ДАШТ

Димитри Пайе дэлхийн аваргыг өнжих үү?

Францын шигшээ багийн довтолгооны гол хүчнүүдийн нэг Димитри Пайе өчигдөр Европа лигийн финалын тоглолтын үеэр бэртэл авч дэлхийн аваргад оролцох эсэх нь эргэлзээтэй боллоо. Түүний хувьд энэ улиралд Марсель багаа ахлан Европа лигийн финалд шалгарахад хамгийн гол нөлөөг үзүүлсэн юм. Түүгээр зогсолгүй тэрбээр 2016 оны европийн аварга шалгаруулах тэмцээнд Францчууд финалд гарахад мөн л гол үүргийг гүйцэтгэж байлаа.

Марселчууд Лион хотноо болсон европа лигийн аваргын төлөөх тоглолтонд 3-0 харьцаатайгаар хожигдсон бөгөөд Пайе тоглолтын 32 дахь минутанд бэртэл авч сэлгээний сандал руу шилжсэн юм. Дэлхийн аварга эхлэхэд ердөө сарын хугацаа үлдээд байгаа энэ үед ийнхүү бэртэл авсандаа харамсаж Пайе нулимс дуслуулан талбайг орхисон юм.

Өдгөө 31 настай Франц эрхэм Димитри Пайегийн бэртэл хэр хүнд эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Пайегийн талбайг орхиж буй мөчийг анзаарвал бэртэл түүний дэлхийн аваргад оролцох боломжийг үгүй хийж болзошгүй байна.

Францын шигшээн дасгалжуулагч Дидье Дешам бүрэлдэхүүнээ өнөөдөр зарлах хуваарьтай байгаа.