ДАШТ

Cерб: Коларовоор ахлуулсан бүргэдүүд!

Багийн ахлагч: Александр Коларов

Ерөнхий дасгалжуулагч: Младен Кристаяич 

Хоч: Бүргэдүүд 

FIFA-ын чансаа: 35

Багийн дундаж өндөр:  185.6 см

Багийн дундаж нас: 27,7

Бүх цаг үеийн мэргэн бууч: Степан Бобек (38 гоол)

Хамгийн олон тоглолтонд оролцсон: Деяан Станкович (103 тоглолт)

Дэлхийн аваргад оролцсон: 12 удаа 

Дэлхийн аваргын дээд амжилт: 1930 онд 3-р байр

Хэсэгт цуг багтсан багууд: Бразил, Швейцар, Коста Рика

 

2014 оны дэлхийн аваргыг өнжсөн Сербийн шигшээ баг ОХУ-д Бразил, Коста Рика, Швейцарын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж өрсөлдөнө. Сүүлд 2010 оны дэлхийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс бараг тоглогч байхгүй. Тухайн үед сэлгээнд сууж байсан Александр Коларов энэ удаагийн дэлхийн аваргад багаа ахлан орж байна. 2000-аад оны үеэр давгүй бүрэлдэхүүнтэй байсан Сербийн шигшээ багийн бүрэлдэхүүн тэр үеийнхээ бодвол арай сул бүрэлдэхүүнтэй байгаа. Гэхдээ уламжлал ёсоор тэд хамгаалалт зонхилсон тоглолтоо үзүүлэх бөгөөд энэ нь хүчирхэг багуудыг зовоож магадгүй.  

 

Давуу тал

Бүрэлдэхүүнийг бүтнээр нь харвал тийм ч хүчтэй харагдахгүй байгаа ч гарааны бүрэлдэхүүн тун боломжийн байх болно. Хамгаалалтанд Иванович, Настасич, Коларов зэрэг том багуудад тоглож байсан тоглогчид гарна. Хагас хамгаалалтын шугамын тамирчид формын хувьд давгүй байгаа тул тэдний довтолгоо чамлахааргүй ажиллах нь гарцаагүй. Төвд Манчестер Юнайтэдын Матич тоглож довтолгооны чиглэлд Соутхэмптоны Тадич, Лациогийн Савич зэрэг тамирчид багтаж байна. Кристал Паласын Миливоевич энэ улиралд тун сайн улирлыг үдсэн.

Мөн Сербийн шигшээ багийн бас нэгэн давуу тал нь нурууны өндөр байх нь гарцаагүй. Хоёр давхарт сайн тоглодог тамирчид олонтой бөгөөд тоглогчдын дундаж өндөр 185,6 см байгаа нь энэ дэлхийн аваргад оролцож буй багуудаас нэгт орох үзүүлэлт.

 

Сул тал

Сербийн шигшээ багийн удаан, хөшүүн байдал тэдний сул тал болж магадгүй. Хамгаалалтын шугаманд тоглох 4 тоглогчийн 3 нь 30-аас дээш настай ахмад хамгаалагчид. Бранислав Иванович 34, Коларов 32, Рукавина 32 настай. Ялангуяа Бразилын шигшээ багийн хурдтай, ур чадвар өндөртэй тоглогчдын эсрэг хөшүүн хамгаалалт сул тал болох аюултай.

 

Багийн бүрэлдэхүүн

Хаалган дээр 2010 оны дэлхийн аваргад Сербийн хаалгыг манасан Владимар Стойкович зогсоно. Арын шугамыг дээр дурьдсанчлан Рукавина, Иванович, Настасич, Коларов нар бүрдүүлж байгаа. Сербийн дасгалжуулагч Младен Кристаяич 3-4-3 хувилбарыг илүүд үзэж байгаа ч дэлхийн аварга дээр 4-2-3-1 гэсэн хувилбарыг ашиглаж магадгүй.

Төвийн хагас хамгаалалтанд Юнайтэдын Матич, Кристал Паласын Миливоевич нар тоглоно. Тэдний урд Саутхэмптоны Душан Тадич, Лациогийн Савич, Хамбургийн Костич нар байрлана. Энэ жил 23 настай залуу тоглогч Милинкович-Савич энэ улиралд Лациогийн дундын шугаманд мундаг тоглолтыг үзүүлсэн бөгөөд 35 тоглолтонд 12 гоолыг лигтээ оруулжээ.

Үзүүрийн нэг довтлогчоор Фүлхэмд сүүлийн 20 тоглолтондоо 12 гоолыг оруулаад буй залуу довтлогч Александар Митрович тоглоно. Түүний хувьд Бельгийн Андерлехт багт гялалзаж анх олонд танигдаж байсан юм.

Харах ёстой тоглогч

Сербийн шигшээ баг хэр хол замыг туулах нь тэдний довтолгооноос ихээхэн хамаарна хэмээн үзэж байна. Сербийн хамгаалалт хурднаасаа болоод амархан гоолуудыг алдахгүй байж чадвал бусад тохиолдолд сайн ажиллах өндөр магадлалтай. Харьцангуй туршлагатай тоглогчид тул ажлаа сайн хийх болов уу. Харин довтолгооны тамирчид зөрөөд хэр сайн тоглох нь тэднийг хэр хол явахыг илтгэнэ. Учир нь формон дээрээ байгаа Тадич, Савич, Миливоевич зэрэг тамирчид одоо л дэлхийн аваргад гялалзах шаардлага үүсээд байна.

Дээрээс нь багийн гоолыг оруулах ёстой гол тоглогч нь Александар Митрович байна. Өнгөрсөн улиралд Нюкастлын бүрэлдэхүүнд урам хугармаар муу тоглолтыг үзүүлсэн Митрович Фүлхэмд бага багаар формоо олж авч буй. Гэхдээ английн хоёрдугаар лигийн тоглолт дэлхийн аваргын тоглолт ондоо байх нь тодорхой. Тиймээс Митрович боломжуудаа ашиглаж гоол болгож чадахуу гэдгээс их зүйл шалтгаалах юм.

 

Хэр хол замыг туулах вэ?

Сербийн шигшээ багийн хувьд хэсгээс шалгарах бүрэн боломжтой. Бразилын шигшээ хэсгээ тэргүүлэх хамгийн өндөр магадлалтай бол тэд Швейцартай хоёрдугаар байрыг булаалдах магадлалтай. Коста Рика 2014 оны дэлхийн аваргын топ-8 багийн нэг хэдий ч энэ удаагийн дэлхийн аваргад тэр амжилтаа давтаж шуугиан тарих магадлал тун бага болов уу. Тиймээс Швейцартай хийх тоглолт тэдний хэсгээс гарах эсэхийг шийдэх чухал тоглолт байх болно. Гэхдээ Сербийн туулах зам шөвгийн 16 хүрээд дуусна хэмээн таамаглаж байна. Учир нь тэд хэсгийн нэгдүгээр байраар шалгарч чадахгүй бол Германы хүчирхэг багтай шөвгийн 16-д таарах магадлал өндөр. Тиймээс тэд хэсгийн шатанд Бразилчуудыг дороо хийж сенсаци дэгдээж чадвал шөвгийн 16-г хялбар давж магадгүй юм. 

Сербийн шигшээ хэр хол замыг туулах вэ?

Vote to see the results
31% - 5 votes
30% - 13 votes
32% - 2 votes
31% - 0 votes