ДАШТ

Мэсси сэтгэлээр унаснаа нуусангүй

(Photo by David Ramos – FIFA/FIFA via Getty Images)

Лионэл Мэсси Исландын эсрэг торгуулийн цохилт алдаж хожих боломжоо алдсаны дараа сэтгэлээр унасан гэдгээ хуваалцлаа. 30 настай Аргентины ахлагч Мэсси тоглолтын тоо 1-1 байхад торгуулийн цохилт цохих эрхтэй болсон боловч Исландын хаалгач Ханнэс Халлдорссон цохилтыг хаасан юм. Улмаар тоглолтонд дахин гоол оролгүй 1:1-ээр өндөрлөсөн билээ.

Аргентинаас өмнө Португалчууд Испанитай 3:3-аар тэнцэхэд Роналду хэттрик хийснээр дэлхий нийтийн анхаарал Мэсси дээр төвлөрсөн гэхэд болно. Гэвч Мэсси дэлхийн аваргад анх удаагаа оролцож буй Исландын эсрэг 11 удаа хаалганд цохисон ч нэг гоол оруулж чадаагүй юм.

“Тэрхүү цохилт тоглолтыг өөрчилж болох байсан. Бидэнд олдсон давуу тал байсан. Үнэнийг хэлэхэд 11 метрийн торгуулийн цохилт алдсанаар би сэтгэлээр унасан. Бид талбай дээр илүү тоглож чадсан ч 3 оноо авч чадаагүйд харамсаж байна. Гэхдээ одоо Хорваттай хийх тоглолтыг бодож эхлэх хэрэгтэй. Хожиж эхлэх нь маш чухал шүү дээ.” хэмээн Лионэл Мэсси ярилцлага өгчээ.

Мэссигийн ярьж буйгаар эсрэг баг нь дэндүү хаалттай тоглосон бөгөөд “тэд тоглохыг хүсээгүй” хэмээн тодотгон хэлсэн байна.