ДАШТ

Бельги Английн эсрэг тамирчдаа амраана

F хэсгээс шалгарах нь тодорхой болоод буй Бельги болон Английн шигшээ багууд сүүлийн тойрогт хэсгийн аваргын төлөө өрсөлдөнө. Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинэз тус тоглолтонд 10 том өөрчлөлтийг хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Учир нь багийн гол тоглогчид болох Азар болонЛукаку нар бага зэргийн бэртэлтэй байгаа аж. Тэднээс гадна гурван тоглогч нь шар хуудастай байгаа учраас дахин шар хуудас авбал шөвгийн 16-гийн тоглолтыг өнжих аюултай.

‘Хэрвээ би тоглогч бүрийн талаар авч үзвэл тэд бүгд дэлхийн аваргад тоглох эрхтэй. Тиймээс би тэдгээр тоглогчдод боломж олгож талбай дээр гарах үед ямар байхыг нь хармаар байна. Миний бодлоор энэ багт байгаа хэн ч давуу эрхтэй биш. Бүгд тэнцвэртэй байх ёстой. Энэ бол бидний баримталж буй зарчим.

Мөн шар хуудастай тоглогчдоо Английн эсрэг тоглуулах нь зүгээр л азаа үзэж байгаа хэрэг болох болно. Учир нь хэн ч гол тоглогчдоо хасагдах шатанд өнжүүлэхийг хүсэхгүй шүү дээ.’ хэмээн Бельгийн шигшээ багийн Испани дасгалжуулагч Робэрто Мартинэз мэдэгдсэн байна.

Хэсгээ тэргүүлэх нь ашиггүй

Багийн ахлагч Винсэнт Компани бэртлийн улмаас эхний хоёр тоглолтыг өнжсөний дараагаар энэ тоглолтонд оролцох боломжтой болсон. Харин Ян Вэртонгэн, Томас Менье, Кевин Дэ Броин нар шар хуудастай байгаа тул сэлгээнд суух магадлал өндөр байна. Одоогоор Лукаку, Азар нарыг бэртлийн улмаас тоглох боломжгүй гэсэн албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч бага зэргийн зовиуртай байгаа тул Мартинэз тэднийг амраах магадлалтай.

Лукаку одоогоор 4 гоолтой мэргэн буучдын жагсаалтын 2-р байранд бичигдэж байгаа

Хоёр багийн хожсон нь хэсгээ тэргүүлэх хэдий ч хэсгээс нэгээр гарсан баг нь илүү хатуу учраануудтай таарах магадлалтай. Учир нь хэсгээ тэргүүлсэн баг Португал, Уругвай, Франц, Аргентин, Бразил, Герман гэсэн учраанууд дээр очино. Харин хоёрдугаар байраар шалгарсан баг Мексик, Швейцар, Хорват, Испани, Дани зэрэг багуудын ялагчидтай өрсөлдөх магадлал өндөр байгаа. Тиймээс Англи, Бельгийн багууд шөвгийн 16-ын хуваариас хамааран хэддүгээр байраар шалгарахаа төлөвлөж магадгүй юм. Хоёр багийн тоглолт гуравдугаар тойргийн тоглолтуудаас хамгийн сүүлд явагдана.