Мазала Лиг

СЭЛЭНГЭПРЕСС 1:1 ХАНГАРЬД

МХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Үндэсний дээд лиг” энэ жилээс шинэ ивээн тэтгэгчтэй болж, “Мазала” нэрийн дор зохион байгуулагдах болсон билээ. Шагналын сан ч үлэмж нэмэгдэж, нэг улирлын шагналын сан 200 сая төгрөг болсон нь манай улсын спортын түүхэнд байгаагүй тоо юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мазала” үндэсний дээд лигийн эхний тойргийн тоглолтууд боллоо.
Эхний тойргийг нээж, Бямба гарагийн 14:00 цагт МХБХ-ны ногоон талбайд “Сэлэнгэпресс” – “Хангарьд” багууд учраа таарсан юм.
Шинэ улирлын өмнө АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчийн зэрэгтэй Монголын анхны, одоогоор цорын ганц дасгалжуулагч болох И.Отгонбаяр “Сэлэнгэпресс” клубийг удирдахаар болсон.
Тэд “Мазала” нэгдүгээр лигрүү унасан “Хоромхон” клубээс шилдэг тоглогч болох А.Улсболдыг авчээ. Харин А.Сайханчулуун, Ц.Мөнх-Эрдэнэ, Пол Эбука зэрэг шилдэг тоглогчдоо явуулсан Хангарьд ОХУ-ын хэд хэдэн тоглогчдоо хүчээ нэмсэн байлаа. Мөн “Соёмбын Барсууд” клубийн Д.Бат-Эрдэнэ тэдний эгнээнд нэгджээ.
Өнгөрсөн улиралд 5 болон 6-р байруудад бичигдсэн хоёр багийн тоглолтын эхний хагаст ямар нэг гоол орсонгүй. Хоёрдугаар үеийн дундуур талбайд их хэмжээний цас орж, тоглолт бага зэрэг саатсан юм.
Улмаар шүүгчийн сунгасан цаг эхлээд удаагүй байхад “Хангарьд” клубийн хагас хамгаалагч, олноо “Гату” нэрээрээ алдаршсан А.Эрдэнэбаяр алсын цохилтоор “Мазала” үндэсний дээд лигийн анхны гоолыг оруулсан байна.
Ийнхүү Эрдэнэтийн төлөөлөл лигийн анхны тоглолтоос 3 оноо авах магадлал өндөр болоод байсан ч “Сэлэнгэпресс”-ийн хагас хамгаалагч Ч.Отгонбаярын мөргөсөн бөмбөг 97 дахь минутад тооны харьцааг тэнцүүлснээр тус тоглолт 1:1-ийн харьцаатай өндөрлөжээ.
Дараагийн тойрогт “Сэлэнгэпресс” – “Жипро”-той, “Хангарьд” – “Андууд Сити”-гийн эсрэг тоглоно.