ДАШТ

ТОГЛОЛТЫН ӨМНӨ: Уругвай-Саудын Араб

Уругвайн шигшээ баг эхний тоглолтондоо Египетийн шигшээ багийг хожсон. (Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)

“А” хэсгийн 2-р тойргийн Уругвай-Саудын Арабын шигшээ багуудын тоглолт тун удахгүй эхлэх гэж байна. Энэ хэсгийн ОХУ-Египетийн тоглолтонд талбайн эзэд 3-1 харьцаатайгаар итгэл төгс хожил байгуулж, 6 оноотойгоор хэсгээ тэргүүлээд эхэлсэн. Тэмцээний өмнө энэ хэсгийг тэргүүлэх магадлалтай гэгдэж байсан Уругвайн шигшээ баг 2 дахь тоглолтоо Саудын Арабын шигшээтэй хийх гэж байна.

Нээлтийн тоглолтонд Уругвайн шигшээ Египетийг эцсийн мөчид Хосе Хименезийн гоолын ачаар буулган авсан. Хэдийгээр хожил авсан боловч дэлхийн хамгийн шилдэг довтолгооны хослолуудын нэг Кавани-Суарез тийм ч хангалттай байж чадаагүй. Ялангуяа Барселона клубын довтлогч Луис Суарез гоолын боломжуудыг олон алдаж, багийнхаа довтолгоог эцсийн мөчид нурааж байлаа. Нээлтийн тоглолтонд тааруу тоглосон боловч энэ удаа Уругвайн довтолгоог зогсооно гэдэг Саудын Арабчуудад тун ярвигтай байх болов уу.

Харин Саудын Араб ДАШТ-ий нээлтийн тоглолтын түүхэн дэх хамгийн том хожигдлуудын нэгийг амссан. Энэ тоглолтонд тэдний хамгаалалт оросуудын довтолгоо, ялангуяа Александр Головин, Денис Черишев нарын эсрэг юу ч хийж чадаагүй.  ОХУ-д 5 гоол алдсан “ногоон шонхорууд”-ын хамгаалалтыг энэ удаа Суарез-Кавани гэсэн хослол хүлээж байна.

ТОГЛОЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Хоёр баг ДАШТ-ий талбайд хоорондоо тоглож байгаагүй боловч өмнө нь 2 удаа нөхөрсөг тоглолт хийхэд Саудын Арабын шигшээ өмнөд америкийн багт хожигдоогүй. Тэд 1 хожиж, харин нөгөө тоглолт нь тэнцээгээр өндөрлөсөн. Аль аль баг гэмтэл бэртлийн асуудалгүйгээр энэ удаагийн тоглолтонд оролцоно.

Луис Суарез Уругвайн шигшээ багийн төлөө 100 дахь тоглолтоо өнөөдөр хийх болно. Түүний хувьд шигшээ багийнхаа төлөө 99 тоглолтонд 51 оруулсан амжилтаар бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлдэг. 100 for Suarez!

Луис Суарез Уругвайн бүх цаг үеийн мэргэн бууч. (Photo by Sandro Pereyra/Getty Images)

Уругвайн шигшээ гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж магадгүй байгаа бөгөөд, Карлос Санчез баруун жигүүрт гараанд гарах магадлалтай. Мөн эхний тоглолтонд довтолгоо эхлүүлэх, найруулах үүргээ хангалттай сайн гүйцэтгэж чадаагүй Де Арраскаетаг сэлгээнд үлдээж, оронд нь туршлагатай хагас хамгаалагч Кристиан Родригезийг гараанд гаргах боломжтой. 12 жилийн хугацаанд, ДАШТ-ий 16  тоглолтонд дасгалжуулагч Оскар Табарезийн удирдлага дор хэзээ ч хэсгийн шатнаас хасагдаж байгаагүй Өмнөд Америкийн баг энэ удаад хожиж чадвал хасагдах шатанд тоглох эрхээ халааслах болно.

Уругвайн шигшээ багийн таамагласан гараа

Саудын Арабын шигшээ баг Орост 5-0 харьцаатай бут ниргүүлсний дараа дасгалжуулагч Хуан Антонио Пиззи: “Зүгээр л ичиж” байна хэмээн товчхон бөгөөд тодорхой хариулт өгсөн юм. Тэгвэл түүний хувьд алдаагаа засч, ДАШТ-ий анхны гоолоо оруулах, цаашлаад оноо авахын төлөө өнөөдөр тоглох болно. Хэрвээ энэ тоглолтонд дахин хожигдвол тэдний хэсгээс гарах боломж нэг мөсөн үгүй болох болно.

 

Саудын Арабын шигшээ багийн таамагласан гараа

Сонирхолтой баримт

Уругвай:

  • 1954 оноос хойш анх удаа ДАШТ-ий эхний 2 тоглолтонд дараалан хожих боломжтой.
  • ДАШТ-ий хэсгийн шатны 9 тоглолтонд ганцхан удаа хожигдсон бөгөөд сүүлийн 6 тоглолтынхоо тавд нь хожсон.
  • Мөн Ази тивийн багтай хийсэн сүүлийн 3 тоглолтдоо бүгдэд нь хожсон бөгөөд 5 гоол хийж, нэгийг алдсан.
  • Уругвайн шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтондоо оролцох гэж буй Луис Суарез энэ амжилтанд хүрсэн 6 дахь тоглогч болно.

Саудын Араб:

  • Саудын Арабын ДАШТ-д хийж байгаа 15 дахь тоглолт бөгөөд тэд өмнө нь Өмнөд Америкийн багтай тоглож байгаагүй.
  • Тэд ДАШТ-д 11 тоглолт дараалан хожил авч чадаагүй явна.
  • Хамгийн сүүлийн хожлоо 24 жилийн өмнө, 1994 оны АНУ-д зохион байгуулагдсан ДАШТ-д Белгийн шигшээ багийг 1-0 харьцаатай хожиж авч байв.
  • “Ногоон шонхрууд” Дэлхийн аваргын сүүлийн 14 тоглолтонд ганцхан удаа хаалгаа хуурай манасан бөгөөд тэд энэ хугацаанд хаалгандаа 37 гоол алджээ.
  • Мөн тэд өөрсдийн оролцсон сүүлийн 3 Дэлхийн аваргад хэсгийн “хомоол хамсан” тааруухан үзүүлэлттэй явна. Тэд энэ хар цувралаа зогсоож чадах уу? Эсвэл дахиад 4 жил хүлээх үү?

Энэ тоглолт ямар үр дүнгээр өндөрлөх вэ?

Vote to see the results
31% - 6 votes
30% - 1 vote
30% - 0 votes