Мазала Лиг

АРВИС 1:1 УЛААНБААТАР СИТИ

“Мазала” үндэсний дээд лигийн эхний тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн улирлын дэд аварга “Улаанбаатар Сити” болон дээд лигт шинээр дэвшин гарч ирсэн “Арвис” клубүүдийн хооронд болсон юм.
Футзалын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очирын хүү, “Унаганууд” клубийн тоглогч Э.Ганзориг энэ улирлаас “Арвис” клубийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болсон билээ.
Бүрэлдэхүүндээ төдийлөн өөрчлөлт хийгээгүй “Арвис”-ын залуус тоглолтын эхнээс хүчирхэг “Улаанбаатар Сити”-гийн эсрэг муугүй тоглож, эхний хагаст ямар нэг гоол орсонгүй.
Шинэ улирлын өмнө МХБХ-ны супер цомыг өргөөд байсан “Улаанбаатар Сити” солилцоо наймааны цонхоор Артур Коуасси, Шон Пауэр, Остин Рожерс нарын легионерууд болон А.Нармандах, А.Тэмүүжин, Г.Ганбаяр нарыг багтаа элсүүлээд байлаа.
Тоглолтын 2-р үе эхлээд удаагүй байхад “Улаанбаатар Сити” клубийн довтлогч Ц.Түмэнжаргал гоолын салхийг хагалжээ. Гэвч тоглолтын 79 дэх минутад “Арвис”-ын довтлогч А.Амартүвшин нэгэн гайхалтай гоолыг оруулснаар энэ тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм.
Ийнхүү “Мазала” үндэсний дээд лигийн эхний тойргийн 5 тоглолтын гурав нь 1:1 гэсэн үр дүнгээр дууслаа.