Ла лиг

МЕССИ ХЕТ-ТРИК ХИЙЖ БАРСА 25 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

Депортивог 4:2-оор буулган авснаар Барса Ла лигийн аваргын болзлоо хангалаа. 35-р тойргийн уг тоглолтонд Лео Месси хет-трик хийж, Коутиньо нэгийг бүртгүүлсэн юм. Ийнхүү Вальвердегийн залуус улирал өндөрлөхөөс 4 тоглолтын өмнө (34-р тойргийн нөхөн тоглолт байгаа) клубын түүхэн дэх 25 дахь лигийн аваргын цомоо баталгаажуулж байна. 21-р зуун гарснаас хойш ийм эрт Ла лигийн аваргын болзлоо хангасан баг Испанид өөр байхгүй.

Суперцомд Реал Мадридад 5:1-ээр хожигдож, Неймарыг алдсан зэрэг олон хэл ам, асуудал ихтэй эхэлсэн ч гэсэн Вальверде Камп Ноу дахь дасгалжуулагчийн анхны улирлаа дубльтэй дуусгаж байна. Долоо хоногийн өмнө тэд Севильяг хожиж Эзэн хааны цомыг өргөсөн юм.

Харин одоо Вальверде ялагдалгүй улирлыг өнгөрүүлсэн хэмээх испаний хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй амжилтанд хүрэхийг зорьж байна. Тэд Реал Сосьедадын 80-аад онд тогтоосон ялагдалгүй 38 тойрог явсан амжилтыг эвдэж түүхийг шинээр бүтээж байгаа юм.

Ирэх тойрогт тэд “ Эль Классико” хийж Реал Мадридтай тоглох бол дараа нь Вильярреал, Леванте, Реал Сосьедадтай тоглосноор улирлаа өндөрлүүлнэ.
Эрнесто Вальверде: “Аварга болох энэ зорилгыг биелүүлэхийн төлөө бид улирлын турш тэмцсэн. Эцэст нь түүндээ хүрч чадлаа. Лиг хамгийн урт хугацаанд үргэлжилж, хамгийн их тэсвэр, хөдөлмөр, хүч шаарддаг болохоор хамгийн үнэ цэнэтэй. Гол нь ялалт амжилтанд ханалгүй цааш үргэлжлүүлэн сайжирч, урагшилж, тэмцэх л хэрэгтэй” “Аваргуудын лигийн бүдрэлт мэдээж бидэнд хүнд цохилт болсон. Гэхдээ бид чадлаараа хичээж, өөрсдийн чадах бүхнээ хийсэн.

Тэгэхээр харамсах зүйлгүй. Би энд цом өргөж байгаа анхны дасгалжуулагч биш. Гайхалтай тоглогчид маанд үүнд хүрсэн гол гавьяатнууд. Харин одоо ялагдалгүй улирлыг дуусгах ажил бидний өмнө үлдээд байна”

Лионель Месси: “Бид, хөгжөөн дэмжигчид маань баярлах бүрэн эрхтэй. Улирлын турш бид энэ мөчийг хүлээсэн. Бүхий өрсөлдөгчдөөсөө бид толгой илүү байлаа. Нэг ч ялагдсангүй. Харин супер цом болоод аваргуудын лигийн хувьд гэнэтийн зүйл болсон. Харамсалтай. Гэхдээ хожигдолгүй лигт аваргална гэдэг зүгээр яриад өнгөрөх энгийн зүйл биш. Онцгой амжилт. Бид өөрсдөөрөө бахархах ёстой. Иньестаг явж байгаад харамсаж байна. Эхлээд Шави дараа нь Машерано.

Одоо Андрес. Тэд бүгд Барселонагийн бэлгэ тэмдэг болсон эрхмүүд. Иньестаг требльгүй үдэж байгаадаа би харамсаж байна. Тэр зэргийн хүндлэлийг тэр хүлээх эрхтэй нэгэн. Түүний энд юу хийж бүтээж үлдээсэн нь хэзээ ч мартагдахгүй. Цаашдынх нь ажил, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэж байна”

– СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

1 – Улирлын эхний 35 тойрогт хожигдол амсаагүй Ла лигийн анхны баг нь Барселона болж байна. (W25 D8).
7 – Долоон өөр улиралд 30+ гоол бүртгүүлсэн Ла лигийн түүхэн дэх анхны тоглогч нь Месси болов.
3 – Лео Мессид нэг тоглолтонд 3 гоолын дамжуулалт өгсөн анхны тоглогч нь Луи Суарес болов. – Найзууд.
11 – Депортивогийн “Мунисипаль де Риасор” цэнгэлдэхэд Месси 11 гоол оруулаад байна. Ла лигт түүний гоолдох дуртай өөр нэгэн цэнгэлдэх нь Сантьяго Бернабеу.