Наймаа

Рома Алиссоныг авч үлдэх хүсэлтэй

Ромагийн Бразил хаалгач Алиссон Бекерийн төлөө Ливерпүүл 66 сая фунтыг санал болгоод байгаа билээ. Тэгвэл Рома клүбийн спортын захирал Мончи түүнийг багаасаа явуулах хүсэлгүй байгаа илэрхийллээ. Английн Ливерпүүл баг өнгөрсөн улиралд аваргуудын лигийн финалд Реал Мадридад хожигдоход хаалгач Лориус Кариус нь тун тааруу тоглолтыг үзүүлж багийнхныгаа урмыг хугалсан юм. Тиймээс Ливерпүүл ирэх улиралд ийм байдалд орохгүйн тулд сайн хаалгачийн эрэлд гараад буй. Тэдний гол бай нь Алиссон болоод байгаа бөгөөд энэ санал болгосон 66 саяараа зарагдвал дэлхийн түүхэн дэх хамгийн үнэтэй хаалгач болно.

Рома энэ зун алдарт довтлогч Патрик Клүйвэртийн хүү Жастин Клүйвэртийг багтаа элсүүлсэн. Мөн ПСЖ багаас Хавиэр Пасторэг худалдаж авсан билээ. Ромагийн спортын захирал ийм хоёр том наймааг хийгээд байгаа учраас багийнхаа том тоглогчдыг явуулахыг хүсэхгүй байгаа аж. Алиссон мэтийн том тоглогчдоо авч үлдэх нь хүчтэй багийг босгох зорилготой буй Ромад тус дэм болох учир Мончи түүнийг багтаа үлдээхээр хичээж байна. Тэрбээр хүчтэй баг босгоход Алиссон чухал нөлөөтэйг дурьдаад, хөгжөөн дэмжигчид ч бас түүнийг явуулахыг хэсэхгүй байгааг нэмж хэлсэн байна. Ливерпүүл энэ зун Кэйта, Фабиньо гэсэн хоёр наймааг хийсэн бөгөөд талбайн төвдөө хүч нэмсэн нь энэ билээ. Хэрвээ тэд хаалган дээр дэлхийн шилдэг хаалгачдын нэг гэгдэж буй Алиссонг авбал бүрэлдэхүүн бүр ч хүчтэй болох нь тодохой.