ДАШТ

Португал: Роналдуд ганц цом дутуу

(Photo by Joao Henriques/Anadolu Agency/Getty Images)
Багийн ахлагч: Криштиану Роналду
Ерөнхий дасгалжуулагч: Фернанду Сантош
ФИФА чансаа: 4
Бүх цаг үеийн мэргэн бууч: Криштиану Роналду
Хамгийн олон тоглолтонд оролцсон: Криштиану Роналду
Багийн дундаж өндөр: 180.5 см
Багийн дундаж нас: 27.7 нас
Дэлхийн аваргад оролцсон удаа: 6 удаа
Дэлхийн аваргын дээд амжилт: 1966 онд 3-р байр

“Ганц хүн дэлхийн аварга болж чадах уу?” энэ асуулт Криштиану Роналдуг үргэлж дагасаар иржээ. Маргаангүйгээр ийм зүйл түүхэнд ганцхан удаа тохиож, 1986 онд Диего Марадона дундаж бүрэлдэхүүнтэй Аргентинийг манлайлан ялалт байгуулж байлаа. Лионел Мессигийн удирдсан 2014 оны Аргентин дан ганц тоглогчоос хамааралтай гэдэг статусаасаа салж чадсан ч финалд Герман машинуудад ялагдаж дэлхийн аварга болж чадаагүй. Гэхдээ энэ баг илүү хүчирхэг бас туршлагатай болоод дэлхийн аваргыг зорьж байна. Харин Португалчууд хэрхэн өсч дэвшиж, боловсорсон болохоо, ямархуу нөөц бололцоо, чадамжтай баг гэдгээ 2016 онд Европын дэвжээн дээр батлан харуулсан билээ. Эргэлзээгүйгээр, арвин туршлагатай хамгаалалтын шугам, чадварлаг хагас хамгаалалт нь К.Роналдуг ганцаардуулалгүйгээр, хангалттай “хань” болж чадах хэмжээнд хүрсэн. Одоогийн бүрэлдэхүүнийг Португалын шигшээ багийн алтан үе гэгддэг 2004 онд Европт, 2006 онд дэлхийд “цойлж” явсан бүрэлдэхүүнтэй харьцуулан ярих болсон нь ч үүнийг батлах мэт.

Ердөө хоёрхон жилийн өмнө Европын аваргаар шалгарсан Португалын шигшээ багийн өмнө өндөр хүлээлт үүсээд байна. Урьдчилсан шатанд 10 тоглолтын 9-д нь ялалт байгуулсан тэд төгс гэмээр тоглолтуудыг хийсээр Орос зорих тийзээ захиалсан юм. Багийн ахлагч, лидер, түлхүүр тоглогч Криштиану Роналду эдгээрийн 9 тоглолтонд оролцохдоо 15 гоол оруулсан бахдам үзүүлэлттэй.

Португалын шигшээ баг Европын аваргад оролцсон бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлтийг хийжээ. Залуу одод Андре Гомеш, Ренато Санчез нар шигшээ багтаа дуудагдаж чадаагүй бол бидний эртний танил Нани болон 2016 оны финалын баатар Эдер нар мөн л ДАШТ-ийг телевизээр үзэх болжээ. Гэхдээ эдгээр тоглогчдыг орлох “шижигнэсэн” залуучууд шигшээдээ дуудагдсан бөгөөд энэ багаас цахиур хагалах, ДАШТ-ийг шуугиулах залуу тоглогч төрөн гарахыг ч үгүйсгэж үл болно.

ДАВУУ ТАЛ

(Photo by Nolwenn Le Gouic/Icon Sport) (Photo by Nolwenn Le Gouic/Icon Sport via Getty Images)

Криштиану Роналду – Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг тэдний бүрэлдэхүүнд байгаа нь хамгийн том давуу тал. К.Роналду өнгөрсөн 2 жил дараалан дэлхийн шилдэг тоглогчоор шалгарсан бол энэ жил ч мөн дахин шалгарах магадлал өндөр байна. Клубын түвшинд итгэмээргүй тоглолтуудаа үзүүлсээр байгаа тэрээр шигшээ багийн түвшинд ч гайхалтай байж, урьдчилсан шатанд гоолын бороо оруулсан. #OleOleRonaldo

Фернанду Сантушийн тактик – Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туршлагатай тэрээр энэ удаад Гректэй биш, хавь илүү хүчирхэг Португалын хамтаар өрсөлдөнө. Шигшээ багийг удирдсанаас хойш нийт тоглолтынхоо 64 хувьд нь ялалт байгуулсан түүний бий болгосон хамгаалалтанд суурилсан тоглолт, хурдтай сөрөг довтолгоонууд нь шигшээ багийн амин сүнс. #HailTheKing

Сэтгэл зүй – Европын аваргад хожигдолгүйгээр түрүүлсэн явдал нь тэдний том тэмцээний туршлага болон багтаа итгэх итгэлийг нэмэгдүүлсэн нь дамжиггүй. Талбай дээрх “төрөлхийн тэмцэгч” сэтгэл зүйг бид үе үеийн Португалын шигшээ багаас харсан. Тэгвэл одоогийн шигшээ баг нь ч тэр сэтгэл зүйгээрээ тоглох биз ээ. #TeamSpirit

СУЛ ТАЛ

(Photo by Simon Hofmann – UEFA/UEFA via Getty Images)

Хөгшин бас удаан хамгаалалт – Португалын шигшээ багийн хамгийн том сул тал бол хамгаалалтын шугам юм. “Хөгшин бас удаан” гэх шүүмжлэлийг зүүсэн уг шугамыг 35 настай Пепе толгойлох бол түүний хажууд 36 настай БрунуАлвеш эсвэл 34 настай Жозе Фонте нарын хэн нэгэн нь тоглоно. Нэмж хэлэхэд, сүүлийн 4 жилд багийн аль ч тоглогчоос 2 дахин их гоолын дамжуулалт өгсөн Рикарду Куарежма 34 настай. Түүнийг дасгалжуулагч сэлгээнээс тоглуулах болсон. #JustANumber

Хүлээлт – Европын аваргуудын өмнө өндөр хүлээлт, үүнийгээ дагаад дарамт тулгараад байна. Евро-2016-д тэднийг түрүүлнэ гэж хэн ч таамаглаагүй бол харин одоо тэднийг хэн ч дутуу үнэлэхгүй биз ээ. Тиймээс тэд илүү хичээж, илүү сайн тоглох хэрэгтэй. #Expectation

МАГАДЛАЛТ ГАРАА

Дасгалжуулагч Фернанду Сантуш бол маргаангүйгээр Португалын шигшээ багийг удирдсан хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг. Грекийн шигшээ багийг Европын аваргад шилдэг 8-д, дэлхийн аваргад шилдэг 16-д үлдээсэн гайхам амжилттай энэ эрхэм дасгалжуулагчын ажлаа авсанаас хойш Португалын шигшээ багийг үнэхээр “чанга” буюу буулган авахад хэцүү баг болгон хувиргасан. Тэдний 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний гол сюрприз нь Ф.Сантушийн боловсруулсан тактик, хамгаалалтанд суурилсан тоглолт байлаа.

ХАРАХ ЁСТОЙ ТОГЛОГЧИД

Андре Силва -  Португалын дараагийн супер од гэгддэг тэрээр шигшээ багийнхаа төдийгүй  энэ дэлхийн аваргын онцлох залуу тоглогчдын нэгээр нэрлэгдэж байна. Портуд тоглож байхдаа 50 тоглолтонд 24 гоол оруулсан түүнийг Европын томчууд булаацалдаж, АС Милан ялагчаар тодорч байлаа. Тэрээр шигшээ багтаа 22 тоглолтонд оролцохдоо 12 гоол оруулсан бөгөөд ДАШТ-ий урьдчилсан шатанд 9 гоол оруулсан юм. А.Силва Португалын шигшээ багийн гарааны довтлогчоор тоглох өндөр магадлалтай. #NextGeneration

Гонсалу Гуэдеш – 21 настай жигүүрийн довтлогч нь ПСЖ клубт бүртгэлтэй бөгөөд Неймар, Мбаппе нарын дэргэд тоглох боломж түүнд төдийлөн олдохгүй. Тиймээс өнгөрсөн улирлыг Валенсиа клубт зээлээр тоглон өнгөрүүлж, 30 гаруй тоглолтонд оролцжээ. Итгэмээргүй хурдан Гуэдеш жигүүрт маш чадварлаг тоглохоос гадна төв рүү шахсан тоглолтууд нь өөрт нь төдийгүй багийн хамтрагчдад довтолгооны олон боломжийг үүсгэдэг. Түүнд супер од тоглогч болох бүх нөөц бололцоо бий. #MayTheForceBeWithYou

ТААМАГЛАЛ

Португалын шигшээ багийн хувьд Испани, Морокко, Ираны шигшээ багтай нэг хэсэгт орсон. Тэд эхний тоглолтоо Испанийн шигшээ багтай хийх бөгөөд энэ тоглолтоор хэсгийг хэн тэргүүлэх нь шийдэгдэх учиртай. Португалчууд Испанийн шигшээ багийг ДАШТ-д огт хожиж үзэж байгаагүй ба энэ хар цувралыг зогсоох, мөн шөвгийн 16-д харьцангуй сул өрсөлдөгчтэй таарах гээд өндөр ач холбогдолтой тоглолт юм. Тэд хэсгийн нэгдүгээр байраар шалгарч чадвал шөвгийн 8-д Роналду vs Месси хэмээх тулаан явагдах өндөр магадлалтай. Португалын шигшээ баг 1966, 2006 онуудад хагас шигшээд шалгарч байсан бөгөөд тэр дундаа 2004 оны ЕВРО-д мөнгөн медаль хүртсэнийхээ дараа ДАШТ-д өндөр амжилт гаргаж байсныг мартаж болохгүй. Бид Португалын шигшээ багийг хагас шигшээд шалгарна гэж таамаглаж байна.