ДАШТ

2018 оны дэлхийн аваргын онцлох 7 мөч

Бид 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 тоглолтын ард гарлаа. Эдгээр тоглолтуудад олон гайхалтай мөчүүд өнгөрч, бидний сэтгэлийг догдлуулж, баярлуулж, уйлуулж, гомдоож чадсан билээ. Олон томоохон үйл явдал дунд тэмцээний хувь заяаг шийдсэн хэдхэн сэкундэд болоод өнгөрсөн гайхалтай мөчүүдийг дурсахгүй байхын аргагүй. Тоглогчийн нэг шийдвэр, нэг буруу үйлдэл тухайн тоглолтыг байтугай тэмцээний хувь заяаг шийдсэн нь бий. Тэгвэл Football Tribe Mongolia та бүхэндээ 2018 оны дэлхийн аваргын онцлох 7 мөчийг хүргэж байна.

Дэлхийн шилдгүүд чухал цохилтоо алдав

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг тус бүр 5 удаа хүртсэн Криштиану Роналду, Лионэл Мэсси нар Португал болон Аргентины шигшээ багуудынхаа гол баатар нь болох ёстой байв. Багийн гол найдвар болж байсан хоёр тоглогч тэмцээнийг өндөрлүүлэх хүртлээ багтаа чухал тоглогч байж чадсан ч ганцхан мөчид багийнхаа боломжийг үгүй хийсэн гэхэд хэлсдэхгүй.

Учир нь Исландын эсрэг алдсан Мэссигийн торгуулийн цохилт тэднээс 2 оноог булаасан бөгөөд улмаар хэсгийн 2-р байраар шалгарч Францтай таарах нөхцлийг бүрдүүлсэн. Аргентин Исландыг хожсон ч Хорватаас оноо дутах байсан хэдий ч Исландыг хожсон бол Хорватын эсрэг сэтгэлзүйн хувьд тийм хүнд байдалтайгаар орохгүй байсан нь тодорхой.

Исландын хаалгач Халдорссон Мэссигийн цохилтыг хааж буй нь (Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)

Криштиану Роналду тэмцээний эхний хоёр тоглолтонд гялалзаж чадсан ч гурав дахь тоглолтонд Ираны эсрэг торгуулийн цохилт алдаж хожлоо боломжоо алдсан. Хэрвээ Роналду тэрхүү торгуулийн цохилтыг оруулсан бол Португал хэсгээ тэргүүлж ОХУ-тай таарах байсан юм. Тэрхүү тохиолдолд юу болох байсныг нь бид мэдэхгүй ч ядаж Франц, Уругвай, Бельги, Бразил, Аргентин зэрэг хүчирхэг улсуудын эсрэг талд гарах байсныг мэднэ.

Аднан Янузайн гоолын нөлөө

Бельги, Английн багууд хэсгээс шалгарах нь ойлгомжтой болсон үед хоорондоо хэсгийн сүүлийн тоглолтыг хийсэн юм. Тус тоглолтонд хожигдсон баг хэсгийн хоёрдугаар байраар шалгарч Франц, Уругвай, Бразил, Аргентин, Португал зэрэг хүчирхэг улсуудын эсрэг талд гарах байлаа. Улмаар хоёр баг сэлгээний бүрэлдэхүүн гаргаж тоглосон бөгөөд тоглолтын цорын ганц гоолыг Аднан Янузай оруулж Бельгид хожлыг авчирсан. Тийнхүү хэсгийн хоёроор гарсан Англичууд Колумб, Швед, Хорватын багуудтай хасагдах шатанд тоглосон билээ. Хэрвээ тэр тоглолтонд Янузай гоол оруулалгүй дуусч Бельги хоёрдугаар байраар шалгарсан бол юу болох байсан бол. Бельгичүүд Бразилыг буулгаж авсан шигээ, хүрлийн төлөө Английн хожсон шигээ Хорватыг хожиж финалд Францтай тулах боломжтой байсан болов уу?

Тони Кроосын гайхамшигт баруун хөл, гайтай солгой хөл

Тони Кроосын Шведийн эсрэг сүүлчийн минутанд оруулсан баруун хөлийн гайхалтай цохилт. Тэрхүү гоолын ачаар Германчууд Шведийг буулган авч хасагдах шатанд гарах боломжоо хадгалж үлдсэн. Германын хөлбөмбөгийн түүхэн дэх торгон мөчүүдийн нэг. Төгс гоолуудын нэг!

 Харин хэсгийн сүүлийн тоглолтонд Солонгосын эсрэг булангаас ирсэн бөмбөгийг Кроос солгой хөлөөрөө өөрийн хаалганы чиглэлд хатгасан нь Солонгосын багийн Ким Ён Вонд гоол оруулах боломжийг гарган өгсөн. Хэрвээ тэр үед Кроос солгой хөлөөрөө тэрхүү бөмбөгийг санамсаргүй гаргаж өгөөгүй бол Германчууд Өмнөд Солонгост хоёр гоолыг алдахгүй байсан биз ээ. Магадгүй сүүлийн минутуудад олон оролдлогуудынхаа нэгийг гоол болгож хасагдах шатанд гарах байсныг ч үгүйсгэхгүй. Юу болох байсныг таашгүй хэдий ч Тони Кроосын энэхүү хоёр мөч энэ дэлхийн аваргын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг гэдэг нь гарцаагүй юм.

Игор Акинфеев Оросын бахархал

Тэмцээний туршид сайн тоглолтыг үзүүлсэн Игор Акинфеев шөвгийн 16-д Оросын бахархал болсон мөчийг дурьдахгүй байхын аргагүй. Нутаг дээрээ зохиож байсан ОХУ-г хэсгээс шалгарахад гайхах хүмүүс байгаагүй ч Испанийг хожиход гайхах, бишрэх зэрэгцэх үйл явдал дэлхий нийтэд тохиолдсон юм. Дэлхийн аваргын хүчтэй багуудын нэг, 2010 оны дэлхийн аваргуудыг тэд шөвгийн 16-д буулган авсан билээ. Үүнд гол үүргийг хаалгач Игор Акинфеев гүйцэтгэж торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэхэд 2 цохилтыг хааж багаа ялалтанд хөтөлсөн. Нутаг дээрээ торгуулийн цохилтоор ялалт байгуулж дэлхийн шилдэг 8 багийн нэг болох шиг гайхалтай мөч ОХУ-д ховор тохиолдох биз ээ.

Игор Акинфев солгой хөлөөрөө Иаго Аспасын цохилтыг хааж буй нь (Photo by Joosep Martinson – FIFA/FIFA via Getty Images)

Робэрто Мартинэзийн давхар солилцоо

Бельгийн алтан үеийн залуус шөвгийн 16-д Японтой таарч 65 дахь минут хүртэл 2:0-ээр хожигдож байлаа. Хэн ч Бельгийн энэхүү хүчирхэг багийг Японд ийм харамсалтайгаар хожигдоно гэж төсөөлөөгүй биз. Харин 65 дахь минутанд Робэрто Мартинэз үүнийг бодит биелэл болгохгүйн тулд давхар солилцоог оруулсан нь Фэллаини, Шадли нарын солилцоо байв. Маш хүнд байдалд ороод байсан Бельгичүүдийг тэрхүү хоёр сэлгээ аварсан бөгөөд тоглолтын төгсгөлийн хоёр гоолыг тус хоёр тамирчин оруулж Бельги 3:2-оор ялалт байгуулсан юм. Түүхэн эргэн ирэлтийг хийсэн Бельгичүүдийн сүүлийн гоол шүүгчийн мэдлийн цагт, цаашилбал сүүлийн минутанд орсон билээ. Гоолын эзэн Насэр Шадли! Робэрто Мартинэзийн нүдээ олсон сэлгээ энэхүү гайхалтай мөчийг бодит байдал болгосон юм.

Улмаар Фэллаини, Шадли нар дараагийн тоглолтондоо Бразилын эсрэг гараанд гарч Бельгичүүд дэлхийн таван удаагийн аваргуудыг 2:1-ын харьцаатайгаар буулган авсан билээ. Мартинэзийн давхар солилцоо хоёр тоглолтонд Бельгийг аварч дэлхийн аваргын медалийг зүүхэд чухал нөлөөг үзүүлсэн юм.

Манжүкичийн гоол Английн мөрөөдлийг үгүй хийв

Хорват ердөө 4 сая хүн амтай жижиг улс. Югославаас салан тусгаарласан энэхүү жижиг улс 1998 онд дэлхийн аваргын хагас шигшээ хүртэл явж байсан нь тэдний дээд амжилт. Тэгвэл энэ удаад хэзээ ч төсөөлж байгаагүй дэлхийн аваргын финалдаа хөлбөмбөгийн эх орон Английг хожиж хүрсэн юм. Энэхүү төгс амжилтанд хүрэхэд Марио Манжүкичийн 109 дэх минутанд оруулсан гоол хэрэг болсон билээ. Тэрхүү гоол, тэрхүү мөч, тэрхүү баяр цэнгэл… Гайхалтай! Хорватуудын энэ дэлхийн аваргын хамгийн баяртай мөч байсан нь тодорхой. Тэд Англид 1:0-ээр хожигдож яваад 2 гоол хийж хожин финалд үлдсэн нь энэ билээ.

Хаалгачдын түүхэн дуэл

Нэг тоглолтонд нэг торгуулийн цохилт хаахад л хаалгач нар магтаал сайшаалын эзэд болдог. Тэгвэл нэг тоглолтонд 6 торгуулийн цохилтыг хоёр хаалгач нийлж хийхийг харж байсан уу? Үүнийг бодит болгосон эрхмүүд бол Хорватын хаалгач Даниэл Субашич болон Данийн хаалгач Каспэр Шмэйхэл нар. Шмэйхэл шүүгчийн мэдлийн цагт Лука Модричийн торгуулийн цохилтыг хаасан. Улмаар багаа торгуулийн цохилтонд хүргэсэн Шмэйхэл торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэх тэр үед 2 цохилтыг мөн хааж чадсан. Харин Хорватын хаалгач Субашич торгуулийн цохилтын үеэр түүнээс илүү байж 3 цохилтыг хааж Хорватыг аварсан юм. Тоглолтын туршид нийт торгуулийн цохилт хаасан харьцаа 3:3! Хаалгачдын түүхэн дуэл.