ДАШТ

Мэссиг зогсоосон учраас Кэйн асуудал биш

Златко Далич: Мэссиг зогсоож чадсан учраас Кэйнийг ч гэсэн зогсоож чадна (Photo by Lars Baron – FIFA/FIFA via Getty Images)

Хорватын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Златко Далич Английн эсрэг хийх хагас шигшээ тоглолтын өмнө ярилцлага өглөө. Тэрбээр Аргентины эсрэг Мэссиг зогсоож чадсан учраас Английн эсрэг Харри Кэйнийг зогсооход ямар ч асуудалгүй талаар ярьсан байна.

Хорватын шигшээ баг шөвгийн наймд талбайн эзэн ОХУ-тай тоглож өрсөлдөгчөө торгуулийн цохилтоор буулган авсан билээ.

Златко Далич: “Бид өөрсдийн хүчиндээ итгэж байна. Бид Англиас айхгүй байгаа. Кэйн бол тэмцээний мэргэн бууч. Түүнийг зогсоохоод хэцүү. Гэхдээ манай төвийн хамгаалагчид тэднийг зогсоож чадна гэж бодож байна. Бид Мэсси болон Кристиан Эриксэн нарыг зогсоож чадсан. Тиймээс Кэйнийг зогсоож чадна гэдэгт итгэж байна.’

Стэрлинг шигшээ багийнхаа төлөө 42 тоглож ердөө 2 гоолыг оруулж байсан. (Photo by David Ramos – FIFA/FIFA via Getty Images)

Рахээм Стэрлинг сүүлийн 3 жилд английн шигшээ багийн өмсгөлтэйгээр тоглохдоо нэг ч гоолыг оруулаагүй. Тиймээс хөгжөөн дэмжигчид нь түүнийг ихээхэн шүүмжилж байгаа юм.

Златко Далич: “Тэд бол хагас шигшээд гараад ирчихсэн баг. Тиймээс тэдний сул талыг дурьдах гэж хичээх нь буруу биз. Тэд маш сайн тоглолтыг үзүүлж байгаа. Тэдний хурд үнэхээр гайхалтай. Миний бодлоор Рахээм Стэрлинг маш чухал тоглогч. Тэр маш хурдан бөгөөд Харри Кэйнтэй маш сайн хослолыг үүсгэж байгаа.’ хэмээн ярьжээ.

Хорватын шигшээ баг одоогоор хасагдах шатанд хоёр тоглохдоо хоёр өрсөлдөгчөө аль альныг нь торгуулийн цохилтоор буулган аваад байгаа. Харин Английн шигшээ баг Колумбын эсрэг торгуулийн цохилтоор ялагчаа шийдвэрлүүлж улмаар ялалт байгуулсан. Шөвгийн наймд Шведийн эсрэг тулж 2:0-ээр буулган авсан бөгөөд Алли, Магуэр нар хожлын гоолыг оруулсан юм.

Англи болон Хорватын шигшээ багуудын тоглолт 7-р сарын 11-нд 02:00 цагаас явагдана. Хожсон баг алтын төлөө тоглох бол хожигдсон баг хүрлийн төлөө тоглоно.