Хөлбөмбөг сонирхогчдын хувьд шилдэг лигүүдийн улирал дууссан ч хөлбөмбөгөөс холдоггүй. Холдох боломж өгдөггүй зүйл нь лигүүд амрахтай зэрэгцэн нээгддэг солилцоо наймааны цонх билээ.
Өнгөрсөн зуны солилцоо наймааны хамгийн гол хүн бол яах аргагүй Бразил довтлогч Нэймар байсан. Тэгвэл ирэх зун ч тэрээр гол дүр нь байх бололтой. Түүнийг багаа солих хүсэлтэй гэсэн яриа газар аваад буй. Нэймарыг Реал Мадридруу явахын тулд ПСЖ -д ирсэн байж магадгүй гэж хардах хүн цөөнгүй байгаа. Түүний явах цуурхалын хүчийг нэмж буй мэдээлэл нь Манчестэр Юнайтэд клуб Нэймарыг авах талаар судалж эхэлсэн талаарх юм.
Дасгалжуулагч Жосе Моуринью багаа илүү өндөр зэрэглэлийн баг болгох хүсэлтэйгээ багийн удирдлагууддаа хэд хэдэн удаа илэрхийлээд амжсан. Тэгвэл түүний төлөвлөгөө яг таг зохицох өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчин бол Нэймар байх гарцаагүй.
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй багаар нэрлэгдэж, жил бүр хамгийн их орлого олдог гэсэн жагсаалтад хэзээд дээгүүр бичигддэг Манчестэр Юнайтэдийн хувьд 200 сая фунтыг Нэймарт төлөхөд бэлэн талаар Английн Mirror сонин бичсэн байна.
Нэймарын хувьд энэ улиралд Францын лигт ердөө 20 тоглолтод оролцсон ч Лигийн шилдгээр нэрлэгдсэн юм.