Премьер Лиг Албан ёсны

Роналд Куман халагдлаа

Эвертон баг өнгөрсөн бүтэн сайн өдөр Арсеналд 5:2 харьцаатайгаар хожигдсны дараагаар Нидерланд мэргэжилтэн Роналд Куманыг ажлаас нь халлаа. Куман тус тоглолтын дараа нөхцөл байдлыг сайжруулж чадах талаараа ярьж байсан боловч багийн удирдлагууд түүнд цаашид боломж олгох боломжгүй болсноо мэдэгдсэн байна. Эвертончууд 9 тойргийн дараах байдлаар ердөө 2 хожил байгуулж 8 оноотойгоор хүснэгтийн 18-р байранд жагсаж байгаа нь багийн удирдлагуудыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн нь ойлгомжтой.

Роналд Куман Эвертон багийг 16 сарын хугацаанд удирдсан бөгөөд өнгөрсөн улиралд лигтээ 7-р байранд жагсаж Европа лигийн урьдчилсан шатны эрхийг авсан амжилттайгаар улирлыг үдсэн юм. Цаашдаа Эвертоны дасгалжуулагчийн ажил дээр Дэвид Моес ирэх магадлал өндөр байгааг английн хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ.