Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө 1 хоног үлдээд байхад Испаничууд дасгалжуулагч Хулен Лопетегиг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Испанийг удирдан дэлхийн аваргад орох байсан Лопетеги өчигдөр Реал Мадридын дасгалжуулагчаар сонгогдож ирэх улирлаас тус багийг дасгалжуулахаар болоод байсан. Энэхүү мэдээ дэлхий нийтийн анхаарлаас гарч амжаагүй байтал Испанийн шигшээ баг ийнхүү хүчтэй мэдэгдлийг хийж түүнийг халлаа.
Испанийн шигшээг 2016 оноос эхлэн дасгалжуулсан тэрбээр тус хугацаанд баг нь нэг ч хожигдол хүлээгээгүй байсан юм. Хамгийн гол нь дэлхийн аварга эхлэхэд 1 хоног, Испани тоглолтоо хийхэд 2 хоног дутуу байхад ийм шийдвэр гаргасан нь дэлхийн нийтийг цочроогоод байна. 2 жилийн туршид Лопетегитэй бэлдсэн, төлөвлөсөн зүйлс нь нэг л өдрийн дотор ийнхүү өөрчлөгдөхөөр болж буй Испанийн шигшээ тун удахгүй шинэ дасгалжуулагчаа зарлах, эсвэл туслах дасгалжуулагчаа үндсэн дасгалжуулагчийн албанд зарлах гэсэн сонголтуудын аль нэгийг хийхээс өөр аргагүйд хүрч байна.
Энэ талаар Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес:
“Энэ үнэхээр хэцүү нөхцөл байдал гэдгийг мэдэж байна. Гэхдээ би нөхцөл байдалд тааруулж чадахаа хийх ёстой. Энэхүү нөхцөл байдал биднийг улам хүчтэй болгоно гэж бодож байгаа. Би Хуленыг маш их үнэлдэг. Тэр бол сайн дасгалжуулагч. Энэ шийдвэрийг гаргах хүнд байлаа.” хэмээн ярьжээ.
Испанийн шигшээ баг эхний тоглолтоо Португалын эсрэг 6-р сарын 15-16 шилжих шөнө 02:00 цагаас хийнэ.