Бусад

Базаа 5: Шок

Герман 0-2 Өмнөд Солонгос (Photo by Gokhan Balci/Anadolu Agency/Getty Images)

Өчигдөр буюу 6-р сарын 27-нд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний E, F хэсгүүдийн сүүлийн тоглолтууд  явагдаж дууслаа.

Дэлхийн 4 удаагийн аварга Германы шигшээ баг хэсэгтээ сүүл мушгиж шуугиан тарьсан бол,  хэсгээ тэргүүлэх боломжоо салхинд хийсгэж өөрсдийгөө хэцүү байдалд оруулсан Мексикийн шигшээ баг гэх мэт ярих, дурсах зүйл ихтэй тоглолтууд өчигдөр явагдлаа.

Itunes -ийн подкаст дээрээс сонсох бол Football Tribe Mongolia эсвэл TRB Corner гэж хайгаад сонсох боломжтой. Холбоос

СЕРБИ 0-2 БРАЗИЛ

Дэлхийн 5 удаагийн Бразилын шигшээ багт энэ удаа хэсгээ тэргүүлэхэд тийм ч хүнд асуудал үүссэнгүй. 36 дахь минутанд Паулиньо, 68 дахь минутанд Тиаго Силва нарын оруулсан гоолын ачаар тэд хэсгийн 2 дахь хожлоо авч, 7 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатанд самбачдыг Мексикийн шигшээ хүлээж байна. Харин энэ удаагийн ДАШТ-д тун боломжийн бүрэлдэхүүнтэй ирсэн Сербийн шигшээ баг энэ хүрээд тэмцээнээ өндөрлүүлэхээр болж байна.

Онцлох баримт

  • Бразилийн шигшээ 13 ДАШТ дараалан хэсгээсээ гарч, хасагдах шатанд тоглохоор болсон.
  •  Харин Сербийн шигшээ тусгаар улсын хувиар оролцсон бүх тэмцээндээ (2006, 2010, 2018) хэсгээсээ гарч чадсангүй.
  • Энэ тоглолтонд хожсон Бразилчууд 2010 оноос хойш анх удаа ДАШТ-д 2 тоглолтонд дараалан хожил авсан.
  • Паулиньогийн гоолын дамжуулалтыг өгсөн Филиппе Коутиньо 2018 он гарснаас хойш Бразилийн шигшээ багийн 7 тоглолтонд 6 гоолд нь шууд оролцсон. (4 гоол, 2 ассист)
  • Сербийн довтлогч Александр Митрович энэ ДАШТ-д 18 удаа хаалга руу цохиж, ердөө ганцхан гоолыг оруулсан.
  • Бразилийн шигшээ Титегийн удирдлага дор 24 тоглож 19 хожоод байна. (4 тэнцээ, 1 хожигдол)

Швейцарь 2-2 Коста Рика

Серби хожигдсоноор, Швейцарьчууд Бразилийг дагаж хэсгээсээ хоёроор гарлаа. Энэ тоглолтонд багийн түлхүүр тоглогчид Шердан Шакири, Гранит Шака нар оролцохгүй байх магадлалтай байсан ч, азаар торгуулалгүй өнгөрч хамтдаа гараанд гарч тоглосон. Харин хэсгээс гарах боломжгүй болоод байсан Коста Рикагийн хувьд энэ тоглолтонд тэмцээний нэр төрийн гоол, болон анхныхаа оноог авах зорилготой талбайд гарсан гэж болно. Зорилгоо биелүүлж, 2 гоол оруулж, 1 оноо авснаар энэ удаагийн ДАШТ тэдний хувьд ингээд дуусч байна.

Онцлох баримт

  •  Швейцарьчууд ийнхүү сүүлийн 5 ДАШТ-ий 4-т нь хэсгээсээ гарч байна.
  • Харин Коста Рикагийн баг 2 дахь удаагаа хожиж чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Тэд 2006 онд хэсгийн бүх тоглолтондоо хожигдож байв.
  • Улаанууд  дэлхийн аваргын сүүлийн 7 тоглолтынхоо 6-д нь хамгийн багадаа нэг оруулсан. Тэд энэ тоглолтуудад нийт 12 гоол оруулжээ.
  • Коста Ризагийн Кендалл Уатсоны оруулсан тэдний ДАШТ-ий 424 минутын дараа оруулж байгаа анхны (пеналт оруулалгүй) гоол нь болсон . Хамгийн сүүлд 2014 оны дэлхийн аваргын шөвгийн 16-д Грекийн эсрэг Брайн Руйз гоолдож байв.

Е хэсэг

Мексик 0-3 Швед 

Эхний 2 тоглолтондоо хожил авч хэсгээ тэргүүлж явсан Мексикчүүдэд  энэ тоглолтоос 1 оноо авахад л F хэсгийг тэргүүлж, шөвгийн 16-д харьцангуй зөөлөн өрсөлдөгчтэй тоглох боломж байсан ч өөрсдийн хайнга тоглолтын балгаар энэ боломжоо салхинд хийсгэчхэв. Гайхамшиг бүтээгүй бол тэд тэмцээнийг орхих байв.  Тэднийг одоо Бразил хүлээж байна!  Тун эргэлзээтэй хасагдаж ч магадгүй байсан нөхцөл байдлаас Шведүүд хэсгээ тэргүүлж чадлаа. Хасагдах шатанд Швейцарьтай тоглоно. Сюрприз #1!

Онцлох баримт

  •  Мексикийн Жесус Галлардо ДАШТ-ий түүхэн дэх хамгийн эрт авсан шар хуудсын эзэн болов-Тоглолтын 15 дахь секунд!
  • 1994 онд Болгарт 4-0 харьцаатай хожигдсоноос хойш Шведийн багийн хамгийн том хожил нь энэ болов.
  • 2002 оноос хойш ДАШТ-д 2 болон түүнээс дээш гоол оруулсан Шведийн анхны тоглогч Анреас Гранквист (2) боллоо. 2002 онд Хенрик Ларссон 3 гоол оруулж байв.
  • Мексикийн баг 1978 онд Германд 6-0 харьцаатай хожигдсоноос хойш хамгийн том хожигдлоо хүлээв.
  • Лудвиг Аугустинссоны тоглолтын эхэнд оруулсан гоол түүний шигшээ багийнхаа төлөө оруулсан анхны гоол.


Өмнөд Солонгос 2-0 Герман

ШОК! Хэсгээс гарах багахан боломжоо бодит бүхнээ зориулсан Солонгосчууд аваргаа хамгаалж буй Германыг өвдөг сөхрүүлж, энэ жилийн дэлхийн аваргын хамгийн том сенсацыг тарив. ДАШТ-ий аварга багийг хожсон Ази тивийн анхны баг Солонгос болов. Хэрвээ Мексик Шведийг хожсон бол бараг л боломжгүй нөхцөл байдлаас хэсгээс гарч гайхамшгийг бүтээх байв. Тэд энэ удаа Мексикт тусалж, Германд гай болчхов. Харин герман машинууд 1998, 2006, 2010 оны Аваргуудын хар түүхийг давтав. Их идсэний дараа өнж!

Онцлох баримт

  • Герман аваргаа хамгаалж буй жилээ хэсгийн шатнаас хасагдсан 4 дэх баг. (2002-Франц, 2010-Итали, 2014-Испани)
  • Энэ жилийн ДАШТ-д 2 гоол оруулж тэмцээнээ дуусгасан Германчууд аваргаа хамгаалж байгаа жилээ хамгийн бага гоол оруулсан жагсаалтын 2-т орох муу үзүүлэлт. 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ 2002 онд ТЭГ гоол оруулж байв.
  • Германчууд дэлхийн аваргын түүхэнд анх удаа Ази тивийн багт хожигдов.
  • Солонгосчууд 2010 оноос хойш анх удаа хаалгаа хуурай манав. Тэд 8 жилиийн өмнө Грекийг 2-0 харьцаатай хожсон.
  • 2010 оноос хойш Томас Мюллерыг гараанд гаргаагүй ДАШТ-ий 2 тоглолтонд хоёуланд нь Германчууд хожигдов. 2010 оны ДАШТ-ий хагас шигшээд Мюллерыг гараанд гаргалгүй Испанид 1-0-ээр хожигдож байсан.