Мазала Лиг

ЭРЧИМ 6:0 ЖИПРО

Үндэсний дээд лигт нийт 11, сүүлийн 3 улирал дараалан түрүүлээд байгаа “Эрчим” шинэ улирлын эхний тоглолтоо Ням гарагт өөрсдийн ДЦС-4 талбайдаа “Жипро”-г хүлээн авч хийлээ. Багийн ахлах дасгалжуулагч З.Баттулга нь Унгар улсад зэргээ ахиулахаар явсан, хамгаалалтын ноён нуруу Г.Төгөлдөр бэртлийн улмаас энэ улиралд тоглох боломжгүй, Шута Ишино улирлын эхний хагаст багтайгаа нэгдэхгүй зэрэг мэдээллүүд тэдний фэнүүдийн дунд эргэлзээ бий болгосон.
Үүнийг ч батлах мэт МХБХ-ны супер цомын тоглолтод “Эрчим”, “Улаанбаатар Сити”-д 4:2-ын харьцаатай хожигдож, 6 жил дараалан энэ цомыг өргөөд байсан цуврал нь төгссөн.
Харин аваргаа хамгаалагчид шинэ улирлыг гайхалтай эхлүүлж, “Жипро”-г 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ.
Тоглолтын эхний хагаст Б.Даваажав (20’), С.Дорджи (39’,40’) нар гоол оруулсан бол 2-р хагаст Г.Батбилгүүн, Мотохиро Канеширо, М.Төгөлдөр нар нэмж гоол оруулснаар багийнхаа зангаргыг харуулаад авсан юм.
“Эрчим” энэ улирлаас бүрэлдэхүүндээ Ч.Насандэлгэр, Арслан, М.Канеширо, С.Дорджи, Артём Кулеша нарыг нэмсэн байна.
“Эрчим” дараагийн тоглолтоо МХБХ-ны талбайд “Улаанбаатар Сити”-гийн эсрэг хийнэ.