ДАШТ

Коста Рика дахин гайхамшиг бүтээх үү?

2014 оны ДАШТ-ий D хэсгийг тэргүүлсэн Коста Рикагийн шигшээ баг (Photo by Alex Livesey – FIFA/FIFA via Getty Images)

2018 оны ДАШТ-ийн Е хэсгийн тоглолтууд Улаанбаатарын цагаар  20:00 цагаас Америк тивийн төлөөлөл Коста Рика болон Европ тивийн төлөөлөл Сербийн шигшээ багуудын тоглолтоор эхлэх гэж байна.

2014 оны ДАШТ-ий гол сенсац “Лос Тикос” энэ удаад дахин хасагдах шатанд шалгарч, гайхамшгийг бүтээх үү? эсвэл довтолгоо хамгаалалтын жигд сайн бүрэлдэхүүнтэй Сербийн шигшээ баг тэдэнд саад болох уу гэдгийг харах л үлдлээ.

БАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Серби:

Бранислав Иванович энэ тоглолтонд оролцсоноор  Деян Станковичийн шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтонд оролцсон (103) амжилтыг эвдэх юм.

Сербийн шигшээ багийн довтлогч  Александр Митрович өнгөрсөн улирлын хоёрдугаар хагаст Английн Чемпионшип дивизоны Фулхэм клубт зээлээр тоглож 20 тоглолтонд 12 гоол оруулж, багаа Премьер лигт дэвшихэд нь чухал нөлөө үзүүлсэн.  Мөн шигшээ багийнхаа төлөө сүүлийн 18 тоглолтонд 14 гоол оруулчхаад байгаа Митрович энэ формоо хадгалж,  сайн тоглолтуудаа үргэлжлүүлэх нь Сербийн шигшээ багийн амжилтанд чухал нөлөөтэй байх болно.

Сербийн шигшээ багийн довтлогч Александр Митрович (Photo by Matthias Hangst – FIFA/FIFA via Getty Images)

Аль хэдийн Европын том багуудын хараанд өртөж, зах зээлийн үнэ нь  90 сая евро хүрээд байгаа Лациогийн залуу хагас хамгаалагч Сергей Милинкович-Савич ДАШТ-д багийнхаа гол тоглогч нь байх болно.

Багийн ахлагч Александр Коларов: “Би багийнхаа залууст тайван байж, хөлбөмбөгөөс аз жаргалыг мэдэр гэж хэлж байгаа. Учир нь бид Серби улсаа төлөөлөн тоглож байгаа шүү дээ.  ДАШТ-д шалгарна гэдэг том амжилт, гэхдээ бидэнд үүнээс илүү том зүйлд хүрэх чадвар бий. “

Сербийн шигшээ багийн ахлагч Александр Коларов. 2017-2018 оны улирлын Аваргуудын лигийн хагас шигшээд. (Photo by Claudio Pasquazi/Anadolu Agency/Getty Images)

Коста Рика:

2014 оны ДАШТ-д  Уругвай, Итали, Англиийн шигшээ багуудтай нэг хэсэгт орсон тэднийг хэсгээсээ гарна, бүр хэсгээ тэргүүлнэ гэвэл хэн ч итгэхгүй байсан биз. Гэхдээ тэд түүхийг бүтээж чадсан. Тэмцээний хэсгийн шатанд 1 ч хожигдолгүй, Итали болон Английн багуудыг тэмцээнээс хасч бүх л таамгийг эвдсэн юм. Харин тэд энэ удаа дахин гайхамшгийг бүтээхээр ОХУ-д ирээд байна.

Коста Рика хаалгач Кейлор Навас. Аваргуудын лигийн аварга. (Photo by Harold Cunningham – UEFA/UEFA via Getty Images)

Ахлах дасгалжуулагч Оскар Рамирез: “ДАШТ-ий эхний тоглолт гэдэг маш чухал. Тоглолтын эхний 20 минут Сербийн шигшээ баг биднийг шахаж, маш их дарамт үзүүлэх нь тодорхой. Харин бид үүнд нь бэлэн байж, сандралгүй, тоглолтын хэмнэлээ хадгалах нь чухал. Хэн нь эхний гоолыг орууна, тэр баг давуу талыг авах болно.”

Коста Ризагийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Оскар рамирез (Photo by Pascal Della Zuana/Icon Sport via Getty Images)

СОНИРХОЛТОЙ БАРИМТ

СЕРБИ:

  • Сербийн шигшээ сүүлийн 2 ДАШТ-ийн нээлтийн тоглолтонд хоёуланд нь 1-0 харьцаатай хожигдсон.
  •  Югославын бүрэлдэхүүнд байсан улсын хувиар 12 дахь ДАШТ-д оролцох бол, тусгаар улсын хувьд тэд 2 дахь тэмцээндээ оролцох болно. (2010, 2018)
  • Сербийн жигүүр Душан Тадич 2018 ны ДАШТ-ий урьдчилсан шатанд 7 гоолын дамжуулалт өгсөн нь Европын бүсдээ 2-т орох үзүүлэлт. (Герман, Жошуа Киммих, 9)
  •  Славолюб Муслин урьдчилсан шатны бүх тоглолтуудад Сербийг удирдаж, ДАШТ-д оролцох эрхийг авсан боловч 2017 оны 10-р сард ажлаа хүлээлгэн өгсөн.

Коста Рика:

  • Тэд ДАШТ-д 5 дахь удаагаа шалгараад байна. Харин 2-т нь л хасагдах шатанд шалгарч чадсан. (1990, 2014)
  • Торгуулийн цохилтоор хожигдсоныг эс тооцвол тэд  2014 оны ДАШТ-д хожигдоогүй 3 багийн нэг. (Герман, Нидерланд, Коста Рика)
  • Коста Рикагийн шигшээ баг Дэлхийн аваргын сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хаалгаа хуурай манасан.  Үүнээс өмнөх 11 тоглолтынхоо зөвхөн 2-ыг нь л гоол алдалгүй дуусгасан.
  • 2006 онд Германд 4-2 харьцаатай хожигдсоныг эс тооцвол, 4 удаа Дэлхийн аваргад оролцохдоо, 3-т нь нээлтийн тоглолтонд хожсон.
  • Оскар Рамирез дасгалжуулагч хувиар анх удаа ДАШТ-д оролцох гэж байна. Түүний хувьд тоглогчийн хувиар 1990 оны ДАШТ-д Коста Рикагийн төлөө бүх тоглолтонд оролцсон түүхтэй.