ДАШТ

Исланд, Нигери тоглолтын өмнө

(Photo by Sefa Karacan/Anadolu Agency/Getty Images)

Ердөө 330 мянган хүн амтай Исландын шигшээ баг Африк тивийн төлөөлөл Нигерийн шигшээ багтай ‘D’ хэсгийн хүрээнд ээлжит тоглолтоо хийнэ.

Исланчууд эхний тоглолтдоо өөрсдийгөө батлан харуулж Аргентинын хүчирхэг багтай 1:1 -ийн харьцаатай тэнцэж 1 оноо салгасан. Нэг дүгээр тойргийн ‘Ялагч’ багуудын нэгээр нэрлэгдсэн.

Харин Нигерийн шигшээ багийн хувьд эхний тоглолтдоо Хорватад 2:0 -ийн харьцаатай хожигдож оноо зулгааж чадаагүй.

Исландын гол тоглогчдын нэг Берг Гудмундссонгүйгээр Нигериүдтэй тоглохоор болжээ. Учир нь Аргентинын эсрэг хийсэн тоглолтод булчиндаа бэртэл авсан нь энэ тоглолтыг өнжих гол шалтгаан боллоо. Тоглолтод түүнийг орлож Рурик Гисласон талбайд гарах учиртай.

Харин Нигериүүдийн хувьд сайн мэдээ байгаа нь дэд ахлагч Огени Онази бэртлээс эргэн ирж талбайдаа гарахад бэлэн болсон байна.

Энэхүү тоглолт нь хоёр багийн хувьд өндөр ач холбогдолтой тоглолт. Исландуудын хувьд хожиж цааш шалгарахад нэг алхам ойртох ёстой бол Нигериүд найдвараа алдахгүй байх ач холбогдолтой тоглолт юм.

Тоон үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Өмнө нь ердөө нэг удаа 1981 онд тоглоход Исланд 3:0 -ын харьцаатай бут ниргэж байжээ.

Нигери

  • Нигеричүүдийн ДАШТ -нд байгуулсан бүх хожил Европын багийн эсрэг байсан. Нийт 5 удаа ялалт байгуулж байжээ.
  • ‘Сүпэр Бүргэдүүд’ ДАШТ -ий хүрээнд хийсэн сүүлийн 13 тоглолтдоо ердөө нэг хожсон. 3 тэнцээ, 9 хожигдол.
  • Нигеричүүд аль хэдий нь ДАШТ -ий хүрээнд 3 дараалан хожигдоод байгаа юм. Хэрвээ тэд энэ тоглолтод хожигдвол 1998-2002 оны хооронд хожигдож байсан цувралтайгаа тэнцэх юм.
  • Тэд сүүлийн 11 ДАШТ -ий тоглолтынхоо зургаад нь гоол оруулж чадаагүй юм.

Исланд 

  • Исланд ДАШТ -ий анхны тоглолтдоо тэнцсэн. Өмнө нь Сенегал 2002 онд анх удаагаа оролцохдоо эхний тоглолтдоо тэнцэж байжээ.
  • Алфред Финнбогасоны гоол оруулсан сүүлийн гурван тоглолтод Исландчууд хожоогүй. 2 тэнцээ, 1 хожигдол.
  • Исландчууд Аргентинын эсрэг эхний үед 8 удаа хаалганд цохисон бол хоёр дугаар үед нэг ч удаа хаалганд цохиж чадаагүй.
  • Кари Арнасон эхний тойрогт хамгийн олон удаа агаарын тулаанд ялсан тоглогч болсон. Нийт 13 удаа агаарын тулаанд ялалт байгуулжээ.