Албан ёсны

Алиссон Ливерпүүлийн тоглогч боллоо

Алиссон дэлхийн хамгийн үнэтэй хаалгач боллоо (Photo by Andrew Powell/Liverpool FC via Getty Images)

Энэ зуны хамгийн хүлээлттэй наймаануудын нэг болоод байсан Алиссон Бекерийн наймаа албан ёсоор хийгдэж Ливерпүүлийн тоглогч боллоо. Ромагийн Бразил хаалгач Алиссонг Английн Ливерпүүл клүб 66 сая фунтээр өөрсдийн болгосон байна. Тэрбээр Ромад хоёр жилийг өнгөрүүлсэн бөгөөд өмнөх улиралд багийнхаа хамтаар аваргуудын лигийн хагас шигшээ хүртэл явсан билээ. Тус амжилтанд Алиссоны нөлөө үлэмж их байсан юм. Улмаар сайн тоглолтынхоо ачаар Манчэстэр Ситигийн хаалгач Эдэрсонг дарж дэлхийн аваргад Бразилын гарааны хаалгачаар тоглосон.

‘Энэхүү багт энэхүү гэр бүлд нэгдсэн нь миний хувьд амьдралдаа болон карьертаа хийсэн хамгийн том алхмуудын нэг байлаа’ хэмээн энэ жил 25 настай Алиссон Ливерпүүлд нэгдсэнийхээ дараа ярьжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй хаалгач

Алиссон 66 сая фунт буюу 72 сая еврогоор Ливерпүүлийг зорьсон нь хөлбөмбөгийн түүхэнд хаалгачийн төлөө төлсөн хамгийн өндөр үнэ болж байна. Ийнхүү Алиссон Бекер албан ёсоор түүхэн дэх хамгийн үнэтэй хаалгач болж байгаа юм.

‘Сүүлийн хэдэн долоо хоногт бидэнд дэлхийн шилдэг хаалгачийг эгнээндээ нэгтгэх боломж гарч ирсэн. Багийн эздүүд их сэтгэл догдлон хүлээж байлаа. Эцэст нь бид энэ наймааг хийж чадлаа. Түүний үнийг төдийлөн чухалчлан авч үзээд хэрэггүй байх. Учир нь тоглогчдын үнэ одоо ийм л өндөр болчихоод байна. Бид түүний үнийн талаар бодохгүйгээр шинэ улирлыг эхлүүлнэ гэж бодож байгаа’ хэмээн Ливерпүүлийн менежер Юргэн Клопп ярилцлага өгчээ.

Өмнө нь дэлхийн хамгийн үнэтэй хаалгачийн цолыг Жанлужжи Буффон эзэмшиж байлаа. Тэрбээр 2001 онд Пармагаас Ювэнтүс рүү 53 сая еврогоор зарагдсан нь өдийг болтол эвдэгдээгүй байсан юм. Харин премьер лигийн түүхэнд хамгийн үнэтэй ирсэн хаалгач бол Манчэстэр Ситигийн Эдэрсон билээ. Тэрбээр 2017 онд Бэнфика багаас 40 сая еврогоор ирж байлаа.

2001 онд Буффон Пармаагаас 53 сая еврогоор зарагдаж байсан нь Алиссоны наймаа хүртэл эвдэгдээгүй байла

Ливерпүүлийн хувьд өнгөрсөн улиралд аваргуудын лигт түрүүлэх боломжтой байсан ч хаалгач Лориус Кариус итгэмээргүй хоёр том алдааг гаргаж багаа хөөдсөн билээ. Юргэн Клопп түүнийг солих бодолгүй гэгдэж байсан ч эцсийн дүнд ийнхүү Алиссонг авч дэлхийн хамгийн үнэтэй хаалгачийн наймааг бодит болголоо.