ДАШТ-ийг зохион байгуулж буй ОХУ-ын нийслэл Москва хотод таксины жолооч осол гаргажээ. Жолооч 20 цаг тасралтгүй машин барьсны улмаас жолоодлогоо алдан замаас гарч, явган хүний замаар 10 орчим метр явсны дараа замын тэмдэг мөргөж зогссон байна.
Осол гаргасан жолооч нь 28 настай Чынгыз Анарбек Уулу гэж Кыргизстан хүн байжээ.
“Үнэндээ би 20 цаг тасралтгүй жолоо барьчихсан байсан учраас ядраад гэр лүүгээ явж байсан юм. Би зогсохыг хүссэн ч энэ бүхэн ганцхан секундын дотор болоод өнгөрсөн. Би тоормозныхоо оронд хаазаа гишгэчихсэн.” хэмээн цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурдсан байна.
Тэрээр үргэлжлүүлэн: “Тоормозоо гишгэж байна л гэж бодсон, юу болсныг үнэхээр мэдээгүй. Харин хүмүүсийн унаж байгааг харсан. Олон хүн тэр хавьд байсан учраас намайг алах байх гэж айгаад шууд л зугтсан.” гэжээ.
Москва хотын төв, Улаан талбайгаас 200 орчим метрийн зайд Илинкагийн гудамжинд, жуулчид ихээр очдог “ГУМ” их дэлгүүрийн ойролцоо энэхүү осол гарсан байна. Ослын улмаас 8 хүн гэмтсэн бөгөөд, Мексик, Азербайжан, Украйн зэрэг улсуудаас ирсэн жуулчид байсан байна. Тэдний 7 нь хөнгөн гэмтэл авч, биеийн байдал хэвийн байгаа бол, үлдсэн нэг хүний биеийн байдал тааруу байна.