Премьер Лиг

Арсен Венгер: Торгуулийн цохилт өгсөн нь “хошин шог” байлаа

Өнгөрсөн шөнө английн премьер лигийн топ багуудаас хоорондоо учраа таарсан нь Арсенал болон Челсигийн тоглолт байлаа. Арсеналын Эмирэйтс цэнгэлдэхэд болсон тус тоглолтонд талбайн эзэд шүүгчийн мэдлийн цагт гоолдож 2-2-оор тэнцсэн. Эхний гоолыг Арсенал оруулсны дараачаар Челси хоёр гоолыг дараалан оруулсан бөгөөд нэг гоолыг нь торгуулийн цохилтоос оруулсан юм. Гэвч тус шийдвэртэй Арсеналын босс Арсен Венгер санал нийлэхгүй байгаа бөгөөд английн хөлбөмбөгийн холбоонд хүсэлт гаргасан байна.

Уг тоглолтын өмнөх тойрогт Арсенал Вест Бромын талбай дээр зочилж 1-1 харьцаатайгаар тэнцсэн бөгөөд Вест Бром торгуулийн цохилтоос гоолоо оруулсан. Тус шийдвэрт Арсеналын босс Венгер мөн л сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд амжсан юм.

Арсен Венгер Эдэн Азар дээр заасан торгуулийн цохилтын талаар:

“Энэхүү шийдвэрийг “хошин шог” шиг байсныг дурьдмаар байна. Хэрвээ иймэрхүү алдаанд торгуулийн цохилт өгөөд байх юм бол нэг тоглолтонд 10 торгуулийн цохилт ч зааж болно. Английн хөлбөмбөгийн цаасан дээрх дүрэм болон гадаадын дүрэм хоёрыг харьцуулаад харах хэрэгтэй. Яг энэ мөчид бид үнэхээр “хошин” шийдвэртэй нүүр туллаа. Хөлбөмбөгийн иймэрхүү гайхалтай тоглолтон дээр ийм онцгүй зүйл харсандаа харамсаж байна” хэмээн Skysports-д ярьсан байна.