Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ий хэсгийн шатны 2-р тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Энэ хугацаанд хэсгээс гарч тэмцээнийг үргэлжлүүлэх, болон тэмцээнийг орхих багуудын нэрс эхнээсээ тодорхой болж байна. Тэгвэл мэргэжилтнүүд, багийн скаутуудын ажил энэ үед ид өрнөдөг. Учир нь 4 жил тутамд ганцхан удаа зохион байгуулдаг энэ тэмцээнээс авьяаслаг, ур чадвартай тоглогчдыг нээн илрүүлж, багтаа элсүүлэх сайхан боломж байдаг юм.
Харин тэмцээн эхэлснээс хойш Испаний эзэн хааны Реал Мадрид клубын тоглогчид шилдэг тоглолтуудыг өөрсдийн эх орны төлөө үзүүлж байгаа бөгөөд Football Tribe Mongolia дараах тоглогчдыг онцолж байна.
Криштиану Роналду - Португал
Одоогоор Португалийн шигшээ багийн бүх гоолыг Криштиану Роналду оруулаад байна. 2010 оны Дэлхийн аварга, тэмцээний фаворитоор нэрлэгдээд байгаа Испаний багийн хаалганд хет-трик хийж багтаа тэнцээний оноог авчирсан бол, Мароккогийн шигшээ багтай хийсэн тоглолтонд Роналдугийн оруулсан гоолын ачаар баг нь хожил авч чадсан юм. Ийнхүү тэрээр 2 тоглолтонд аль хэдийн 4 гоолыг оруулчхаад байгаа бөгөөд гоолуудаа торгуулийн цохилт, чөлөөт цохилт, булангийн цохилтоос мөргөж гоолдсон гээд өөрийгөө хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч гэдгээ дахин батлан харуулсаар байна. Тэмцээний мэргэн буучийн жагсаалтанд Английн шигшээн Харри Кэйний ард 2-р байранд Ромелу Лукакугийн хамтаар бичигдэж байна.
Тони Кроос - Герман
Нээлтийн тоглолтонд Мексикт 1-0 харьцаатай хожигдоход Германы шигшээ багаараа тун тааруу тоглосон. Харин заавал хожих даалгавартай үлдсэн 2 дахь тоглолтын 95 дахь минутанд чөлөөт цохилтыг Тони Кроос амжилттай болгож, Герман улсыг хасагдах аюулаас аварсан “үндэсний баатар.”
Лука Модрич - Хорват
Ямар ч эргэлзээгүйгээр 2018 оны ДАШТ-д оролцож байгаа Хорватын шигшээ багийн алтан үеийн хамгийн шилдэг тоглогч, багийн ахлагч. Тэмцээний 2 тойргийн дараа 2 гоол оруулсан (1- Нигери, 1-Аргентин) түүний хувьд багийнхаа довтолгоо хамгаалалтын хамгийн чухал хэсэг нь. Златко Даличаар удирдуулсан шигшээ багтайгаа хамт хасагдах шатанд өрсөлдөнө.
Марсело - Бразил
Марсело. Нээлтийн тоглолтонд багийн ахлагчаар талбайд гарсан Бразилын шигшээ багийн зүүн жигүүрийн хамгаалагчийн хувьд эхний 2 тоглолтонд хоёуланд нь ямар ч хийгүй сайн тоглосон. Хамгаалалтанд буцаж, бөмбөг таслахаас гадна довтолгоонд ч мөн адил идэвхтэй байлаа. Зүүн жигүүрийн хамтрагч Неймартайгаа хамт Швейцарь болон Коста Рикагийн шигшээ багийнхны хамгаалалтыг ажилгүй болгож байлаа. Хөндлөн дамжуулалт өгнө, зай гарвал өөрөө цохино гээд Марсело шилдэг тоглолтыг үзүүлж байна.
Кейлор Навас - Коста Рика
Коста Рикагийн баг тэмцээнийг эрт орхихоор болсон ч хаалгач Кейлор Навас тун сайн тоглолтуудыг үзүүлсэн. Сербийн багийн ахлагч Александр Коларовын гайхалтай чөлөөт цохилтыг ямар ч хаалгач хаахад хүндрэлтэй байсан бол Бразилын багтай хийсэн тоглолтонд үндсэн цагийн 90 минутад хаалгандаа гоол алдаагүй, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоол алдсан гээд түүний хувьд тэмцээний турш сайн тоглосон ч хамгаалалтын шугамын гаргасан багахан алдаанаас болж тэмцээнээ дуусгахаар болсон.
Начо Фернандез - Испани
Нээлтийн Португалтай хийсэн тоглолтонд Дани Карвахалыг орлож гараанд гарсан тэрээр маш сайн тоглолтыг үзүүлсэн. Хэдийгээр тоглолт эхлээд удаагүй байхад торгуулийн цохилт хийх эрхийг эсрэг багтаа өгсөн ч, тоглолт 2-2 харьцаатай үргэлжилж байхад багтаа тэргүүлэл авчирсан гайхалтай гоолыг 16-н шугамын гаднаас цохиж оруулсан. Хэсгийн хамгийн чухал тоглолтонд өөрийнхөө алдааг гоолоороо залруулсан Начогийн тоглолтонд үзүүлсэн нөлөө, ур чадварыг онцлохгүй байхын аргагүй.