ДАШТ

Томчуудад халгаатай Хорват

Багийн ахлагч: Лука Модрич
Ерөнхий дасгалжуулагч: Златко Далич
ФИФА чансаа: 20
Бүх цаг үеийн мэргэн бууч: Давор Шукер /45 гоол/
Хамгийн олон тоглолтонд оролцсон: Дарио Срна /134 тоглолт/
Багийн дундаж өндөр: 184,9 см
Багийн дундаж нас: 27,5
Дэлхийн аваргад оролцсон: 5 удаа
Дэлхийн аваргын дээд амжилт: 1998 онд 3-р байр

Сүүлийн олон том тэмцээнд таамаг эвдэх багуудын тоонд нэрлэгдсээр буй Хорватчууд энэ удаад ч гэсэн тус статустайгаар оролцоно. Лука Модрич, Иван Ракитич суурьтай бүрэлдэхүүн 2008 оноос эхлэлтэй. Тухайн үед Германы шигшээ багийг буулган авч хэсгээ тэргүүлж, Герман хоёрдугаар байраар шалгарч байлаа. 2012 оны европийн аварга дээр тус тэмцээнд финалдсан хоёр баг болох Итали, Испанийн шигшээ багуудтай нэг хэсэгт орж аваргуудыг тэмцээнээс мултлах шахсан. Италитай 4 оноотой тэнцэж бөмбөг тоолж хасагдсан бөгөөд хэрвээ сүүлийн тоглолтонд Испанид эцсийн мөчид гоол алдаж хожигдоогүй бол Испаничууд мултрах байсан юм.

2016 оны европийн аваргад хэсгийн сүүлийн тоглолтонд өнөөх Испанитайгаа дахин учирч 2-1 харьцаатайгаар хожил авч хариугаа авсанаар хэсгээ тэргүүлсэн. Энэ мэтчилэн хүчирхэг багуудыг хүнд байдалд оруулсан тохиолдол олон. Тэд энэ жил форм тааруухан байгаа Аргентины шигшээ багтай нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгээ тэргүүлэхэд төдийлөн олон хүн гайхахааргүй байгаа юм. Учир нь энэ шигшээ баг улам л туршлагатай болсоор байгаа.

Давуу тал

Хорватын хагас хамгаалалтын шугам, цаашлаад довтолгооны шугам дэлхийн топ зэрэглэлийнх. Реал Мадридын хагас хамгаалалтын амин сүнс Лука Модрич, Барселонагийн гол найруулагч Иван Ракитич, Реал Мадридад 3 жил дараалан 20-оос дээш тоглолтонд оролцоод буй Матео Ковачич, Интер Миланы Иван Перишич болон Марсело Брозович. Довтлогчоор Ювэнтүсийн Марио Манжүкич, Миланы Никола Калинич, Хоффенхаймын Андре Крамарич гээд дэлхийн өндөр зэрэглэлийн багуудын гол тоглогчид бий.

Хорватын довтолгооны тамирчид хамтдаа удаан хугацааг өнгөрүүлж байна (Photo by Giuseppe Bellini – UEFA/UEFA via Getty Images,)

Энэхүү довтолгооны шугамыг харвал Хорват тактикийн хувьд бэлэн байж чадвал дэлхийн аваргад ямар ч багийг буулган авах хэмжээний потенциалтай. Мөн эдгээр тоглогчид бүгд клүбтээ том тэмцээний сүүлийн шатуудад тоглож үзсэн хангалттай туршлагатай тул шат ахих тусам чангарах ч боломжтой.

Сул тал

Хорватын шигшээ баг хүчирхэг бүрэлдэхүүнтэй ч том тэмцээнд хол замыг туулж чадахгүй байгаа нь тэдний дасгалжуулагчтай холбоотой болов уу. Сайн, туршлагатай дасгалжуулагчийг ажиллуулж чадвал эдгээр тоглогчид хангалттай туршлагатай, чадвартай, потенциалтай. Хорват үргэлж дотоодын дасгалжуулагчдаа ажиллуулахыг эрмэлздэг бөгөөд тэдгээрийнх нь туршлага үргэлж тааруу байдаг. Нико Ковачийг дасгалжуулагчаар авч байхад түүний дасгалжуулагчийн карьерын анхны баг нь Хорват байсан. Антэ Чачич болон одоогийн Златко Далич нар мөн л европт нэр нь танигдсан дасгалжуулагчид биш. Европийн өндөр зэрэглэлийн тамирчдаар багаа дүүргэсэн хэдий ч дасгалжуулагч нь тэднээс чансаа доогуур. Тоглогчид нь дасгалжуулагчаа хүндэлдэг эсэх нь ч эргэлзээтэй. Хорватын хөлбөмбөгийн холбоо дотооддоо нилээд асуудалтай. Европийн аваргаар хөгжөөн дэмжигчид нь холбоогоо эсэргүүцэж талбай руу элдэв бусын юм шидэлж байлаа. Шигшээ багаа амжилтгүй оролцуулж, хөлбөмбөгийн холбоондоо шинэчлэл хийлгүүлэхийг хөгжөөн дэмжигчид нь хүсч байв.

Далич ажлаа 2017 оны 10 сард хүлээн авсан (Photo by Stipe Mayic/Anadolu Agency/Getty Images)

Бас нэгэн сул тал нь тэдний хамгаалалт. Урд талын шугам нь гараа талдаа ч тэр, нөөц талдаа ч тэр хүчирхэг бол хамгаалалтын шугам тэр хэмжээнд хүрэхгүй. Ливерпүүлийн Ловрэноос өөр том багт тоглодог тамирчин байхгүй. Вида, Врсалко, Ловрен нар аль аль нь хийтэй тоглолт үзүүлдгийг бид мэднэ. Мөн Вэдран Чорлука өвдөгний хүнд бэртлээс дөнгөж ирж буй тул хамгаалалтыг бүр эргэлзээтэй болгож байна.

Магадлалт гараа

Харах ёстой тоглогч

Лука Модрич. 2014 оны дэлхийн аваргаасх ойш Лука Модрич улам туршлагатай, улам класс болсон. Түүний хувьд Реал Мадрид багтайгаа 4 удаа аваргуудын лигт түрүүлээд байна. Сүүлийн финал дээр л гэхэд Модричийг бид ямар тайван, ямар өндөр сэтгэлзүйтэй тоглож байсныг харсан. Тиймээс түүний энэхүү туршлага дэлхийн аваргын талбай дээр юу юунаас илүү хэрэгтэй. Голын шугамнаас багийг удирдах тэрбээр гоолын боломжийг олноор үүсгэж, олон гоолын эхлэлийг, дамжуулалтыг өгөх ёстой. Хэрвээ Лука Модрич тэмцээний чухал тоглолтууд дээр “чимээгүй” байх юм бол Хорватчууд хол замыг туулна гэдэг тун бэрх байх болно.

Лука Модрич 2008 оноос хойш Хорватын оролцсон бүх тэмцээнд гараанд гарч байна
(Photo by Ali Atmaca/Anadolu Agency/Getty Images)

Таамаглал

Аргентиний шигшээгээс гадна тэд Нигер, Исландын багуудтай нэг хэсэгт орсон. Хорват урьдчилсан шатандаа Исландтай нэг хэсэгт орсон бөгөөд Исланд хэсгийг тэргүүлж тэднээс түрүүлж эрхээ авсан. Тиймээс тэд өөрөөсөө илүү үр дүнтэй байгаа багтайгаа дахин нүүр тулна гэсэн үг. Аргентин форм муутай байгаа ч дэлхийн аваргын талбай дээр урьдчилсан шат шигээ муу тоглохгүй нь тодорхой. Тиймээс Хорватын хэсгийн шат тийм ч амар байхгүй биз ээ. Гэхдээ боломжит магадлалаар тэд хэсгээс хоёрдугаар байраар шалгарах магадлалтай. Хангалттай сайн бүрэлдэхүүнтэй учраас нэгдүгээр байраар гарахыг илүүд үзэх нь тэдний дараа дараагийн шатанд илүү тустай. Хэрвээ тэд хоёрдугаар байраар шалгарвал шөвгийн 16-д тэмцээний гол фаворитуудын нэг Францтай тоглоно.