Өнөөдөр D хэсгийн хоёрдугаар байрын төлөө Аргентин болон Нигерийн багууд өрсөлдөнө. Нигеричүүд тэнцэхэд л хэсгийн хоёрдугаар байраар шалгарах бол Аргентинчууд заавал хожиж байж хэсгээс гарах боломжтой болно. Гэхдээ тэд хожил байгууллаа ч энэ нь хэсгээс шууд гарна гэсэн үг биш юм. Учир нь нөгөө талд нь Исланд Хорватыг хожих юм бол Аргентин Исландтай бөмбөг тоолох шаардлага гарна. Тийм учраас Аргентинчууд заавал 2 буюу түүнээс дээш бөмбөгний зөрүүтэй хожих шаардлагатай. Дэлхийн аваргын түүхэнд байгаагүй муу тоглолтоо үзүүлж буй Аргентинчууд “нүхнээс’ гарч чадах болов уу?
Аргентины муу тоглолт юутай холбоотой вэ?
Цаасан дээрхээс зөрүүтэй баг
Дасгалжуулагч Хорхэ Сампаоли энэ тэмцээнд европийн том лигийн тамирчдаа төдийлөн ашиглахгүй байна. Игуайн, Дибала, Агуэро, Мэсси, Ди Мариа гэсэн сүпэр тоглогчдоосоо хоёрыг нь л гараанд ашиглаж байгаа. Тиймээс Аргентины шигшээ багийгч сүпэр болгож харагдуулж буй эдгээр тамирчдын ердөө 40 хувь нь л талбай дээр бүтэн тоглож байна гэсэн үг. Тиймээс цаасан дээрх Аргентины шигшээгээс бодит байдал хавьгүй зөрүүтэй тоглож байна.
Үр бүтээлгүй төвийн хагасууд
Мөн төвийн хагас дээр энэ тэмцээний нээлт болж магадгүй гэгдэж байсан Ло Селсог огтхон ч ашигласангүй. Бүтээлч тоглолтоороо ПСЖ-гийн анхаарлыг татаж Францыг зорьж байсан Ло Селсо ирээдүйд Аргентины төвийн хагасын гол хүн болно гэж яригддаг. Гэвч Сампаоли түүний оронд хөшүүн, бүтээлч бус тоглогчдыг төвд тавьсан нь төвийн санаачлагыг үгүй хийсэнтэй агаар нэгэн болсон. Мөн Ло Селсогоос илүү найдвартай сонголт байсан нь Севилъяд энэ улиралд мундаг тоглосон Эвэр Банега байв. Найруулгын ажлыг хийж, бөмбөгийг хуваарилдаг арга барилтай Банега Аргентины хамгийн дутагдаж буй байрлалын хүн байлаа. Гэвч Сампаоли түүнийг Исланд дээр л хэдхэн минут тоглуулснаас өөрөөр ашигласангүй. Угтаа бол Банега тогтмол 90 минут тоглож талбай дээр бөмбөгийг хуваарилах ёстой хүн байлаа. Үүнээс болж Аргентины төвөөс ирэх бөмбөгнүүд ямар ч үр дүнгүй болж байгаа гэхэд болно.
Мэссиг бөмбөгөөр хангах шаардлагатай энэ үед төвөөс найруулах хүн байхгүй байгаа нь Мэссиг бөмбөгний “дутагдалд” орох үндсийг тавьж байна. Хорватын эсрэг тоглолтонд эхний хагасд Мэсси ердөө 20 удаа, Агуэро 7 удаа бөмбөгөнд хүрсэн гэсэн муу үзүүлэлтийг харуулсан. Энэ нь төвийн хагасуудтай шууд холбоотой болов уу.
Том багийн тоглогч ба жижиг багийн тоглогчийн ялгаа
Сампаолигийн сонгож буй гарааны тоглогчдын ихэнх нь Аргентины лигийн тамирчид. ПСЖ-гийн Ло Селсо болон Ди Мариа, Севилъягийн Банега, Миланы Билъя, Ромагийн Фацио, Ювэнтүсийн Дибала болон Игуайн, Манчестер Юнайтэдын Рохо нар бүгд сэлгээ. Бүр цаашилбал эдгээр тоглогчдоос Хорватын эсрэг талбайд Ювэнтүсийн хоёроос бусад нь нэг ч минут тоглоогүй. Ювэнтүсийн хоёр ч гэсэн цөөн минутыг өнгөрүүлсэн. Энэ мэтчилэн европийн бүх тоглогчдоо сэлгээнд суулгаж байна. Ашиглаж байгаа нь Мэсси, Агуэро, Отамэнди гэсэн гуравхан тоглогч. Салвио сүүлд гарсан ч Португалын Бенфика гэсэн дундаж багийн тоглогч.
Довтолгооны цөмийг бүрдүүлж буй Меца, Павон зэрэг тамирчид чадварын хувьд магадгүй дутахааргүй байж болно. Гэхдээ шийдвэр гаргалтын тал дээр асар их зөрүү харагдаж буй. Том тоглолтонд олон тоглож үзсэн, өндөр зэрэглэлийн тамирчдын дунд бэлтгэл хийж буй, ширүүн өрсөлдөөнд тоглодог тамирчид олон нөхцөл байдалд “тэсэх” чадвартай байдаг. Шийдвэр гаргалт дээр заавал гоолын момент, чухал үеүдийг онцлох албагүй. Бөмбөг хэн рүү өгөх вэ, хаашаа гүйлт хийх вэ, хуурах уу дамжуулах уу зэрэг энгийн жижиг үйлдлүүд дээр шийдвэр гаргалтын чанар яригдана. Тиймээс Аргентины лигийн эдгээр тамирчид европийн том тамирчдын хажууд шийдвэр гаргалт тал дээр хаана нь ч хүрэхгүй. Тоглолтын үед гаргасан жижиг олон үйлдлүүд тоглолтонд асар ихээр нөлөөлдөг. Тэр утгаараа энэхүү Сампаолгийн сонголтууд Аргентины муу тоглолтонд маш ихээр нөлөөлж байгаа юм.
Гарааны бүрэлдэхүүн
Исландын эсрэг 3-5-2 хувилбараар тоглож 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан Нигеричүүд энэ тоглолтонд хувилбартаа өөрчлөлт оруулахгүй болов уу.
Харин Аргентины шигшээ баг 4-2-3-1 хувилбарыг Исландын эсрэг хэрэглэж тэнцсэний дараачаар 3-4-3 хувилбар руу шилжсэн. Гэсэн хэдий ч тоглолтын үр дүн Хорватын талд 3:0-ээр шийдэгдсэн билээ. Тиймээс Аргентинчууд дахин өөрчлөлт хийж 4-3-3 эсвэл 4-4-2 гэсэн хувилбар руу шилжиж магадгүй байна.
Хэрвээ 4 хамгаалагчтай хувилбарыг сонгох болвол арын хамгаалалтыг Салвио, Отамэнди, Фазио, Талъяфико нар бүрдүүлнэ. Тэдний урд энэ удаад Эвэр Банегаг сонгох нь гарцаагүй биз ээ. Хоёр тоглолтон дээр тун цөөхөн минутыг талбайд өнгөрүүлсэн Банегагийн орон зай Аргентины шигшээ багт юу юунаас илүү үгүйлэгдэж байгаа. Төвд найруулга хийдэг, бөмбөг хуваарилдаг хүн байхгүйгээс болж Хорватын эсрэг олигтой довтолгооны хувилбарыг зохиож чадаагүй. Тиймээс төвд Банега, Машерано, Энзо Перез нар тоглох болов уу. Довтолгооны гурван тоглогчоор Мэсси, Игуайн, Ди Мариа эсвэл Дибала гэсэн хослол гарна. Агуэро дасгалжуулагчтайгаа асуудал үүсгэснээс болоод гарааны эрхээ алдсан.
Хаалгач Вилли Кабаллеро Хорватын эсрэг маш том алдаа гаргасныхаа дараагаар сэлгээний сандал руу шилжих нөхцлөө бүрдүүлсэн билээ. Түүний оронд Ривэр Плэйт багийн хаалгач Франко Армани гарна. Тэрбээр энэ улиралд багтаа маш сайн тоглолтыг үзүүлснийг дурдъя. Гэхдээ энэ тоглолт түүний шигшээгийн анхны гарааны тоглолт байх болно.
Нигерээс эхний тоглолтонд гараанд гарсан Игало дахин сэлгээнд суух байх. 2 довтлогчоор дахин Ахмэд Муса болон Ихеаначо нар тоглоно. Муса Исландын эсрэг өндөр ур чадвар гаргаж хоёр гоол оруулсныг онцольё. Исландын эсрэг тоглолтоос гараанд ганцхан өөрчлөлт орж буй нь зүүн жигүүрт Идовуг Эбүехигээр сольж байгаа явдал билээ.
Тоон үзүүлэлтүүд:
- Нигеричүүд сүүлийн 4 дэлхийн аваргадаа дараалан Аргентинтай нэг хэсэгт орсон. 2002, 2010, 2014, 2018 онуудад.
- Нигеричүүд Аргентинтай хийсэн дэлхийн аваргын сүүлийн 4 тоглолтондоо дараалан хожигдсон. Гэхдээ бүгдэнд нь нэг бөмбөгний зөрүүтэй ялалтыг Аргентин авсан. 1994, 2002, 2010, 2014 оны дэлхийн аваргуудад тоглосон.
- Аргентинчууд хамгийн сүүлд хожил авч чадалгүйгээр тэмцээнийг өндөрлүүлсэн тохиолдол нь 1934 онд тохиож байсан. Тэр үед шууд хасагдах журмаар явагддаг байсан тул хожиж чадалгүй шууд хасагдсан
- Дэлхийн аварга хэсэгт хуваагддаг болсоноос хойш Аргентинчууд хэсгийн шатнаас хожилгүйгээр хасагдаж үзээгүй.
- Тэд хамгийн сүүлд 1994 онд дэлхийн аваргад хоёр дараалж ялагдаж байсан.