон билээ. Тэр нь Испанийн довтолгооны хэв маяг тун бүтэл муутай болсны шалтгаан болсон гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл түүнээс хойш Лопетеги Шавигүйгээр дахин тики така маягийн хөлбөмбөгийг Испанийн шигшээд авчирахаар оролдож буй. 2016 онд Нолито гэсэн жигүүрийн гоцлон сайтай тамирчныг ашиглаж, өмнө жилүүдээд байгаагүй өндөр довтлогчид болох Мората, Адирус нарыг туршиж байлаа. Иймэрхүү байдлаар Дэл Боск Испанийн шинэ довтолгооны хэв маягийг үүсгэх гэж үзсэн ч амжилтыг эс олсон юм.

Давид Силва 3 дахь ДАШТ-даа оролцох гэж байна. (Photo by Tullio Puglia – UEFA/UEFA via Getty Images)

Энэ жил өмнөх том тэмцээнүүдэд тоглож байсан Сэрхио Бүскэтс, Андрэс Иньэста, Давид Силва гэсэн тамирчид мөн л гарч тоглох бөгөөд тэд шигшээ багийнхаа давуу тал, хожлын түлхүүр нь байх учиртай. Испанийн баг жилээс жилд залуучуудаар бага багаар сэлбэгдсээр байгаа ч эдгээр тоглогчдын туршлага (дэлхийн аваргад түрүүлсэн, дэлхийн аваргад бүтэлгүйтсэн) маш их хэрэг болох нь ойлгомжтой.

 

Сул тал

Испанийн шигшээ баг Давид Вилъягаас хойш довтлогчоор дутагдаж байна. Диэго Коста, Алваро Мората зэрэг шилдэг довтлогчид гарч ирсэн хэдий ч одоо болтол шигшээдээ үр дүнгээ өгөөгүй байна. Диэго Коста 2 жил өндөр хэмжээнд тоглосон ч 2014 оны дэлхийн аварга дээр тааруу тоглож, 2016 оны евро дээр шигшээдээ ч дуудагдаагүй. Мората 2016 оны довтолгооны найдвар гэгдэж байсан ч мөн л урам хугалсан. Энэ жилийн тухайд клүбийн хэмжээнд аль аль нь хэцүүхэн улирлыг үдсэн. Диэго Коста улирлын талд нь тоглоогүй бол Алваро Мората шигшээдээ ч дуудагдсангүй.

Диэго Костад шигшээ баг нь дахин нэг том боломжийг өгч байна (Photo by Anthony Dibon/Icon Sport )

Шигшээд дуудагдсан довтлогчдоос Иаго Аспас, Родриго нар ла лигт аль аль нь маш сайн тоглолтыг үзүүлсэн. Хоёр довтлогчийн гоолыг нийлүүлвэл энэ улиралд 38 хүрнэ. Гэхдээ тэд Лопетегигийн тэргүүн сонголт байх магадлал тун бага учир клүбийн энэхүү сайн тоглолт Испанийн шигшээ багт нөлөө үзүүлж чадахгүй нь. Тэднийг гараанд гаргалаа ч Испани шиг өндөр зэрэглэлийн багийн хувьд тун эрсдэлтэй шийдвэр болох нь ойлгомжтой.

 

Багийн бүрэлдэхүүн

Алваро Мората, Мата, Фабрэгас, Пэдро нар дэлхийн аваргад оролцох боломжтой байсан ч дасгалжуулагчийн шийдвэрээр шигшээд багтаж чадсангүй. 2016 оны европийн аварга дээр Мората, Фабрэгас нар гараанд гарч Пэдро сэлгээнээс тоглолтонд оролцож байлаа.

Реал Мадридын хамтаар өндөр амжилтыг үзүүлж буй Даниэл Карвахал энэ жил анх удаагаа шигшээ багийнхаа хамтаар том тэмцээнд оролцож гараанд гарах гэж байна.

Лопетеги дасгалжуулагч Кокэ, Тиаго нарын хэнийг нь сонгохоос их зүйл шалтгаалах буйзаа (Photo by Maja Hitij/Bongarts/Getty Images)

Хагас хамгаалалтын төв Сэрхио Бүскэтс, Кокэ, Тиаго Алкантара гэсэн сонголтууд бий. Гурван тоглогчийг ээлжлэн ашиглаж буй хэдий ч Сэрхио Бүскэтс гараанд гарах нь ойлгомжтой. Кокэ, Тиаго хоёрын хэн нь ч гарах боломжтой боловч Кокэ сонгогдох магадлал өндөр байна. Тиаго Байерны төвийг шугаманд тоглож буй хэдий ч энэ улиралд ердөө 12 тоглолтыг гараанаас хийжээ. Харин Кокэ Атлэтико Мадридын гараанд 6 улирал дараалан бүтэн оролцсон бөгөөд формын хувьд ч тун жигд байгаа.

Тэдний урд Давид Силва, Андрэс Иньэста, Иско нар тоглоно. Бүгд клүбтээ тун сайн тоглолтыг үзүүлж буй тоглогчид учраас довтолгоог маш сайн зохион байгуулах хүлээлттэйгээр энэ тэмцээнд оролцоно. Тэдэн дээр Реал Мадридын залуу одууд болох Сэрхио Асенсио, Лукас Вазкэз нар нэмэгдэнэ. Сэрхио Асенсио формын хувьд шигшээдээ их минутыг талбайд гарах бүрэн боломжтой хэдий ч дэлхийн аварга шиг том тэмцээн дээр гарааны бүрэлдэхүүнд гарахгүй болов уу. Тиймээс эдгээр хоёр тоглогч Испанийн нөөцний хамгийн гол тоглогчид байх нь гарцаагүй. Тоглолтын хэмнэлийг өөрчлөх, жигүүрээс зоригтой тоглолтыг үзүүлэх тоглогчид нь Асенсио, Вазкэз нар байна. Ялангуяа Сэрхио Асенсиог тоглолт бүр дээр ашиглах нь гарцаагүй биз ээ.

Төвийн довтлогчоор Диэго Коста хоёр дахь дэлхийн аваргадаа гараанд гарч тоглох юм. Түүний сэлгээнд форм сайтай байгаа Родриго, Аспас нар бий.

Онцлох статистик

Харах ёстой тоглогч

2006 оны дэлхийн аваргаас хойш том тэмцээнд тасралтгүй тоглож буй Андрэс Иньэста энэ жил сүүлчийн дэлхийн аваргадаа оролцох гэж байна. 2008-2012 оны ноёрхлын бүрэлдэхүүний гол хүмүүсээс хадгалагдаад буй довтолгооны цорын ганц тамирчин гэхэд хэслдэхгүй. Давид Силва оролцоотой байсан ч Андрэс Иньэстагийн үр нөлөөтэй харьцуулахад бэрх билээ. Тиймээс хоёр том тэмцээнд дараалан таарухан оролцоод буй Испанид Иньэста шиг лидэр, Иньэста шиг довтолгоог зохион байгуулагч юу юунаас илүү чухал байх нь тодорхой. Тиймээс Иньэстагийн тоглолтын чанараас Испанийн залуучуудын тоглолт хэр сайн болох нь шалтгаалах магадлалтай.

Андрэс Иньэста энэ зун Барселонаг орхиж Японыг зорьсон билээ (Photo by Matthias Hangst/Bongarts/Getty Images)

Таамаглал

Испанийн шигшээ баг тивийнхээ хүчирхэг багуудын нэг болох Португалтай нэг хэсэгт орсон. 2016 оны тивийн аварга баг хэцүү өрсөлдөгч байх нь тодорхой ч Испаничууд хэсгээ тэргүүлэх магадлалын хувьд өндөр байгаа. Үлдсэн хоёр өрсөлдөгч нь Иран, Морокко гэсэн сул багууд байгаа учир 2014 оных шиг үйл явдлыг харах магадлал тун бага юм. Ямартай ч хэсгийн аль ч байраар шалгарсан A хэсэг буюу дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн сул хэсэг гэгдэж буй хэсгээс шалгарсан багуудтай тоглох тул шөвгийн 16-гийн аюул бага. Тэгэхээр наанадаж Испанийн шигшээ багаас шөвгийн 8 гэсэн хүлээлтийг хүлээж болно. Хэрвээ магадлалын дагуу хэсгээ тэргүүлж чадвал тэд шөвгийн 8-д Аргентинтай таарах магадлалтай.