Европын шилдэг лигүүд эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Багууд бүрэлдэхүүнээ илүү сайжруулж ирэх улиралд илүү сайн амжилт үзүүлэхийн тулд шилдэг тамирчдад мөнгийг харамгүй цацсаар байна.
Италийн Ювэнтүс клубын хагас хамгаалагч Миралем Пьяничийн араас Манчестэр Сити хөөцөлдөж эхэллээ.
Түүний хөдөлгөөнийг Челси болон Барселона клубууд анхааралтай ажиглаж байгаа юм. Энэхүү өрсөлдөөнд авахыг хүссэн тамирчиндаа харамгүй мөнгө хаядаг, ухаалаг тоглолттой хагас хамгаалагчид дээр тулгуурласан МанСити нэмэгдлээ.
Ювэнтүс түүнийг зарах үнээ 100 сая евро гэж тогтоогоод байгаа юм.
Пьяничийн хувьд Барселонагийн төлөө тоглох нь мөрөөдөл гэж өмнө нь ярьж байсан удаатай. Мөн тэрээр Роналдутай тоглохыг маш их хүсдэг талаар ярьж байсан билээ. Роналду одоо Ювэнтүсд нэгдээд байгаа юм.
Хэрвээ тус Миралем Пьянич Италийн лигээс явбал Пол Погбагийн наймаа биеллээ олох боломж бүрдэх юм.