Шуум

Барса Эриксоны араас

Испанийн алдарт Барселона клуб ирэх өвлийн солилцоо наймааны цонхоор Дани хагас хамгаалагч Кристиан Эриксонд үнийн санал хүргүүлэх гэнэ. Сүүлийн жилүүдэд тогтмол өндөр формтой тоглож буй Дани эрийг өөрсдийн болгох боломжтой гэж Барселонагийн төлөөлөгчид үзэж буй аж.

Кристиан Эриксоны хувьд 4 жилийн өмнө Аякс клубээс ердөө 11 сая фунтээр Тоттенхэмд ирж байсан юм. Тэрбээр хойд Лондонгийн багийн довтолгооны хамгийн чухал тамирчдын нэг юм. Энэ улиралд 4 гоол, 4 гоолын дамжуулалт өгсөн нь багийн мэргэн бууч довтлогч Хари Кэйний ард бичигдэх амжилт үзүүлээд буй юм.

Барселона клубын хувьд өнгөрсөн зун багийн цом болсон тоглогч Нэймарыгаа ПСЖ -руу дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин болгож зарсан. Түүнийг орлуулхаар ирээдүйтэй залуу довтлогч Осман Дэмбэлэг авсан ч ашиглаж чадалгүй бэртэлд алдаад буй.

Мөн өнгөрсөн солилцоо наймааны цонхоор Филлип Коутиньог авахаар гурван ч саналыг Ливерпүүлд хүргүүлсэн ч татгалзсан хариуг ээлж дарааллан авсаар аргагүйн эрхэнд Хятадын Лигээс Паулиньог 40 сая фунтээр авч байсан билээ.

Барселона Эриксоноос гадна Мэсүт Өзил, Марко Вератти нарыг хагас хамгаалалтын байрлалд сонирхож байгаа ажээ.