21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Үзэгчдийг догдлуулсан, гайхашруулсан олон сонирхолтой тоглолтыг явагдсаны эцэст Football Tribe та бүхэндээ энэ тойргийн “ялагч’, “ялагдагч’-ыг онцолж байна. Аваргаа хамгаалагчид Германы ялагдал, Мэссигийн торгуулийн цохилт, Роналдугийн хэттрик, талбайн эздийн ялалт, Исландын түүхэн тэнцээ гээд хөлбөмбөгийн түүхэнд үлдэх гайхалтай мөчүүд эдгээр тоглолтуудад тохиов. Мөн эхний тойрогт анх удаагаа бичлэг ухраах технологийг ашиглан шүүгч шийдвэрээ өөрчилсөн түүхэн үйл явдал болов. Тус технологийг ашиглан хэд хэдэн удаа шүүгч шийдвэрээ өөрчилж торгуулийн цохилтыг заав. Түүхэн дэх хамгийн олон торгуулийн цохилттой дэлхийн аваргаар тодорлоо. Мөн дэлхийн аваргын хамгийн их өөрийн хаалганд оруулсан гоолтой дэлхийн аварга болоход ердөө нэг гоол дутуу байна. Энэ мэтчилэн эхний тойрогт ярианы сэдэв үүсгэх маш олон үйл явдлууд тохиолоо. Тэгвэл ямар тоглогчид дэлхий нийтийг гайхашруулав? ямар багууд хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалав? Хамтдаа сонирхоцгооё.
Ялагч тоглогчид
Криштиану Роналду. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин, сүүлийн таван аваргуудын лигийн дөрөвт нь багаараа түрүүлсэн Криштиану Роналду энэ тойргийн хамгийн шилдэг тоглогч нь байлаа. Португалынхаа хамтаар хүлээлт дүүрэн ирсэн Роналду эхний тойрогт хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч Испанитай тоглож 3:3-аар тэцнсэн.
Тус тоглолтонд ахлагч Роналду багийнхаа бүх гоолыг оруулж хожигдох аюулаас багаа аварсан. Ялангуяа түүний сүүлийн гоол эцсийн мөчид орсон бөгөөд өндөр ур чадвар гарган тоог тэнцүүлсэн юм. Тэрбээр шигшээ багийнхаа хамтаар энэ дэлхийн аваргад түрүүлж чадвал түүхэн дэх хамгийн агуу хөлбөмбөгчин болох боломжтой.
Хэрри Кэйн – Тоттэнхэм багийн довтлогч Кэйн сүүлийн дөрвөн улирал дараалан 20-оос дээш гоолыг премьер лигт оруулаад байгаа. Тэр ч утгаараа англичууд хэр хол замыг туулах нь Кэйний тоглолт, гоол оруулах чадамжаас нь шууд хамаарна. Тэрбээр эхний тойрогт үүнийг баталж Тунисыг 2-1-ээр буулган авахад хоёр гоол оруулсан бөгөөд хоёр дахь гоолоо тоглолтын эцсийн минутанд хаалганд шигтгэсэн юм. Гоолын мэдрэмж, лидер чанар нь түүнийг энэ тойргийн шилдгүүдийн нэг болгож чадлаа. Мөн английн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийнхээ гол найдвар гэдгээ батлан харууллаа.
Ханнэс Халлдорссон – Ердөө 300 мянган хүн амтай Исланд улс түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргад тоглож дэлхийн хоёр удаагийн аварга Аргентинаас тэнцээ салгасан. Дэлхийн таван удаагийн шилдэг Мэссигээр ахлуулсан Аргентинчууд тэмцээнд түрүүлэх магадлалтай багуудын тоонд тооцогдож буй тул энэ тоглолтонд ялах магадлалын хувьд хавьгүй илүү байв. Гэвч Аргентиныг Мэсситэй нь хамт дарж авсан баатар бол Исландын хаалгач Ханээс Халлдорссон байлаа. Тоглолтын туршид сайн хаалтуудаараа багаа аварч байсан Халлдорссон 64 дэх минутанд Мэссигийн цохьсон 11 метрийн торгуулийн цохилтыг хаасан нь энэ тойргийн хамгийн онцлох агшин байсан юм. Саяхан л кино найруулагчийн ажлыг давхар хийдэг байсан Исландын хаалгачийн эсрэг Аргентинчууд 27 цохьсон ч ердөө нэг гоолыг л хийсэн.
Ялагдагч тоглогч
Лионэл Мэсси – Аргентины тоглолтын өмнөх өдөр Португал тоглож Криштиану Роналду хэттрик хийж гялалзсан. Мэссигийн ривал Роналду ийнхүү төгс тоглолтыг үзүүлсний дараа дэлхий нийт Мэссиг ямар хариу барих бол хэмээн хүлээж байлаа. Дэлхий нийтийн анхааралд тоглолтоо хийсэн Мэсси тус тоглолтонд нийт 11 удаа хаалганд цохьсон ч нэг ч гоолыг оруулж чадсангүй.
Мөн тоглолтын харьцаа 1:1 байхад 11 метрийн торгуулийн цохилтыг алдаж багаа хожилд хөтлөх боломжоо алдсан. Энэ утгаараа Мэссигийн хувьд энэ тойрог тун баргар өнгөрөв. Гэхдээ дэлхийн аварга дөнгөж эхэлж байгаа учир Мэссиг нэг тоглолтоор дүгнэх нь өнгөц биз ээ.
Карлос Санчез – Байж болох хамгийн муу эхлэлийг хийсэн тамирчин бол Колумбын Карлос Санчез байлаа. Тоглолтын 3 дахь минутанд улаан гараараа бөмбөгийг хааж эсрэг багтаа торгуулийн цохилт өгөөд зогсохгүй улаан хуудас авч багаа хүн дутуу үлдээсэн юм.Тоглолтын дөнгөж эхлэлд эсрэг багтаа гоол бэлэглэж, багаа хүн дутуу үлдээсэн явдал нь түүнийг сэтгэлзүйн хувьд хүнд байдалд оруулсан талаар тэрбээр өөрөө дурьдсан. Улмаар тус тоглолтонд Колумбчууд 2:1-ээр ялагдал хүлээсэн бөгөөд хожих өндөр магадлалтай тоглолтондоо ийнхүү 3 оноо алдсан нь энэ билээ. Гол буруутан нь Санчез.
Азиз Бухаддуз: 95 минутын туршид тэнцүүхэн өрсөлдсөн Иран болон Мароккогийн шигшээ багуудын тоглолт сүүлийн минутанд Ираны талд шийдэгдсэн. Сэлгээгээр орж ирэн багтаа гоол авчирах зорилготой байсан Мароккогийн довтлогч Азиз Бухаддуз тоглолтын сүүлийн минутанд өөрийнхөө хаалганд гоол оруулсан. Багаараа маш сайн хамгаалж байсан ч ийнхүү багийнхаа 95 минутын хөдөлмөрийг, цаашлаад хэсгээс гарах мөрөөдлийг хэцүү болгосон учраас Бухаддузын хувьд энэ тоглолт хар дарсан зүүд шиг байсан нь тодорхой.
Ялагч баг
ОХУ: Нутаг дээрээ дэлхийн аваргыг зохион байгуулж буй Оросууд нээлтйн тоглолтондоо яах бол гэсэн асуулт дэлхийн нийтийн анхаарал дунд байв. Оросуудад дэлхий нийт бага зэрэг эргэлзэж байсан хэдий ч үүнийг талбайн эзэд үгүйсгэж өрсөлдөгчөө 5:0-ээр бут ниргэсэн. Үр дүнгээс гадна тоглолтын агуулга талаас маш сайн байсан учраас энэ тойргийн хамгийн том “ялагч” яалтачгүй ОХУ байлаа.
Мексик: 2014 оны дэлхийн аварга, энэ тэмцээний гол фаворит алдарт Германы шигшээ багийг нээлтийн тоглолтондоо хожигдоно гэж тийм ч олон хүн төсөөлөгүй болов уу. Сүүлийн дэлхийн аваргуудад дараалан шөвгийн 16-гаас хол замыг туулж чадахгүй байгаа Мексикчүүд энэ дэлхийн аваргад үүнийг өөрчлөх зорилготой ирсэн.
Урьдны дэлхийн аваргын адилаар том багаа дагана хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, шөвгийн 16-д дахин хүчтэй багт хожигдож тэмцээнээ өндөрлүүлдэг журмыг тэд өөрчлөхыг хүссэн. Түүнийнхээ эхний шатыг маш амжилттай хийсэн нь нээлтийн тоглолтондоо Германыг буулган авсан явдал байв. Лозаногийн оруулсан цорын ганц тэднийг хожилд хөтөлсөн бөгөөд Мексик үндэстний хувьд баяр цэнгэлдээ умбасан үдэш байлаа.
Исланд: Нэгдүгээр тойргийн гол баатрууд нь Исланд байв. Хэдийгээр хожил байгуулж чадалгүй тэнцээ авсан ч энэ тэдний хувьд хожлын дайтай нэг оноо байсан юм. Учир нь тэд түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргад оролцож анхны гоол, анхны оноогоо авсан нь энэ байв. Тэд дэлхийн хоёр удаагийн аварга Аргентинаас оноо салгасан учир чанартайгаас чанартай нэг оноо байсан.
Тэд үүгээр зогсохгүй хэсгийн хамгийн хүчтэй багаасаа оноо салгаснаар хэсгээсээ гарах боломжоо нэмэгдүүлсэн. Тоглосон тоглолт бүрдээ шинэ түүхийнг бүтэж буй Исландчууд ердөө 300 мянган хүн амтай улс. Нийт хүн амынх нь 20% ОХУ-д багаа дэмжихээр ирсэн. Хүн ам цөөтэйгээсээ болоод ихэнх хүмүүс нь давхар ажил эрхэлдэг. Багийн дасгалжуулагч нь саяхан л шүдний эмч хийдэг байсан бол хаалгач нь кино найруулагч. Энэ мэтчилэн сонирхолтой түүхүүдээр баялаг улс бол Исланд. Тэд түүхийг бүтээж байна. Энэ тоглолтонд тоглосон Аргентин улсад 300 мянган хөлбөмбөгчин бүртгэлтэй байдаг бол Исландын хүн ам нийлээд 300 мянга гэдгийг дахин сануулъя.
Ялагдагч баг
Герман: 2014 оны дэлхийн аваргууд нээлтийн тоглолтондоо маш муу тоглолтыг үзүүлэв. Мексикийн шигшээ багт 0:1-ээр хожигдсон цомыг хамгаалагчдад шинэчлэл хэрэгтэй байгаа нь анзаарагдав. 2010, 2014 оны дэлхийн аваргад оролцож байсан тоглогчдын цөмөөс бүрдсэн тус бүрэлдэхүүний тоглолт Мексикийн шигшээ багт хэтэрхий ойлгомжтой байлаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Мөн 2014 онд аваргалсан тус шигшээ багийн тамирчид “өлсгөлөн’ бус байна гэж зарим нь үзэж буй. Герман ийнхүү нээлтийн тоглолтондоо хожигдсон явдал тухайн өдрүүдэд дэлхий нийтийн ярианы гол сэдэв болсон.
Аргентин: 27 удаа хаалганд цохилт хийсний дараачаар тэнцээтэйгээр тоглолтыг өндөрүүлсэн Арентинчуудын хувьд эхний тойрог тийм ч таатай байсангүй. Исландтай үр дүн тэнцсэн ч сэтгэлзүйн хувьд хүнд байдалтайгаар тоглолтыг өндөрүүлсэн. Хэвлэлүүд хүртэл Аргентиныг хожигдсон мэтээр бичиж, Мэсси нь торгуулийн цохилт алдаж хожлоо үгүй хийсэн зэрэг хүнд нөхцөл байдлуудыг тэд туулж байна. Мөн хэсгийн гол өрсөлдөгч болох Хорват нь бүтэн оноогоо авсан. Хэрвээ тэд Хорватаас бүтэн оноо авч чадахгүй бол хэсгээс гарах магадлал нь тун хүнд болно. Мөн хэсгийн нэгдүгээр байраар шалгарахгүй бол шөвгийн 16-д хүчирхэг Францын шигшээ багтай тулж магадгүй.