Өнөөдөр 02:00 цагаас Англи болон Бельгийн багууд тоглоно. Хоёр баг хэсгээс шалгарах эрхээ аль аль нь бүрэн аваад байгаа. Онооны хувьд тэнцүү байгаа хоёр багийн хожсон нь хэсгээ тэргүүлэх учиртай. Гоолын зөрүү, оруулсан гоол бүгд тэнцээд буй Англи болон Бельгийн багууд тэнцсэн тохиолдолд Англичууд хэсгээ тэргүүлнэ. Учир нь дээрх үзүүлэлтүүд тэнцсэн тохиолдолд шар хуудас тоолдог. Одоогоор Бельгийн шигшээ багийн шар хуудас гурван арслангуудынхаас их байгаа.
Гурван арслангуудын довтолгооны гол тоглогчдын нэг Дэлэ Алли энэ тоглолтонд булчингийн бэртлийн улмаас оролцохгүй. Оронд нь талбайд Рубэн Лофтус Чик, Маркус Рашфорд нарыг нэг нь гарах юм. Мөн дасгалжуулагч Гарэт Саутгэйт Гари Кэихилл, Эрик Дайер нарыг гараанд гаргах магадлалтай.
Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн одоогоор 5 гоолыг оруулж мэргэн буучдын жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Түүний хувьд 5 хаалганд оновчтой цохиж 5 гоолыг оруулаад байгаа нь энэ.
Англичууд энэ тоглолтонд хожвол 1982 оноос анх удаа хэсгийн гурван тоглолтонд гурвууланд нь хожих юм.
Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Робэрто Мартинэз энэ тоглолт 10 өөрчлөлтийг гараандаа хийхэд бэлэн хэмээн мэдэгдээд байгаа. Одоогоор 4 гоол оруулаад байгаа багийн мэргэн бууч Ромэлу Лукакуг гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Түүний хувьд бага зэргийн бэртэлтэй байгаа тул Мартинэз эрсдэл хийхийг хүсэхгүй байна.Түүнээс гадна Эдэн Азар, Дрьес Мэртэнс нар бага зэргийн бэртэлтэй байгаа.
Хоёрдугаар байраар шалгарах нь илүү ашигтай
Мөн Кэвин Дэ Броин, Томас Менье, Ян Вэртонгэн гэсэн гарааны тоглогчид нь шар хуудастай байгаа. Тиймээс эдгээр тоглогчдоо Лукакугийн адилаар амраах төлөвтэй байна.
Хэвлэлүүд энэ хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан багт ашигтай хэмээн бичиж буй. Учир нь хоёрдугаар байраар шалгарсан баг Бразил, Франц, Португал, Аргентин зэрэг том багуудын эсрэг талд хасагдах шатыг эхлүүлнэ. Гэвч Английн дасгалжуулагч Гарэт Саутгэйт хэсгийн тэргүүн байраар шалгарахаар хичээхээ мэдэгдсэн байна. Учир нь Англичууд багаараа ярилцаад энергиэ дэмий зүйлд зарцуулалгүй шууд хожил байгуулж хэсгийн тэргүүн байраар шалгарахыг илүүд үзэхээр шийдсэн ажээ.
Харин Робэрто Мартинэз гараагаа тэр чигт нь амраана хэмээн мэдэгдсэн нь тэднийг хэсгийн хоёрдугаар байраар шалгарахыг илүүд үзэж байгааг илэрхийлж байна. Одоогоор Бельгичүүд дэлхийн аваргад хийсэн хэсгийн сүүлийн 11 тоглолтондоо ялагдал хүлээгээгүй байгаа юм.