Премьер Лиг

Ливерпүүл vs Тоттенхэм: Ширүүн тулаан хэрхэн өрнөв?

Премьер лигийн топ-6 багуудаас Ливерпүүл болон Тоттенхэм багууд энэ тойрогт учраа таарч 2-2 харьцаатайгаар тэнцлээ. Тоглолтын төгсгөл төсөөлөмгүй байдлаар өнгөрсөн бөгөөд шүүгчийн эцсийн шийдвэрүүд олон хөгжөөн дэмжигчдийн дунд мэтгэлцээн үүсгэх шийдвэр болсон юм. Мөн тоглолт гайхалтай тактикийн тулаан байсныг дурьдах нь зүйтэй. 

Тоглолтын шүүгч Жон Мосс болон туслах шүүгч Эдди Смарт нар том шийдвэрийг гаргаж Почеттиногийн талд хоёр ч пеналтиг заасан бөгөөд нэг нь яалтачгүй буруу шийдвэр байсан юм.

Тоттенхэмийн хоёрдугаар хагасд үзүүлсэн тоглолт маш сайн байсан бөгөөд хөгжөөн дэмжигчдийнх нь удаан хүлээсэн чанартай тоглолт байлаа. Топ-6 эсрэг зочлон тоглосон тоглолтондоо тааруухан тоглож буй тэдний хувьд энэхүү тоглолт л агуулгын хувьд маш сайн байсныг дурьдах нь зүйн хэрэг. 

Тоглолтын хоёрдугаар хагаст үзүүлсэн тоглолтыг нь дүгнэж үзвэл Тоттенхэм ялалт авах эрхтэй баг нь байсан ч нэгдүгээр үеийг эргэн харвал Ливерпүүлийн давамгайлал дор байсан тул тэнцээ гэдэг үр дүн шударга байжээ. 

Эхний үе – Ливерпүүл тоглолтыг удирдав

Эхний хагасд Тоттенхэм илүүтэйгээр бөмбөг эзэмшиж байсан хэдий ч Ливерпүүлийн хамгаалалтыг нэвтэлж чадаагүй юм. Ливерпүүл Тоттенхэмийн довтолгоо хийх зайг маш сайн хааж чадаж байсан бөгөөд өөрсдөө сөрөг довтолгооноор гоол оруулах боломжийг хайж байлаа. 

Ливерпүүл Манчестер Ситигийн эсрэг авсан хожил дээрээ прессинг буюу шахалтыг маш эрчимтэй хийж бөмбөг тасалсан даруйдаа гоолын боломжийг хайж байсан бөгөөд тэр нь ч гайхалтай хэрэгжсэн юм. 

Харин энэ удаад Ливерпүүл илүү хойноос хүлээж тоглосон бөгөөд Садио Мане, Мохамед Салах нар бараг хамгаалагчдынхаа байрлал руу шахаж тоглож байсан нь тун сонирхолтой дүр зураг байв. 

Цаасан дээр Ливерпүүлийн хувилбар 4-3-3 байсан хэдий ч тоглолтон дээр 4-5-1 байсан ба үзүүрийн нэг довтлогчоор Фирмино тоглосон.

Тоттенхэмд чөлөөтэй довтолгоон эхлүүлэх боломж тун хомс байсан бөгөөд Эрик Дайер, Дембеле нар бөмбөгөө голын шугаманд маш амархан алдаж, тааваараа дамжуулах боломж ч олдсонгүй. Учир нь Ливерпүүлийн голын шугамны тоглогчид тун сайн ажилласан бөгөөд цаашлаад Сон, Алли, Эриксен нарт ч гоолын боломж үүсгэх орон зай байсангүй. Тоглогчид хоорондоо маш ойрхон байрлаж, дамжуулах  болон нээгдэх зайг бөглөж байсан нь Ливерпүүлийн эхний үед ялалт авах гол үндэс байлаа.

Хоёрдугаар үе – Тоттенхэмын давамгайлал

Тоглолтын хоёрдугаар үеэс бид шал өөр Тоттенхэмийг харсан бөгөөд боломж үүсгэж чадахгүй байсан зочид тун сайн тоглолтыг үзүүлж эхлэв. Шалтгаан нь Ливерпүүлийн тоглогчдын гүйлтийн тэсвэр муудаж, ядарч эхэлсэнтэй холбоотой. 

Тоттенхэм тэвчээртэй байж тоглолтын арга барилаа өөрчлөөгүй бөгөөд эхний үеийн оролдлогууд хэвээр байсан. Ливерпүүлийн гол ажлыг хийж байсан дундын шугамны тоглогчдоос Жордан Хэндэрсон 6 долоо хоногийн дараа гарааны анхны тоглолтоо хийсэн бөгөөд Жэймс Милнэр ч мөн адил хэдэн долоо хоног талбайд гараагүй байсан. Тиймээс дундын шугамны тоглогчид амархан ядралт авах нь гарцаагүй байлаа. 

Үүнээс Ливерпүүл эхний үед ямар нягт байсныг харж болох бөгөөд хоёрдугаар хагаст голын шугаманд зай бөглөж байсан тамирчдын гүйлт жаахан муудаж, жижиг зай гарахад л Тоттенхэм боломжуудыг үүсгэх боломжтой байсан юм. 

Торгуулийн цохилтууд

Талбайн үндсэн шүүгч Жон Мосс энэ тоглолтонд хоёр ч торгуулийн цохилтыг Тоттенхэмын талд заасан бөгөөд аль аль нь ярианы сэдэв болоод буй. 

Эхний цохилтын тухайд Харри Кэйн торгуулийн цохилт авах үедээ отон тоглолтонд орсон байсан бөгөөд тус торгуулийн цохилт өгөх үндэслэл зөв байсан ч түүнээс өмнө отонд орсон гэдэг утгаар хүчингүй болох байв. Харамсалтай нь Харри Кэйн тус боломжийг алдаж торгуулийн цохилтыг “салхинд хийсгэсэн” юм.

Хоёр дахь торгуулийн цохилтон дээр зарим аналистууд зөв гэдэг байр суурин дээр зогсож байгаа бөгөөд Эрик Ламелаг ч жүжиглэсэн гэж буруутгахгүй байна. Учир нь Ламелагийн маш ухаалаг үйлдэл байсан бөгөөд Ван Дикийг бөмбөг рүү хөлөө явуулна гэдгийг мэдээд урдуур нь орж контакт аваад газарт унасан. Улмаар Ван Дик, Ламела, шүүгч алийг нь ч буруутгах аргагүй гэдгийг тэд онцолж байгаа юм. 

Нөгөө талаас Ламелаг буруутгаж, шүүгчийг хоёр ч буруу пеналти заасан хэргээр асуудал дэгдээх хүмүүс олон байгаа юм. Үнэхээр л эхний торгуулийн цохилт отонгоос олдсон бол хоёр дахь торгуулийн цохилтон дээр Ламелагийн “гайхалтай” жүжиглэлт байсан хэмээн шүүмжилж байгаа юм.