Мазала Лиг

АНДУУД СИТИ 0:1 ДЭРЭН

Өнгөрсөн улиралд үндэсний дээд лигт 7-р байранд жагссан “Гоёо Эф Си” клуб шинэ улиралд ивээн тэтгэгч, нэрээ өөрчилж “Андууд Сити” болсон юм.
Тэдний эхний өрсөлдөгч нь жилээс жилд амжилт нь сайжирч яваа “Дэрэн” байлаа. 2017 онд 327 минутын турш хаалгандаа гоол алдаагүй “Андууд Сити” клубийн хаалгач Такүми Томизава багтаа эргэн ирсэн бол “Сэлэнгэпресс” клубт хагас улирал хүчин зүтгэсэн ОХУ-ын хамгаалагч Алим Зумакулов мөн тус багтай гэрээ байгуулжээ.
Харин А.Нармандах, А.Тэмүүжин зэрэг авьяаслаг тоглогчдоо алдсан “Дэрэн” клуб “Хоромхон”-ы Х.Цэнд-Аюуш, Тацүяа Нишио нарыг авсан билээ.
Энэ тоглолтын ялагч мөн л эцсийн мөчид шийдэгдсэн бөгөөд үндсэн цаг дуусахаас ердөө 2 минутын өмнө Тацүяа Нишио “Дэрэн” клубт 3 онооны үнэ цэнэтэй гоолыг оруулж, улирлыг хожлоор эхлүүллээ. Өмнөх 3 улиралд хүснэгтийн байраа тогтмол ахиулсан “Дэрэн” энэ улиралд медалийн төлөө тоглох нь тодорхой.
“Дэрэн” энэ Баасан гарагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд “Эф Си Улаанбаатар”-ыг хүлээн авна.