ДАШТ

Швейцар: Таамаг эвдэх улаанууд

Багийн ахлагч: Стефан Лихтштайнер

Ерөнхий дасгалжуулагч: Владимар Петкович

Хоч: Улаан загалмайтнууд

FIFA-ын чансаа: 6

Дундаж нас: 26,6

Дундаж өндөр: 183,5 см

Түүхэн дэх хамгийн том хожил: Швейцар 9:0 Литви (1924 он)

Түүхэн дэх хамгийн том хожигдол: Швейцар 0:9 Англи (1909 он)

Бүх цаг үеийн мэргэн бууч: Александр Фраи (42 гоол)

Хамгийн олон тоглолтонд оролцсон: Хайнц Херманн (118 тоглолт)

Дэлхийн аваргад оролцсон: 10 удаа

Дэлхийн аваргын дээд амжилт: Шөвгийн 8

Хэсэгт цуг багтсан багууд: Бразил, Серб, Коста Рика

 

Дөрөв дэх дэлхийн аваргадаа дараалан оролцох гэж буй Швейцарын шигшээ баг өмнөх дэлхийн аваргын бүрэлдэхүүнээ тэр чигт нь хадгалаад ирж байгаа гэхэд хэлсдэхгүй. 2006 оноос хойш багийн бүрэлдэхүүн залуучуудаар сэлбэгдсээр байгаа нь Швейцарчуудад 2018 оны 5-р сар гэхэд дэлхийн чансааны 6-р байр хүртэл ахих боломжийг өгөөд байна.

Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Португалыг дагаж хоёрдугаар байраар шалгаран Хойд Ирландыг нэмэл тоглолтонд буулган авч эрхээ авсан. Өмнөх дэлхийн аваргад дөнгөж 20 хүрээд байсан Гранит Шака, Жердан Шакири, Иосиф Дрмич, Харис Сеферович зэрэг залуус энэ жил өмнөхөө бодвол туршлага хуримтлуулаад ОХУ-д ирсэн. Энэхүү залуу бүрэлдэхүүний 3 дахь том тэмцээн учир тэд илүү өндөр амжилтыг гаргахыг үгүйсгэхгүй. Багийн бүрэлдэхүүнд мөн Лихтштайнэр, Бехрами, Фернандэс, Журу, Жемаили зэрэг туршлагатай тоглогчид байгаа нь багийн балансыг сайн болгож байгаа.

Давуу тал

Швейцарын хоёр жигүүрийг онцолмоор байна. Баруунд нь Лихтштайнэр, зүүнд нь Рикардо Родригез тоглох бөгөөд аль аль нь довтолгооны дэмжлэг маш сайн. Лихтштайнэр энэ жил 7 дахь улиралдаа Ювентүсийн бүрэлдэхүүнд тоглож байгаа бол Рикардо Родригэз Милан багийн гараанд тоглож байна. Родригэзын солгой хөлийн хөндлөн дамжуулалтууд, довтолгооны дэмжлэг багуудын шүдний өвчин болох нь ойлгомжтой. Түүний хувьд одоо дөнгөж 25 настай хэдий ч аль хэдийн дэлхийн аварга, европийн аваргад аль алинд нь гарааны бүрэлдэхүүнд бүтэн тэмцээний туршид тоглосон. Лихтштайнэр, Родригэз нар аль аль нь гүйлт сайтай тул Швейцар ихэнх довтолгоогоо жигүүрээс зохион байгуулах боломжтой. Лихтштайнэрын оронд мөн Михаэл Ланг гэсэн сонголт бий. Түүний хувьд энэ жил тун сайн улирлыг үдсэн бөгөөд Базэл багийнхаа хамтаар Манчэстэр Юнайтэдыг аваргуудын лигээс хасч, Манчэстэр Ситиг хасагдах шатны эхний тоглолтонд буулган авсан. Тус хоёр тоглолтонд хоёуланд Михаэл Ланг хожлын гоолыг оруулсныг дурьдах нь зүйн хэрэг билээ.

Рикардо Родригэз

Мөн дээр дурьдсанчлан багийн туршлага, ойлголцол Швейцарын хамгийн том давуу тал болох учиртай. Учир нь энэхүү баг 3 дахь том тэмцээнийхээ нүүрийг үзэж байна. Түүнээс өмнө эдгээр залуучууд 2009 оны 17-аас доош насны дэлхийн аваргад түрүүлж байсан. Тэрхүү бүрэлдэхүүний суурь одоог хүртэл явж байгаа нь энэ билээ. Насны хувьд бусад багаас туршлагатай гэгдэхгүй хэдий ч хамтдаа тоглосон туршлагын хувьд маш сайнд тооцогдоно.

 

Сул тал

Швейцарын шигшээ баг байрлал бүр дээр боломжийн тоглогчидтой хэдий ч төвийн довтлогчийн байрлал дээр асуудалтай байна. 2009 оны залуучуудын дэлхийн аваргад гялалзаж мэргэн бууч болж байсан Харис Сеферович сүүлийн хоёр том тэмцээнд гарааны довтлогч хийсэн ч үр дүн тийм сайн байгаагүй. Ердөө нэг гоолыг тус хоёр тэмцээнд оруулсан. Мөн энэ улиралд Бенфика багийн бүрэлдэхүүнд ердөө 9 тоглолтыг гараанаас хийсэн.

Өөр нэг сонголт нь Боруссиа Мюнхэнгладбах багийн Иосиф Дрмич. Гэвч Сеферовичийн адилаар мөн л энэ улиралд клүбтээ гарааны довтлогч байж чадаагүй. Улирлын туршид ердөө 4 тоглолтыг гараанаас хийсэн. Түүний хувьд сүүлийн 3 жил клүбтээ нийт ердөө 7 тоглолтонд л гараанд гарсан. Швейцарын ирээдүй гэгдэж байсан Брийл Эмболо мөн л Шалькед сэлгээнд сууж ердөө 9 тоглолтонд гараанд тоглосон байна.

Сүүлийн довтлогч болох Гавранович Хорватын Динамо Загребд давгүй улирлыг үдсэн хэдий ч бусад гурвыгаа давж гараанд гарна гэдэг бараг боломжгүй юм. Тиймээс Швейцарын шигшээ багт одоогоор формондоо байгаа нэг ч довтлогч байхгүй нь тэдний гол асуудал болж байна.

Багийн бүрэлдэхүүн

Швейцар хоёр сайн хаалгачтайгаар энэ тэмцээнд оролцож байна. Нэг нь Боруссиа Дортмундын Роман Бурки байгаа бол нөгөө нь Мюнхэнгладбахын Ян Зоммэр. Дасгалжуулагч Петкович Буркигээс илүү Ян Зоммэрт итгэл хүлээлгэж байгаа. Ян Зоммэр 2016 оны европийн аваргаар гараанд гарч тоглосон.

Арын хамгаалалтын хоёр жигүүрт Лихтштайнэр, Родригэз нар тоглох бол төвд нь Фабиан Шар болон Боруссиа Дортмундын залуу хамгаалагч Аканжи нар гарна. Арсэналд тоглож байсан 31 настай төвийн хамгаалагч Иохан Журу мөн боломжийн сонголт.

Хагас хамгаалалтын шугаманд 2016 оны европийн аваргын гараанаас 2 өөрчлөлт орж буй нь Фроилэр, Зубэр нар. Зубэр баруун жигүүрт Адмир Мехмедигийн оронд гарах бол Фроилэр төвд Фалон Бехрамиг орлоно. Фроилэрыг урьдчилсан шатны туршид Шакатай хамт төвд тоглуулсан бол нөхөрсөг тоглолтуудын үеэр Желсон Фернандэзыг тоглуулсан.

Зубэр Швейцарын хөгжөөн дэмжигчдээс анх их хүлээлтийг аваад байсан ч түүндээ хүрч чадаагүй. Хоёр том тэмцээнд бусад залуучууддаа даруулсны эцэст энэ жил 26 настайдаа гараанд анх удаагаа тоглох гэж буй нь энэ юм.

Таван хагас хамгаалагчийг үлдсэн гурвыг төвд Гранит Шака, зүүн жигүүрт Жердан Шакири, довтолгооны хагас хамгаалагчийн байрлалд Блерим Жемаили нар бүрдүүлнэ. Тус гурван тоглогч 3 дахь том тэмцээнд уг үүргийг гүйцэтгэх гэж байгаа нь энэ билээ.

Довтлогчид нь бүгд асуудалтай байгаа тул тэр дундаас Харис Сеферович сонгогдох нь гарцаагүй.

 

Онцлох статистик

Харах ёстой тоглогч

Цагтаа Байерн Мюнхэнд тоглож явсан Швейцарын шигшээ багийн одоогийн хамгийн алдартай тоглогчдын нэг Шакири энэ дэлхийн аваргад зайлшгүй гялалзах шаардлагатай. Байернд тоглож байхдаа Швейцарын шигшээ талдаа ч, клүбийн карьер талдаа ч олны хүлээлтийг авсан тэрбээр одоог болтол хүсэн хүлээсэн хэмжээнд тоглож амжаагүй явна. 26 настай түүний хувьд дэлхийн аваргад ид гялалзах нас нь гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Энэ жил дахиад өмнөх тэмцээнүүд шигээ дундаж хэмжээнд тогловол дараагийн дэлхийн аварга гэхэд тэрбээр 30 нас хүрсэн байх болно. Одоо л Шакири гялалзаж шигшээ багийнхаа од нь байж ирэх улиралд том багуудыг зорих хэрэгтэй.

Таамаглал

Швейцарын шигшээ багийн хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Бразилын шигшээ баг. Бүрэлдэхүүний хувьд, багийн туршлагын хувьд, арга барилын хувьд гээд бүх талаасаа Швейцарын шигшээ баг таамаг эвдэх боломжтой багуудын тоонд зүй ёсоор багтана. Хэрвээ тэд хэсэгтээ гайхалтай тоглолтыг үзүүлж Бразилыг буулгаж авч чадвал хэсгээ тэргүүлэн хол замыг туулах боломжтой. Гэхдээ ерөнхий таамгийг авч үзвэл Бразил хэсгээ тэргүүлж Швейцар хэсгийн хоёрдугаарт бичигдэх магадлал өндөр байна. Хэрвээ тэд хоёрдугаар байраар шалгарвал шөвгийн 16-д Германы шигшээ багтай тоглох магадлалтай. Бразил, Герман гэсэн өрсөлдөгчдийг аль альныг нь хожих потенциал бий ч тэмцээний хамгийн хүчирхэг багуудын тоонд багтсан тус багуудыг буулгаж авна гэдэг тун бэрх даалгавар байх болов уу.