Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол тамирчдыг өөрийгөө дэлхий нийтэд нээн харуулж Европын томоохон багуудад тоглох үүд хаалгыг нээж өгдөг нэн тустай тэмцээн билээ. Тэгвэл энэ удаад ДАШТ-д сайн тоглож улмаар Английн Премьер лигийг зорьсон шилдэг 10 тоглогчийг та бүхэнд танилцуулж байна.
1994 онд АНУ-д зохиогдсон ДАШТ-д Нигерийн шигшээ баг анх удаа оролцож хэсгээ тэргүүлсэн. Энэ тэмцээнд Нигерийн сүпер бүргэдүүдээс гялалзсан хэд хэдэн тоглогч байсны нэг нь Даниэл Амокачи. хэсгийн сүүлийн тоглолтонд Грекийн багийн эсрэг хийсэн түүний гоол дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн шилдэг гоолуудын нэг болон бичигдэн үлдсэн байдаг. Тэмцээний дараа түүнийг Английн Эвэртон багийхаа түүхэнд байгаагүй өндөр үнээр буюу 3 сая фунтээр өөрийн болгосон байдаг. Тэр Эвэртоны төлөө 43 тоголтонд оролцож 10 гоол оруулсан.
Залуудаа олны танил болсон хэдий ч замнал нь дардан байгаагүй олон тоглогч байдгийн нэг нь Клэбэрсон. 2002 оны ДАШТ-д хүчирхэг Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж аварга авч чадсан түүнийг тэмцээний дараа Премьер лигийн акулууд болох Манчестэр Юнайтэд, Лийдс, Ньюкасл багууд сонирхож байсан бөгөөд Манчестэр Юнайтэд түүнийг өөрийн болгож чадсан. Харамсалтай нь Олд Траффордод хоёр жил болохдоо идээшиж чадалгүй ердөө 20 удаа талбайд гарч улмаар Туркын Бешикташруу явахад хүрсэн.
1998 онд Францад болсон ДАШТ-д оролцсон Мороккогийн шигшээ багаас онцгойрч байсан нэг тоглогч нь Мустафа Хаджи. Хэсгийн эхний тоглолтонд Норвегийн багийн эсрэг гоол хийж, Шотландыг 3:0-ээр хожиход онцгой сайн тоглосон Хаджи тухайн жилдээ Африкын шилдэг хөлбөмбөгч болж байсан. Үүний дараагаар түүнийг Английн Премьер лигийн Ковентри клуб 4 сая фунтээр өөрийн болгож байсан.
Өмнөх дэлхийн аваргад Экуадорын шигшээн хамт сайн тоглолт үзүүлж чадсан тоглогч бол Эннэр Валэнсиа. Дэлхийн аваргад гурван гоол оруулж чадсан нь түүнийг Премьер лигт тоглуулахад хангалттай байв. Тэмцээний дараа Валэнсиаг Вест Хэм клуб 12 сая фунтээр авсан.
1994 оны ДАШТ-д Румины шигшээ баг Аргентинийг 3:2 харьцаатайгаар хожиход 2 гоол оруулж нэг гоолын дамжуулалт өгсөн Илие Думитреску европын багуудын анхаарлыг татсан. Тэмцээний дараа түүнийг Англи, Испани, Италийн хэд хэдэн багууд сонирхож байсан ч тэрбээр Тоттэнхэмийг сонгосон. Харамсалтай нь Лондонгийн багт 2,6 сая фунтээр очсон Румин залуу тэндээ төдийлөн сайн байж чадаагүй бөгөөд ердөө нэг жил болж дараагаар Мексикийн лигрүү "цөлөгдсөн".
Хэдхэн хоногийн өмнө Нигерийн шигшээ багийн эсрэг гоол оруулж Аргентинчуудыг аварсан Маркус Рохо 2014 оны ДАШТ-д өөрийгөө дэлхий нийтэд таниулж байв. Төвийн хамгаалагч тэрбээр тухайн жил зүүн жигүүрийн хамгаалалтад тоглосноор өөрийгөө олон талын чадвартай гэдгийг баталж чадсан. Үүний дараагаар Нидерланд дасгалжуулагч Луй Ван Гаал Рохог 16 сая фунтээр Манчестэр Юнайтэдэд авчирч байхдаа <<Түүний ирээдүй үнэхээр гэрэлтэй харагдаж байна>> хэмээн ярилцлага өгч байв. Харамсалтай нь Аргентин залуу Жозе Моуриньогийн удирдлага дор төдийлөн гараанд гарч чадахгүй байгаа билээ .
2006 оны ДАШТ-д Камероны шигшээг урьдчилсан шатанд мулталж ДАШТ-д оролцсон Кот-д'Ивуарчууд Нидерланд, Аргентины багуудтай нэг хэсэгт 3-р байранд орсноор тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч хэсгийн шатны гурван тоглолт Дидье Зокораг Европруу тэр дундуу Премьер лигрүү явуулахад хангалттай байв. Тухайн тэмцээнд Кот-д'Ивуарын хагас хамгаалалтын ноёр нуруу болж байсан Зокораг Тоттенхэм 8,2 саяаар худандан авсан. Зокоро ч гурван жил Тоттенхэмийн төлөө зүтгэхдээ багийн гол тоглогчдын нэг болж чадсан билээ.
2010 оны ДАШТ-д Луйс Суарэзийн балгаар хагас шигшээд шалгарах боломжоо алдсан Ганы шигшээ багийн од нь Асамао Гяан байв. Тэмцээний дараа түүнийг Английн Сандэрлэнд багийхаа түүхэнд байгаагүй өндөр үнээр буюу 13 сая фунтээр багтаа нэгтгэсэн. Тэрбээр Премьер лигт эхний улиралдаа 11 гоол оруулж муугүй тоглолтыг үзүүлсэн ч түүний сайн тоглолт харамсалтай нь удаан үргэлжилж чадаагүй билээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сайн тоглож улмаар Премьер лигийг зорьсон өөр нэг Валэнсиа бол Антони. 2006 онд Экуадорын шигшээ багт байсан Антони Валэнсиа Виллареал клубд гурван жил "гологдсоны" эцэст 2008 онд Уиган клуб 5 сая фунтээр жинхэлж өөрийн болгож авсан. Уиганд ердөө нэг жил болсоны дараагаар тэрбээр Премьер лигийн акул Манчестэр Юнайтэдэд нэгдэж одоог хүртэл салшгүй нэг хэсэг нь болсоор явна.
Өмнөх дэлхийн аварга баг дараагийн ДАШТ-д хэсгээс гарч чаддаггүй гэсэн "уламжлалыг'' эхлүүлсэн баг бол Франц. 2002 онд Францын шигшээ багийг мултлахад гол нөлөө үзүүлж тухайн ДАШТ-дээ шөвгийн 8 хүрч чадсан Сенегалын багийн гурван тоглогч Премьер лигийг зорьж байв. Тэд бол алдарт Эль Хаджи Диоуф, Салиф Дьяо болон одоогийн Сенегалын шигшээ багийн дасгалжуулагч Алу Сиссе нар юм.