Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Мазала” үндэсний дээд лигийн 2-р тойргийг нээж “Дэрэн”, “ Эф Си Улаанбаатар” багууд тоглолоо.
“Дэрэн” клуб Төв цэнгэлдэх хүрээлэнд “Эф Си Улаанбаатар”-ыг хүлээн авч энэ улирлын талбай дахь анхны тоглолтоо хийсэн ч эерэг үр дүн авч чадсангүй.
Үндсэн цаг эхэлснээс зургаан минутын дараа “ЭФ Си Улаанбаатар” багийн ахлагч О.Баяржаргал гоол оруулсан нь тоглолтын цор ганц гоол байв.О.Баяржаргал “Атлетик 220”, “Дэрэн” багуудын хаалганд дараан гоол оруулж улирлыг өнгөтэй эхлүүлж байна. Өнөөдөр гурван оноо авсан нийслэлийн нэрийг эзэмшигчид дөрвөн оноотой болж хүснэгтийг тэргүүлэв.
Амралтын өдрүүдээр явагдах дөрвөн тоглолт тэдний байрлал өөрчлөгдөх эсэхийг шийднэ.