Дэлхийн хөлбөмбөг

Боруссиа Дортмунд Ливерпүүлийг буулган авлаа

Ливерпүүл 1:3 Боруссиа Дортмунд (Photo by Andrew Powell/Liverpool FC via Getty Images)

Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын аваргуудын цом тэмцээний ээлжит тоглолт Ливерпүүл болон Боруссиа Дортмунд багуудын хооронд явагдаж Боруссиа Дортмунд ялалт байгууллаа. АНУ-д болдог тус тэмцээнд дэлхийн том багууд очиж өрсөлддөг бөгөөд шинэ улирлынхаа халаалт болгож оролцдог. Тэр ч утгаараа ихэнх том багууд багийн гол тоглогчдоо бүрэлдэхүүн багтаадаггүй. Энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй байсан тул дэлхийн аваргад оролцсон ихэнх тамирчид энэ тэмцээнийг өнжиж буй. Энэхүү тоглолт Ливерпүүлийн хувьд ICC тэмцээний анхны тоглолт нь байсан бол Боруссиа Дортмундын хоёр дахь тоглолт байлаа. Боруссиа Дортмунд эхний тоглолтондоо Манчестер Ситиг 1:0 харьцаатайгаар буулган авсан билээ.

Боруссиа Дортмунд, Ливерпүүл багуудын тоглолтын эхний гоолыг Ливерпүүл багийн гарааны хамгаалагч Ван Диек мөргөж оруулсан. Эхний хагасыг тэргүүлж дуусгасан улаанууд хоёрдугаар хагаст тун тааруу тоглолтыг харуулж 3 гоолыг алдсанаар энэ тоглолтонд Германы Боруссиа Дортмунд 3-1 харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Боруссиа Дормтундаас сэлгээгээр орж ирсэн Пулисич хоёр гоолыг оруулсан бол тоглолтын эцсийн гоолыг Яакуб Ларсен шүүгчийн мэдлийн цагт оруулжээ.

Ливерпүүлийн шинэ тоглогчдын ээлжит тоглолт

Ливерпүүлийн энэ зуны наймаанууд болох Фабиньо өчигдөр гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон байна. Өөр нэг тоглогч болох Наби Кэйта тоглолтын 46 дахь минутанд сэлгээгээр орж тоглолтонд оролцсон. Хоёр тоглогчийн хувьд Ливерпүүлд ирсэнээсээ хойш хэд хэдэн нөхөрсөг тоглолтонд оролцсон билээ. Энэхүү тэмцээнд сэлгээ хийх хязгаар байдаггүй тул хоёр баг үеийн завсарлагаанаар нийт 17 сэлгээг оруулжээ.

Наби Кэйта Ливерпүүлийн төлөө ээлжит тоглолтоо хийлээ (Photo by Andrew Powell/Liverpool FC via Getty Images)

Боруссиа Дортмунд багаас энэ тэмцээнд Марко Роис, Марио Гөтцэ, Нури Шахин зэрэг шилдэг тоглогчид нь оролцож байгаа. Гэвч Марко Роисыг одоогоор нэг ч минут тоглуулаагүй байна. Харин Ливерпүүлээс Ван Диек, Эндрю Робэртсон, Жэймс Милнэр зэрэг гарааны тоглогчид нь оролцож байгаа. Энэ зуны хамгийн том наймаануудын нэг Алиссон энэ тоглолтонд хараахан оролцож амжаагүй. Түүний хувьд 63 сая фунтээр Ромагаас худалдагдаж дэлхийн бүх цаг үеийн хамгийн үнэтэй хаалгач болсон билээ.

Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд хоёр том алдааг гаргаж багаа хожигдоход нөлөөг үзүүлсэн хаалгач Лориус Кариус энэ тоглолтонд гараанд гарч тоглосон. Гэсэн хэдий ч тэрбээр дахин нэгэн бүдүүлэг алдааг гаргаж Боруссиа Дортмунд багийн 3 дахь гоолд нөлөөг үзүүлсэн.

Багууд энэ тэмцээнд тус бүр 3 тоглолтыг хийх бөгөөд Ливерпүүл үлдсэн хоёр тоглолтоо Манчестер Сити болон Манчестер Юнайтэд багуудын эсрэг тус тус хийнэ.