2018 оны ДАШТ-ий “B” хэсэгт Испани, Португалийн багуудтай нэг хэсэгт багтсан Морокко болон Ираны шигшээ багууд ДАШТ-ий түүхэн дэх хоорондын эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар 23 цагаас Санкт-Петербург хотод хийх гэж байна.
БАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ
Мороккогийн баруун жигүүрийн хамгаалагч Набил Дирар шилбэний гэмтлийн улмаас Словак болон Эстоний шигшээ багуудтай хийсэн нөхөрсөг тоглолтуудыг өнжөөд байсан. Тэгвэл түүний хувьд өнөөдөр эмчийн үзлэгээр орсны дараа тоглох боломжтой гэсэн хариу гарсан нь Мороккогийн тун сайн мэдээ болж байна.
Харин Ираны шигшээ багийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Саид Эзатолахи торгуулийн улмаас энэ удаагийн тоглолтонд оролцохооргүй болсон. Түүнээс гадна довтлогч Мехди Тареми, Фулхэм клубт тоглож явсан Ашкан Дежага нар тоглох эсэх нь эргэлзээтэй байна.
Энэ тоглолтонд хоёр багийн хамгаалалтыг онцлохгүй байхын аргагүй. Учир нь Ираны шигшээ баг сонгон шалгаруулалтын 18 тоглолтонд 5 гоол, харин Морокко 8 тоглолтонд ганцхан гоол алдсан гэсэн сайн үзүүлэлттэйгээр хоорондоо учраа таарч байна. Гэсэн хэдий ч энэ хэсэгт 2010 оны Дэлхийн аварга Испаний шигшээ баг, 2016 оны Европын аварга Португалийн шигшээ багууд багтсан учраас хамгаалалтын энэ сайн үзүүлэлтүүдээ хадгална гэдэг бараг л боломжгүй даалгавар.
ИРАНЫ ШИГШЭЭ БАГ
Азийн шилдэг довтлогчийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх Сардар Азмун Оросын Премьер лигийн Рубин Казан багт тоглодог бөгөөд шигшээ багийнхаа төлөө 33 тоглолтонд 23 гоол оруулсан амжилттай байгаа юм. Түүнээс гадна Ираны шигшээ багаас онцлох ёстой тоглогч бол жигүүрийн довтлогч Алиреза Жаханбаш. Өнгөрсөн улирлын Эредивизэд АЗ Алкмаар багийнхаа төлөө 21 гоол оруулснаар Нидерландын дээд лигийн мэргэн бууч болсон түүний хувьд шигшээ багийнхаа довтолгооны хамгийн чухал хүн байх болно.
Таамагласан гараа:
МОРОККОГИЙН ШИГШЭЭ БАГ
Ираны шигшээ багийн ур чадвартай довтлогчдын эсрэг багийн ахлагч, Ювентус клубын төвийн хамгаалагч Мехди Бенатиа зогсох болно. Тэгвэл Мороккогийн шигшээ багийн довтолгооны гол найруулагч Хаким Зиеш Эредивизэд Аяксын төлөө 21 гоолын дамжуулалт өгсөн нь мөн л лигийн бусад тамирчдаас илүү гарах үзүүлэлт болсон бөгөөд энэ удаа шигшээ багийнхаа довтолгооны гол ачааг үүрэх болно.
Ийнхүү хоёр багт Эредивизийг гоол болон гоолын дамжуулалтаар тэргүүлсэн тамирчид байгаа нь тэдний довтолгоог ямар аюултай болохыг илтгэж байгаа юм.
Таамагласан гараа:
СОНИРХОЛТОЙ БАРИМТ
- Хоёр баг ДАШТ-д анх удаа таарч тоглох гэж байна. Өмнө нь хоорондоо 1 удаа тоглож байсан нь тэнцээгээр өндөрлөсөн.
- Морокко улсын шигшээ баг 1998 оноос хойш анхны ДАШТ-д оролцож байгаа нь энэ бөгөөд тэд шөвгийн 16-аас цааш шалгарч үзээгүй. (1986)
- Харин Иран улсын шигшээ баг түүхэндээ анх удаа дараалсан ДАШТ-д оролцохоор болсон. (2014, 2018)
- ДАШТ-д Морокко улсын оруулж байсан 12 гоолын нэг нь ч хөдөлгөөнгүй бөмбөгнөөс ороогүй.
- Ираны шигшээ баг сонгон шалгаруулалтын нэг ч тоглолтонд хожигдоогүй. (12 хожил, 6 тэнцээ)
- Мороккогийн дасгалжуулагч Херв Ренард анхны Дэлхийн аваргатаа багаа удирдах бол, Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлос Күйэроз дараалсан 3 дахь тэмцээндээ оролцоно. (2010-Португали, 2014, 2018-Иран)