Дэлхийн хөлбөмбөг

International Champions Cup-2018 тэмцээн эхэллээ

Марио Гёце хожлын гоолыг торгуулийн цохилтоор оруулсан.

7 сарын 21-нд АНУ-ын Чикаго хотын “Солдьер Филд” цэнгэлдэх хүрээлэнд International Champions Cup (ICC) 2018 тэмцээн Боруссиа Дортмунд-Манчестер Сити багуудын тоглолтоор эхэллээ. Улирлын өмнө багууд өөрсдийн тактикийг турших, залуу тоглогчид өөрсдийгөө  нээн харуулах боломжтой нөхөрсөг тэмцээн гэдгээрээ онцлогтой. Тэгвэл энэ жил тус тэмцээн 6 дахь жилээ дараалан зохион байгуулагдаж байгаа юм.

ДОРТМУНД 1-0 МАН СИТИ

Эхний тоглолт Боруссиа Дортмунд болон Английн аварга Манчестер Сити клубуудын хооронд болж, Германы баг өрсөлдөгчөө 1-0 харьцаатай буулган авсан юм. Тоглолтын 28 дахь минутанд ахлагчийн туузтай талбайд гарсан Марио Гёце торгуулийн цохилтоос гоолдсон нь энэ тоглолтын цор ганц гоол байв. Шинэ дасгалжуулагч Лусиен Фавре Жэдон Санчо болон Кристиан Пулисич нар тун сайн тоглосныг тоглолтын дараа хэвлэлийн бага хурал дээр онцолсон юм.

Ситигээс  Рияд Махрез дебут тоглолтондоо гараанд гарсан бөгөөд түүний  хувьд Лестер Ситигээс 60 сая фунтээр аваргуудын эгнээнд нэгдсэн нь Хотынхны түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болсон юм.


БАЙЕРН 3-1 ПСЖ

Харин тэмцээний хоёр дахь тоглолт Австри улсын Клагенфуртад өнгөрсөн улирлын Герман, Францын лигийн аваргуудын хооронд болсон бөгөөд энэ тоглолтонд Байерн Мюнхен 3-1 харьцаатай  хожсон байна. Нико Ковач Байерныг удирдсан эхний тоглолтондоо Францын аваргуудыг ийнхүү буулган авлаа.  Тоглолтын эхний хагасыг  Тимоти Веагийн гоолоор ПСЖ тэргүүлж дуусгасан ч, 60 дахь минутанд Хави Мартинез, 68′ Ренато Санчес, 78 дахь минутанд Жошуа Зиркзи нар Байернаас тус тус гоолдсоноор энэ тоглолт  3-1-ээр өндөрлөсөн байна.

ПСЖ-ий гараанд домогт хаалгач Жианлиужи Буффон гарсан нь тоглолтын бас нэгэн онцлох үйл явдал байв. Түүний  хувьд 66 минут тоглоод,  Реми Дешамаар сэлгэгдсэн юм.

(Photo by Josef Bollwein – Sepa Media/Bongarts/Getty Images)

Тэмцээний дараагийн тоглолт 7 сарын 23-ны шөнө Улаанбаатарын цагаар 04:00 цагаас Ливерпүүл, Боруссиа Дортмунд багуудын хооронд болох хуваарьтай байгаа юм.