Наймаа

Жо Харт Манчестер Ситиг орхих уу?

(Photo by Matthew Ashton – AMA/West Bromwich Albion FC via Getty Images)

Английн Манчестер Сити клубын хаалгач Жо Харт BBC-д өгсөн ярилцлагадаа  энэ удаа багийг бүрмөсөн орхино гэдгээ дурдсан байна.

31 настай Англи хаалгачийн хувьд 2016 онд Пеп Гуардиалог ирснээс хойш Ситигийн төлөө ердөө ганцхан тоглолтонд оролцсон. Түүний  хувьд шинэ дасгалжуулагчийнхаа тактикт нийцэхгүй, бөмбөгтэй тоглолт тааруу гэдэг шалтгаанаар багийнхаа бүрэлдэхүүнээс ‘автоматаар хасагдсан’ гэхэд болно. Тиймээс  өнгөрсөн 2 жилийн хугацаанд Италийн Торино, болон Английн Вест Хэм клубуудэд зээлээр тоглосон юм. Мөн үүнээс гадна  2018 оны ДАШТ-д оролцох Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд ч багтаж чадаагүй гээд Хартын карьер сүүлийн 2 жилийн хугацаанд уналтанд орсон юм.

(Photo by Catherine Ivill – AMA/WBA FC via Getty Images)

‘Би өөрийнхөө хийх ёстой байсан зүйлийг л өнгөрсөн 2 улирлын турш хийлээ. Хэдийгээр зээл боловч надад тоглох нь л чухал. Учир нь ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтаж, эх орноо төлөөлж тоглоно гэдэг надад хамгийн хэрэгтэй зүйл байсан юм. Гэтэл одоо миний хаана байгааг хар!’

Жо Хартын Манчестер Сититэй хийсэн гэрээ 1 жилийн дараа дуусах бөгөөд тэрээр үргэлжлүүлэн: ‘Би хангалттай туршлагатай болсон, удаан хугацааны турш өндөр түвшинд тоглож, энэ тоглоомонд өөрийн чадах чинээгээрээ их зүйлийг хийсэн гэж боддог.’

‘Би багтаа чухал үүрэгтэй, гол тоглогчдын нэг нь баймаар байна. Тиймээс энэ бүхэн Ситигээс зээлээр биш, бүрмөсөн явсан цагт л биелэх боломжтой.’

Хэдийгээр Пеп Гуардиало Ж.Хартыг багтаа үлдээх “арга зам” олох болно гэдгээ мэдэгдээд байсан боловч, одоогийн нөхцөл байдлаас харахад Жо Хартад үлдэх ямар ч шалтгаан байхгүй.

‘Би өөртөө болоод гэр бүлийнхэндээ л хэрэгтэй шийдвэрийг гаргах  болно. Миний хувьд хэцүү сонголтын өмнө тулчхаад байна.’

Жо Харт улирлын өмнөх аялан тоглолтын бүрэлдэхүүнд багтаж, АНУ-руу багийнхантайгаа хамт явсан бөгөөд, International Champions Cup-2018 тэмцээнд Боруссиа Дортмундад 1-0 харьцаатай хожигдоход тоглолтын хоёрдугаар хагаст тоглосон юм.

Гэхдээ түүний  хувьд багтаа аль хэдийн Эдерсон, Клаудио Браво нарын дараагийн сонголт, 3-р хаалгач болчихсон учраас ПЛ-ийн аваргуудын төлөө тоглох цаг нь бараг л дууссан гэж хэлж болно.

‘Би бүх лигүүдэд дуртай.  Английн Премьер Лиг, Сери А хоёулаа л надад маш их туршлага болсон. Тиймээс хаана ч тоглосон надад татгалзах юм алга.’

Ж.Харт  шигшээ багийнхаа төлөө 75 тоглолтонд оролцсон бөгөөд 2012, 2016 оны Европын АШТ, 2014 оны ДАШТ-д Английн үндсэн хаалгачаар тоглож байсан юм. Харин 2018 оны ДАШТ-д Гарет Саутгейт түүнийг үлдээж, оронд нь Эвертоны Жордан Пикфордыг үндсэн хаалгачаар ‘томилсон.’

(Photo by Christopher Lee – UEFA/UEFA via Getty Images)

Үргэлжлүүлэн Хартаас Английн шигшээд дахин дуудагдаж, тоглох боломжтой талаар асуухад тэрээр: ‘Мэдээж хэрэг. Би одоо дөнгөж 31 настай. Залуу, эрүүл, эрч хүчтэй хэвээрээ байна шүү дээ’ гэж хариулсан байна.

Одоогоор Жо Хартыг Челси клуб сонирхож  байгаа бөгөөд,  хэрвээ Лондоны баг үндсэн хаалгач Тибо Куртуаг Реал Мадридад алдвал,  Жо Хартаар орлуулна гэсэн шуум гараад байгаа юм.