ДАШТ

Бельги – Панам: Хүчний тэнцвэргүй тулаан

( Photo by Nico Vereecken / Photonews via Getty Images)

Өмнөх дэлхийн аваргад шөвгийн наймын шатанд Аргентинчуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байсан Бельгичүүд дараагийн дайралтаа ОХУ-д хийх гэж байна. Харин Панамчууд дэлхийн аваргын түүхэн дэх анхны тоглолтоо хийнэ. Тоглолтын гол фаворитоор мэдээж хүчирхэг бүрэлдэхүүнтэй Бельгийн шигшээ баг нэрлэгдэж байгаа.

Бельгийн шигшээ багийн хамгаалагч Томас Вэрмалэн, Винсэнт Компани нар бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжинө. Селтикийн Дедирк Бояата арын гурван хамгаалагчийн байрлал дээр Ян Вэртонгэн, Тоби Алдэрвэйрэлд нартай хамт гарах магадлал өндөртэй байна.

Бельгичүүд хожлын сэтгэлзүйгүй хэмээн шүүмжлүүлж байгаа( Photo by Jimmy Bolcina / Photonews via Getty Images)

Панамын довтолгооны гол тоглогч Алберто Кинтеро өнгөрсөн долоо хоногт бэртэл авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон. Харин хамгаалалтын бүрэлдэхүүний гол тоглогчдын нэг Роман Торрес гуяны арын шөрмөсний бэртлийн дараачаар багтайгаа эргэн нэгдээд байгаа.

Анх удаагаа дэлхийн аваргад оролцож буй Исландын шигшээ баг нээлтийн тоглолтоо дэлхийн хоёр удаагийн аварга Аргентинтай хийж тэнцээ авсан. Харин Панамчууд мөн л Бельгээс ядаж нэг оноо зулгаах нь сайн үр дүн байх болно.

Хамгаалагч Роман Торрэс урьдчилсан шатанд багаасаа хамгийн их гоолыг оруулсан (Photo by Omar Vega/LatinContent/Getty Images)

Бельгичүүд урьдчилсан шатанд дээд амжилт тогтоож нийт 43 гоолыг оруулсан бөгөөд үүний 11-ийг нь Ромелу Лукаку оруулсан. Харин Панамчууд урьдчилсан шатанд 10 тоглолт хийж ердөө 3 хожил байгуулсан. Лукаку 11 гоолыг урьдчилсан шатанд оруулсан нь Панамын урьдчилсан шатанд багаараа хийснээс илүү байгаа юм. Панамчууд урьдчилсан шатын туршид 10 гоолыг оруулсан.

Статистик

  • Энэхүү тоглолт хоёр багийн хоорондох анхны тоглолт
  • Бельги дэлхийн аваргад хэсэгтээ хийсэн сүүлийн 9 тоглолтонд хожигдоогүй. 4 хожиж 5 тэнцсэн. Сүүлийн дөрөвд нь дараалан ялсан.
  • Бельги дэлхийн аваргын нээлтийн тоглолтонд ердөө ганц хожигдож 5 хожиж, 3 тэнцэж байсан. Тэд 1986 оны дэлхийн аваргад Мексикд нээлтийн тоглолтондоо ялагдаж байжээ.
  • Улаан чөтгөрүүдийн дэлхийн аваргад оруулсан сүүлийн 8 гоол 70 дахь минутаас хойш орсон
  • Бельгичүүд европийн урьдчилсан шатанд ялагдал хүлээгээгүй 4 багийн нэг. Герман, Англи, Испани, Бельги
  • Габриэл Торрэс, Роман Торрэс нар Панамын урьдчилсан шатны мэргэн буучид бөгөөд ердөө 2 гоолыг оруулсан.
  • Панам гоолын зөрүүгээр -1 гэсэн үзүүлэлттэйгээр Оросд ирсэн. Урьдчилсан шатын 10 тоглолтынхоо 3-д нь хожигдсон.
  • Панамын шигшээ багийн дундаж нас 28,9. Ахмадаасаа 5-р байранд жагсаж байна.