ДАШТ

Шөвгийн наймын эхний тулааны өмнө

Франц-Уругвай тоглолт болох Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэн 45000 хүний суудалтай
(Photo by Gokhan Balci/Anadolu Agency/Getty Images)

Долоон гоолтой сонгодог тоглолт, итгэмээргүй эргэн ирэлтүүд, Английн шигшээн анхны торгуулийн цохилтоор авсан хожил гээд үзэж харах, ирээдүйд дурсан ярих зүйл ихтэй Дэлхийн Аварга шувтрах шатандаа орж байна. 

Шөвгийн 8-ын эхний тоглолт Франц-Уругвайн хооронд 7-р сарын 6-ны 22 цагт Нижний Новгородод эхэлнэ.

Багуудын мэдээлэл

Уругвайн шигшээ багийн гол довтлогч Эдинсон Кавани Португалтай хийсэн тоглолтонд шилбэндээ гэмтэл авч талбайг чөлөөлсөн. Түүний хувьд шөвгийн 8-н тоглолтыг өнжих магадлалтай байна. Хэрвээ Кавани тоглох боломжгүй болбол түүнийг орлож Кристиан Стуани, Луис Суарезтай хамт гараанд гарч тоглоно.

Харин Францын багаас шар хуудасны торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжихөөр болсон Блэйз Матиудигийн оронд хагас хамгаалалтанд хэнийг гаргах бол гэдэг сонирхолтой. Дидье Дешам ямар хувилбараар тоглохоос шалтгаалж хэнийг гаргахаа шийдэх болов уу.


Францын довтолгооны гол хүч Антуан Гризманн Атлетико Мадрид багийнхаа хамтрагчид Диего Годин, Хосе Хименезийн хүчирхэг хамгаалалтын хослолын эсрэг тулах гэж байна. Сонирхуулахад, Диего Годин бол Антуан Гризманны охины загалмайлсан эцэг.

Уругвайн шигшээ ДАШТ-д оролцох эрхээ авсны дараа Гризманн Мадридын онгоцны буудал дээр Годин, Хименез хоёртой уулзахдаа Уругвайн өмсгөлийг өмссөн байсан бөгөөд “Миний биеийн тал нь Уругвай” гэж хэлсэн удаатай.

Уругвай улсад би хайртай, тэдний эсрэг тоглоно гэдэг үнэхээр сэтгэл хөдлөм байх болно.(Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

Тэмцээн эхэлснээс хойш  4 тоглолтонд ердөө 1 гоол алдаад байгаа Уругвайн хамгаалалтын эсрэг Францын залуу “супер” довтлогчид –  Энэ тоглолтын “түлхүүр” тулаан энд өрнөх болно. 

ФРАНЦ – Тэдний бүрэлдэхүүнд дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй 5 тоглогчийн 3 нь буй. Килиан Мбаппе, Монакогоос ПСЖ рүү 180 сая еврогоор (159 сая паунд) шилжсэн түүний хувьд шөвгийн 16-д Лионел Мессигийн Аргентиныг “мултлахад” 2 гоол оруулснаар агуу Пелегээс хойш ДАШТ-д 2 болон түүнээс дээш гоол оруулсан анхны залуу тоглогч болсон.

Килиан Мбаппе
(Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

Таамагласан гараа

Францын шигшээ багийн таамагласан гараа

УРУГВАЙ – Криштиану Роналдугийн Португалийн буцах тизийг нь тэд захиалсан. Тэдний довтолгоог өнөө цагийн хамгийн шилдэг “номер 9”-үүд  Луис Суарез, Эдинсон Кавани нар бүрдүүлж байна. Уругвайн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Л.Суарез, ПСЖ-ий бүх цаг үеийн мэргэн бууч Э.Кавани, энэ хослол Уругвайн төлөө 98 гоолыг оруулсан.

Эдинсон Кавани, Луис Суарез (Photo by Patrick Smith – FIFA/FIFA via Getty Images)

Таамагласан гараа

Уругвайн шигшээ багийн таамагласан гараа

 

ДАСГАЛЖУУЛАГЧИД ЮУ ХЭЛЭВ?

Оскар Табарез
(Photo by Patrick Smith – FIFA/FIFA via Getty Images)

Уругвайн шигшээ багийн дасгалжуулагч Оскар Табарез: “Францын хамгийн хүчирхэг хэсэг бол тэдний довтолгоо, Гризманн, Мбаппе. Хэрвээ бид тэдэнд [Франц] тоглох зай өгвөл, энэ тоглолт бидэнд улам л хэцүү болох болно.”


Дидье Дешам (Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам: ‘Кавани тоглох эсэхээс үл хамааран, бид бүх л зүйлд бэлэн байх ёстой. Түүний тоглох үгүйг 90 минутын өмнө л мэднэ шүү дээ. Тиймээс бид өөрсдийнхөө тоглолтонд л анхаарлаа хандуулж байна.


ТОГЛОЛТЫН ӨМНӨХ ТООН БАРИМТУУД

Хоорондын тоглолт:

  • Хоёр баг ДАШТ-ий хүрээнд 4 дэх удаагаа хоорондоо тоглох гэж байна. Гэхдээ хасагдах шатанд анх удаа!
  • Сүүлийн 2 тоглолт нь 2002, 2010 оны ДАШТ-ий хэсгийн шатанд болж,  0-0 харьцаатай дуусч байв. Харин 1966 онд Уругвай Францыг 2-1 харьцаатай хожиж байсан.
  • Францчууд Уругвайг хамгийн сүүлд 1985 онд Парист болсон нөхөрсөг тоглолтын үеэр л 2-0-ээр хожиж байсан.

Уругвай:

  • Хэрвээ тэд энэ тоглолтонд хожиж чадвал 1930 оноос хойш анх удаа ДАШТ-ий 5 тоглолтонд дараалан хожил авах юм. Харин тэр жилээ Уругвайчууд Алтан дагиныг өргөж байв.
  • Уругвайчууд 1970, 2010 онуудад энэ шатанд хожил авч байсан бол, тэд хамгийн сүүлд 1966 онд Баруун Германы шигшээ багт шөвгийн 8-н шатанд хожигдсон.
  • Эдинсон Каванигийн Уругвайн төлөө оруулсан 45 гоолын, 12-ынх нь дамжуулалтыг Луис Суарез өгч байсан.
  • 1966 оноос хойш зөвхөн Польшийн Грегорз Лато, Андрей Шармах болон Германы Михайл Баллак, Мирослав Клозе гэсэн хослолууд л ДАШТ-д 5 гоолыг оруулж байв. Харин Уругвайн Луис Суарез, Эдинсон Кавани нар одоогийн байдлаар 4 гоолыг оруулчхаад байна.
  •  Хаалгач Фернандо Муслера сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хаалгаа хуурай манасан бөгөөд, энэ тоглолтуудад нийт 10 хаалтыг хийсэн байна.

Франц:

  • 3 өнгөтнүүд энэ тоглолтонд хожвол 2006 оноос хойш анх удаа ДАШТ-ий хагас шигшээд тоглоно.
  • Тэд 2014 оны ДАШТ-ий шөвгийн 8-д Германд хожигдохоосоо өмнө 4 ДАШТ дарааллан шөвгийн наймын шатыг давж байсан.
  • Францууд Дэлхийн аваргын хүрээнд Өмнөд Америкийн багуудын эсрэг сүүлийн 9 тоглолтонд хожигдоогүйгээс (5 хожил, 4 тэнцээ) гадна, 7-д нь хаалгаа хуурай манасан.
  • Килиан Мбаппе одоогоор 3 гоолыг оруулчхаад байна. Түүнээс өмнө 1958 оны ДАШТ-д Бразилын домогт Пеле л ийм олон гоол (6) оруулж байв.
  • Антуан Гризманн   Европын аварга, ДАШТ-ий хасагдах шатны сүүлийн 5 тоглолтондоо 6 гоолыг  оруулсан. Гэсэн хэдий ч тэр ОХУ-д 12 оролдлогынхоо 2-ыг нь л гоол болгосон. Хоёулаа пеналти.
  • Францын шигшээ баг Гризманныг гоолдсон тоглолтонд нэг ч хожигдож байгаагүй. 17 хожил, 2 тэнцээ!

Франц Уругвай тоглолт ямар үр дүнгээр өндөрлөх вэ?

Vote to see the results
31% - 28 votes
32% - 12 votes