Өнөөдөр монголын цагаар 20:00-ээс дэлхийн хөлбөмбөгийн хамгийн үзүүштэй, онц сонирхолтой тулаан гэгддэг Барселона болон Реал Мадрид багуудын тоглолт болох гэж байна.
Саяхан клубуудын дэлхийн аваргад түрүүлээд ирсэн Реал Мадридчууд одоогоор ла лигийн дөрөвдүгээр байранд тэргүүлэгч Барселонагаас 11 онооны ард бичигдэж байна.
Реал Мадридын сүпэр одууд болох Криштиану Роналду болон Гарет Бэйл бага зэргийн бэртэлтэй байсан ч энэ тоглолтонд оролцоход ямар ч асуудалгүй гэдгийг багийн дасгалжуулагч Зинедин Зидан мэдэгдсэн.
“Тэр зүгээр байгаа. 100% ямар ч асуудалгүй. Тэр өнөөдөр бэлтгэлээ сайн хийсэн” хэмээн Зидан Роналдугийн талаар ярьжээ.
Гарет Бэйл ла лигийн тоглолтонд 9-р сараас хойш оролцоогүй байгаа бөгөөд саяхан клүбүүдийн дэлхийн аварга дээр багтайгаа нэгдсэн билээ.
Дасгалжуулагчид юу ярив?
Барселонагийн дасгалжуулагч Эрнесто Валверде: “Бид өөрсдийгөө хожих магадлал илүүтэй гэж бодохгүй байна. Лигийн хүснэгтийн байрлал иймэрхүү тоглолтон дээр нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна.
Реал Мадрид бол маш хүчирхэг баг. Тэд таныг ямар ч сайн формтой байсан, ямар ч сайн байсан хожих боломжтой баг. Мөн тэд гэртээ тоглоно гэдгийг санах хэрэгтэй.
Реал Мадридын дасгалжуулагч Зинедин Зидан: “Бид онооны зөрүүний талаар бодохгүй тоглох ёстой. Бид өөдрөгөөр төсөөлөх хэрэгтэй. Бид талбайн аль ч хэсэгт илүү сайн. Бид хэрвээ энэ тоглолтонд хожигдлоо ч лиг ингээд дуусахгүй.
Зинедин Зиданы Реал Мадрид улирлын өмнө энэ жилийн ла лигийн гол фаворит байсан. Тэд өнгөрсөн улиралд ла лигт түрүүлж, аваргуудын лигийн цомыг сүүлийн хоёр жил дараалан өргөөд буй. Гэвч Барселона улирлын эхнээс тэднээс илүү тоглолтыг үзүүлж одоогоор ла лигт нэг ч ялагдал хүлээгээгүй байна.
Реал Мадрид аваргуудын лигт түрүүлснийхээ дараачаар Барселонаг буулган авч Испанийн сүпэр цомын эзэд болсон төдийгүй УЕФА-гийн сүпэр цомд Манчестер Юнайтэдыг буулган авч ээлжит цомоо гардсан юм.
Барселонагийн хувьд лигийн хүснэгтийг тэргүүлж буй төдийгүй хоёрдугараа байранд жагсаж Атлетико Мадридаас 6 оноо илүү явж байгаа нь тэдний форм ямар сайн буйг илтгэнэ. Валвердегийн удирдлаган дор тэд испанийн сүпэр цомд Реал Мадридад хоёр тоглолтонд хожигдож эхлүүлснээс хойш нэг ч ялагдлыг хүлээгээгүй байгаа. Аваргуудын лиг, Испанийн лиг аль алинд нь хожигдоогүй байгаа нь тэднийг энэ тоглолтын фаворит болоход гол нөлөөг үзүүлж байна.
- Реал Мадрид сүүлийн хоёр Эл Класикод хоёуланд нь ялалт байгуулсан. Тэр нь энэ жилийн испанийн сүпэр цомын төлөөх тоглолт байв. (3-1, 2-0). Хэрвээ Реал Мадрид энэ тоглолтонд ялалт байгуулвал 1978 оноос хойш анх удаагаа Барселонаг гурав дараалан буулгаж авах юм.
- Эрнесто Валверде хэрвээ энэ тоглолтонд ялагдал хүлээвэл эхний гурван Эл Класикодоо дараалан ялагдал хүлээсэн цөөхөн дасгалжуулагчдын нэг болно. Өмнөх ийм үзэгдэл нь 1940 онд тохиож байв.
- Роналду өнөөдөр гоол оруулвал Реал Мадридад элссэнээсээ хойшх Барселонагийн хаалганд 18 дахь гоолоо оруулж Алфредо Ди Стефаногийн амжилттай зэрэгцэж Реал Мадридын Эл Класикогийн бүх цаг үеийн мэргэн бууч болно гэсэн үг юм.
- Леонэл Мэсси Эл Класикогийн түүхэнд хамгийн олон гоолыг оруулсан хөлбөмбөгчин бөгөөд нийт 24 гоолыг Реал Мадридын хаалганд оруулсаны 14-ыг нь Сантиаго Бернабеу буюу Реалын талбайд оруулж байжээ. 16 гоолыг нь ла лигийн эл класикод оруулсан байна.
- Реал Мадрид лигтээ Барселонагаас 11 оноо алдаж буй нь 1995-96 оны улирлаас хойшх муу үзүүлэлт болж байна. Тухайн үед Барселона Эл Класикод хожил байгуулж онооны зөрүүг 11 болгож байв. Хэрвээ өнөөдөр Барселона хожвол түүнээс илүү онооны зөрүү гарч 14 болох юм.
- Энэхүү тоглолт хоёр багийн 237 дахь Эл Класико бөгөөд өмнө нь 95 удаа Реал хожиж, 92 удаа Барса хожиж, 49 удаа тэнцэж байжээ.
- Барселона нийт 384 гоолыг Реалын хаалганд оруулсан бол Реал Мадрид 399-ыг оруулсан.
Гарет Бэйл гараанд гарч чадах уу?
Гарет Бэйлээс хойш Зидан багийн хувилбарыг 4-3-3-аас өөрчилж 4-4-2-оор илүү их тоглох болсон. Өмнө нь урд шугаманд Роналду, Бэйл, Бензема гэсэн хослол гардаг байсан бол Бэйлын бэртлийн дараагаар урдаа Роналду, Бензема гэсэн хослол гарах болж илүү ромбо хувилбарыг чухалчилах болсон.
Казимейро талбайн төвийн шугаманд найруулагчид болох Модрич болон Кросс нарын голд байрлаж тус гурван тоглогчийн урд Иско довтолгооны хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Ингэснээр Бэйлтэй байхад харагддаг байсан хурд хүчний тоглолтууд Искогийн илүү бүтээлч, уян хатан тоглолтоор солигдсон.
Одоогоор Реал Мадридын тоглож буй Реал Мадридын хувилбарт Гарет Бэйлын тоглох орон зай нээлттэй байгаа гэж хэлэхэд тун хүндрэлтэй. Бэйлтэй байхад үзүүлдэг байсан жигүүрийн тоглолтыг Марселон болон Карвахал нараар нөхөж байгаа.
Гэхдээ зарим экспертүүд Реалын одоогийн хувилбарыг бэртлээс болж зайлшгүй байдлаар ашигласан гэж үзэж байгаа бөгөөд Бэйлыг ирсэн нөхцөлд BBC хувилбар дахин хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Ямартай ч Реалын хувьд бэртлийн өмнөх хэрэглэж байсан хувилбараа сонгож Бэйлийг гараанд гаргах уу эсвэл сүүлийн саруудад хэрэглэж дадсан хувилбараа сонгох уу гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байна.