Албан ёсны

Роналду Ювэнтүсд албан ёсоор!

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду Реал Мадрид багаа орхиж Италийн Ювэнтүсд очлоо. Дэлхийн аваргад Португалынхаа хамтаар оролцож шөвгийн 16-аас хасагдсаны дараачаар түүний наймааны шуум дэгдсэн билээ. Түүний Ювэнтүс рүү явж магадгүй гэсэн яриа 7 хоног үргэлжилсний эцэст өнөөдөр 100 сая еврогоор биелэлээ оллоо.

Роналду Реал Мадрид 9 жил тоглохдоо аваргуудын лигт 4 түрүүлж, 438 тоглолтонд 450 гоолыг оруулжээ. Тэрбээр багийнхаа гол тоглогч байж багаа гурав дараалан аваргуудын лигт түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн билээ.

Энэ жил 33 настай Роналду Реал Мадридын бүх цаг үеийн мэргэн бууч, аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч гэсэн статустайгаар багаа орхиж байна.