ДАШТ

Хэсгийн шатны ялагдагчид ба ялагчид

21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд явагдаж өндөрлөлөө. VAR технологи буюу бичлэг үзэх дүрэм шинээр нэвтэрснээр энэхүү дэлхийн аварга урьд хожид байгаагүй өвөрмөц өнгө аясаар явагдсан юм. Түүнийгээ дагаад маш олон шинэ амжилтыг тогтоож түүхэнд бичигдлээ. Хамгийн олон торгуулийн цохилт, хамгийн олон автогоол, хамгийн хурдан шар хуудас, хамгийн ахмад тоглогч тоглосон,
0-0 тоглолт хамгийн цөөхөн гарсан гээд олон рекордуудыг тогтоосон. Мөн хэсгийн шатанд тэргүүлэх магадлалтай байсан зарим багууд шууд хасагдаж, зарим нь хоёрдугаар байраар тун хүнд нөхцөл байдлаас шалгарав. Тэр утгаараа энэхүү дэлхийн аваргыг томчуудад халгаатай дэлхийн аварга хэмээж байгаа. Тэгвэл энэ их үйл явдлын дараачаар ямар багууд, ямар тоглогчид хожоотойгоор хэсгийн шатыг дуусгасныг хамтдаа сонирхоцгооё. 

Ялагч баг

Хорват

Хорватчууд түүхэндээ анх удаагаа хэсгийн бүх тоглолтондоо ялалт байгууллаа. Ердөө нэг гоолыг алдаж 7 гоолыг оруулсан Хорватчууд хэсгийн шатны хамгийн “өө сэвгүй” тоглолттой багуудын нэг байлаа. Тэд дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ багийг 3:0-ээр буулган авч өөрсдийгөө тэмцээний фаворитуудын тоонд оруулсан. Ямар ч багийг илүүрхэх дундын шугам, хүчирхэг бүрэлдэхүүн, ухаалаг дасгалжуулагч, сайн лидерүүдийн хослол тэднийг хэсгийн шатанд гялалзахад гол үүрийг гүйцэтгэсэн.

Англи

Сүүлийн олон том тэмцээнд тааруу тоглосон гурван арслангууд Саутгэйтийн удирдлаган дор тун давгүй байгаа харуулж чадлаа. Сул багуудтай нэг хэсэгт орсон хэдий ч тухайн тоглолтууддаа агуулгын хувьд тун давгүй тоглолтыг үзүүлсэн. Мөн Герман тэмцээнийг хэсгийн шатнаас өндөрлүүлснээр тэдний хагас шигшээ хүрэх зам тун гэрэлтэй болж ирсэн юм. Хэсгийн сүүлийн тоглолтонд сэлгээгээ гарган тоглосон Бельги, Английн багууд аль аль нь хэсгийн хоёрдугаар байраар шалгарч хасагдах шатанд Бразил, Франц зэрэг томчуудын эсрэг талд гарахыг хүсч байлаа. Үр дүнд нь Англи энэ эрхийг авч чадсан. Одоо тэд өөрсдийн хожиж болох өрсөлдөгчдөө хожоод явахад хагас шигшээ хүрэх хангалттай боломж байна.

Швед

Урьдчилсан шатанд Нидерланд, Итали зэрэг багуудыг тэмцээнээс хасч дэлхийн аваргын эрхээ авсан Шведүүд үүнийг аз байгаагүй гэдгийг нотлов. Хэдий Германы шигшээ багт харамсалтайгаар ялагдсан ч хэсгээ 6 оноотой тэргүүлж чадсан. Хэсгээ тэргүүлж байсан Мексикийн хаалганд 3 гоол оруулсан нь Германыг идэвхтэй довтолохоос аргагүй нөхцөлд оруулж 2:0-ээр ялагдах нөхцлийг бүрдүүлсэн гэхэд болно. Тэд ийнхүү Нидерланд, Итали, Герман гэсэн дэлхийн аваргын том гүрнүүдийг буулган авч энэ хүртэл ирээд байгаа нь энэ.

 

Ялагдагч баг

Герман

1998 оноос эхлэн дэлхийн аваргад түрүүлсэн багууд дараа жил нь хэсгээсээ гардаггүй гэсэн уламжлал тогтоод байна. Энэ удаагийн золиос нь дэлхийн 4 удаагийн аварга, өмнөх тэмцээний аварга Германчууд байлаа. Тэд хэсэгтээ Мексик, Швед, БНСУ багуудтай багтаж хамгийн сүүлд байранд орсон. Хамгийн сүүлийн тоглолтондоо 1:0-ээр хожиход л хасагдах шатанд гарах байсан Германчууд өөрсдөө боломжоо ашиглаж чадаагүй. Энэхүү тааруу тоглолт нь тэднийг шинэчлэл хийх шаардлагатай болсныг сануулж байна. Мэсүт Өзил, Сами Хэдира, Томас Мюллэр гээд 8 жил Германдаа дандаа гараанд гарсан тоглогчид дахин багаа удирдан орсон нь алдаа байв. Мэдээж тэмцээний дараа багийн залуу од Лерое Санег авч яваагүйгээсээ болж хэвлэл мэдээлэлд ихээхэн шүүмжлүүлэх нь гарцаагүй.

Польш

“Амьдралын” хэсэгт орсон Польшууд хэсгээс гарах хамгийн өндөр магадлалтай багуудын тоонд тооцогдож байв. Гэсэн хэдий ч гурван тоглолтын дараагаар хэсгийнхээ хамгийн сүүлийн байранд бичигдлээ. Блашчиковски, Пишчек, Левандовски, Милик, Криховиак зэрэг шилдэг тоглогчидтой хэдий ч хэн нь ч энэ тэмцээн дээр олигтой тоглосонгүй. Цагтаа гялалзаж явсан Блашчиковски, Пишчек нар хэдийн үеэ өнгөрөөж байгаа гэдэг нь энэ тэмцээнээс ажиглагдлаа. Мөн Аркадиуш Милик сүүлийн хоёр улирал бэртлийн улмаас талбайд төдийлөн гараагүй нь Польшийн довтолгоонд үлэмж нөлөөг үзүүлсэн.

Аргентин

Аргентинийг нэг талаас ялагдагч гэж хэлж болох ч нөгөө талаас ялагч ч гэж нэрлэж болно. Тэмцээний өмнө дэлхийн аваргад өндөр амжилт үзүүлэх хүлээлттэй байсан Аргентинчууд эхний тоглолтонд тэнцэж, хоёр дахь тоглолтондоо Хорватад 3:0-ээр бут ниргүүлсэн. Энэхүү үзүүлэлтийг харсан ямар ч хөлбөмбөгийн фанат Аргентинийг хэсгийн тоглолтоос урам хугарам тоглосон хэмээнэ. Гэхдээ Нигерчүүд тэдэнд тус хүргэж Исландыг хожиж өгснөөр хэсгээ гарах боломжоо Аргентин хадгалж үлдэж чадсан. Улмаар сүүлийн тоглолтонд Мэсси болон Рохо нарын гоолоор ялалт байгуулж хэсгээс шалгарах болзлоо хангасан. Байж боломжгүй хүнд байдлаас нөхцлүүд нь таарч, лидерүүд нь зөв цагтаа гялалзсанаар Аргентин яалтачгүй сүүлийн тойргийн ялагч баг байсан юм. Гэхдээ нийт үр дүнг харвал хэсгээс хоёроор гарсан Аргентиныг ялагдагч баг гэж нэрлэвэл илүү зохилтой. Тэд хасагдах шатанд Францын шигшээ багтай тоглоно.

Ялагч тоглогч

Лука Модрич

Гурван тоглолтонд гурвуулан дээр нь тоглолтын гол хүн байж чадсан цорын ганц хүн бол Лука Модрич. Реал Мадрид яагаад сүүлийн жилүүдэд ийм өндөр амжилт үзүүлж байгаагийн гол шалтгаануудын нэг нь Модрич гэдгийг дэлхийн аваргаар бүгд ойлгов. Эхний хоёр тоглолтонд хожил байгуулахад хоёр гоол оруулсан. Олон том тэмцээнд тоглож, олон удаа том тоглолтонд оролцсон хүн ямар тайван, лидер чанартай байдгийг Модрич энэ тэмцээнд утгаар нь харуулж байна. Түүний хувьд энэ жил багаа ахлан, үлгэрлэн дэлхийн аваргад түрүүлж чадвал түүхэн тамирчдын эгнээнд маргаангүй орж ирнэ.

Криштиану Роналду

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду Испанийн эсрэг чухал тоглолтонд хэттрик хийж дэлхийн аваргад урьд нь хийж байсан бүх гоолтойгоо тэнцсэн.Мароккогийн эсрэг хийсэн хоёр дахь тоглолтонд хожлын цорын ганц гоолыг мөн оруулав. Сүүлийн тоглолтон дээр Ираны эсрэг торгуулийн цохилт алдаж багаа хэсгээс нэгээр гарах боломжийг нь үгүй хийсэн ч тэрбээр хэсгийн шатны яахын аргагүй шилдгүүдийн нэг байлаа. Гэхдээ түүнд эдгээр гоолуудаас илүү дэлхийн аваргын цомыг өргөж түүхэн дэх хамгийн агуу гэсэн нэр хүндийг хүртэх хүсэл илүүтэйгээр буцалж байгаа биз ээ.

Криштиану Роналду Испаний эсрэг 88 дахь минутад чөлөөт цохилтоос гоолдсон. (Photo by Stuart Franklin – FIFA/FIFA via Getty Images)

Харри Кэйн

Английн шигшээ баг хэр хол замыг туулах нь Харри Кэйнээс шууд хамааралтай гэж бид өмнөх нийтлэлүүдээрээ дурьдаж байсан билээ. Тэгвэл ахлагч Кэйн хэсгийн шатыг тун сайн эхлүүлж 5 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүллээ. Панамын эсрэг хоёр торгуулийн цохилт, нэг санамсаргүй гоолыг оруулсан хэдий ч гоолдож чадна байна гэдэг, гоолын тоог ийм өндөрт барьж байна гэдэг түүнийг форм сайтай байгааг илтгэнэ. Олон багийн лидерүүд 11 метрийн торгуулийн цохилт алдаж багаа хөөдөж байгааг бид хэсгийн шатны туршид харсан. Тэгвэл Кэйн одоогоор ямар ч өөлөх юмгүй байна. Мөн тэрбээр Тунисын эсрэг хоёр маш чухал гоолыг оруулж багаа хожилд хөтөлсөн билээ.

Ялагдагч тоглогч

Мэсүт Өзил

Германы шигшээ багийн гол тоглогч байсан Мэсүт Өзил энэ тэмцээнд тун тааруу оролцож шигшээ багийнхаа карьерыг өндөрлүүлж байна гэхэд хэслдэхгүй. Жилээс жилд шинэ залуучуудаар сэлбэгдэж байдаг Германы шигшээ багт Өзил энэ хэмжээний тоглолтыг үзүүлсэн нөхцөлд дараагийн том тэмцээнд дуудахгүй л болов уу. Хоёр тоглолтонд гараанд гарсан Өзил багтаа ямар нэгэн үр дүнтэй зүйлийг хийгээгүй бөгөөд аль алин дээр нь хожигдсон. Түүнийг гаргаагүй тоглолтон дээр Германчууд хэсгээ тэргүүлсэн Шведийг буулган авсан юм. 8 жил Германы шигшээ багийн довтолгоог удирдаж, илэрхийлж байсан Мэсүт Өзил ийнхүү энэ тэмцээнийн дараачаас халаагаа өгөх биз ээ.

Робэрт Левандовски

Урьдчилсан шатанд 16 гоолыг оруулж урьдчилсан шатанд бүх цаг үед хамгийн олон гоол оруулсан эрхэм Левандовски дэлхийн аваргад нэг ч гоол оруулсангүй. Гоолын машин гэж хочлогддог ч шигшээ багийнхаа хамтаар том тэмцээнд огтхон ч гялалзсангүй. 2016 оны европийн аваргаар баг нь сайн тоглоход тааруу тоглож байсан Лева энэ удаад баг нь муу тоглоход ч ялгаагүй байлаа. Багийн гол тоглогчид баг нь хүнд нөхцөл байдалд ороод байхад аврах үүрэгтэй. Гэтэл Левандовски энэ дэлхийн аваргад орсон шилдгүүдээс хамгийн муу нь байсан гэхэд хэлсдэхгүй.

Мохамэд Салах

Энэ дэлхийн аваргын хамгийн хүлээлттэй тоглогч Мохамэд Салах ямар ч амжилтгүйгээр тэмцээнээ дуусгалаа. Багаа удирдан хасагдах шатанд гарах магадлалтай гэгдэж байсан Салах Египтийнхээ хамтаар нэг ч оноо авч чадалгүй хэсгийн сүүлийн байранд орсон. Бэртэл гэмтэл нөлөөлснийг дурьдах нь зүйтэй ч Салахыг Роналду Мэссигийн хэмжээнд зүйрлэж буй энэ нөхцөлд түүнийг ялагдагчаар нэрлэхээс өөр сонголт байсангүй. Клүбийнхээ түвшинд гайхамшигтай байсан ч шигшээ багийнхаа хувьд дүр зураг өөр байлаа.