ДАШТ

Дэлхийн аваргын талаар мэдэх ёстой 8 зүйл

Дэлхийн аваргын цом (Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)

Дөрвөн жилд ганц удаа тохиодог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. 1930 оноос эхлэн зохион байгуулагдаж тус тэмцээн энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ зохион байгуулж байгаа бөгөөд нийт 12 хотод нэг сарын хугацаатай үргэлжилнэ. Цомыг хамгаалагчийн байр суурьнаас дэлхийн 4 удаагийн аварга Герман оролцож байна. Тэд Бразилд болсон 2014 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтонд Аргентиныг 1:0-ээр нэмэлт цагт буулган авч аваргалсан юм. Ингээд хамтдаа дэлхийн аваргын талаар хүн бүрийн мэдэх ёстой зүйлс, анхааралт татам баримтуудыг сонирхоцгооё. Эдгээр зүйлсийг мэдэж байхад та хөлбөмбөг сонирхогч эсвэл үздэггүй хүн байлаа ч хэнтэй ч хамаагүй хөлбөмбөг дутахгүй ярина гэдгийг амлая.

 

  1. Аль улс нь хамгийн бага хүн амтай вэ?

Хүн амын тоо спортод хамаатай учраас бага хүн амтай улсууд амжилт үзүүлж чадахгүй гэдэгт итгэдэг хүмүүс олон билээ. Тэгвэл үүнийг Исландчууд дэлхий нийтэд нотлон харуулж оролцоход хамгийн хүнд тэмцээн болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг өвөртөлсөн. Тэр дундаа европ хамгийн өрсөлдөөнтэй бүс учраас Исланд шиг улсууд дэлхийн аваргад оролцох боломж бараг байхгүй. Гэтэл 21 дэх удаагийн дэлхийн аваргад үүнийг ердөө 300,000 хүн амтай Исландчууд үгүйсгэж анх удаагаа оролцох гэж байна. Исланд хэтэрхий цөөн хүм амтай учраас тамирчид нь давхар ажил эрхэлдэг. Багт буй зарим тамирчид гэхэд 2016 оны европийн аваргад оролцох хүртлээ шүдний эмч, багш зэрэг мэргэжлүүдийг давхар хийдэг байлаа.

Исланчуудын ялалтын дараах багаараа хийх алга ташилт таны харах хамгийн гайхалтай зүйлсийн нэг байх болно (Photo by Manuel Blondeau/Icon Sport) (Photo by Manuel Blondeau/Icon Sport via Getty Images)
  1. Ямар улс хамгийн олон удаа түрүүлсэн бэ?

Бразил бол хөлбөмбөгийн орон. Дэлхийд хөлбөмбөгчний тоогоороо тэргүүлдэг Бразилчууд дэлхийн аваргад түрүүлсэн тоогоороо ч тэргүүлдэг. Алдарт Роналдо, Роналдиньо, Пеле, Ромарио, Ривалдо, Роберто Карлос, Гарринча гээд домгуудаас та аль нэгийг нь лавтай сонссон байж таарна. Тэд бүгд Бразилын домгууд. Тэд өөр өөрсдийн цаг үедээ Бразилыг дэлхийн аварга болгож байсан түүхтэй. Нийт тоогоороо 5 түрүүлснээрээ Бразилчууд тэргүүлж, Герман болон Италийн багууд тус бүр 4 түрүүлснээрээ удаалдаг. Мөн энэ дэлхийн аваргад оролцож буй Аргентин, Уругвайн багууд тус бүр 2 түрүүлснээрээ тэдний ард бичигддэг.

Бразилчууд 2002 онд Германыг 2:0-ээр хожиж 5 дахь удаагаа дэлхийн аварга болсон (Photo by Alex Livesey/Getty Images)
  1. Хэн хамгийн олон гоолыг оруулж байсан бэ?

Дэлхийн аваргад хамгийн олон гоолыг оруулсан эрхэм бол Германы довтлогч Мирослав Клозе. Нийт 16 гоолыг 4 дэлхийн аваргад оруулж байсан тэрбээр хамгийн сүүлд 2014 оны дэлхийн аваргад оролцож аварга цолыг хүртсэн. Анх 2002 онд оролцохдоо 5 гоол оруулахдаа бүгдийг нь толгойгоороо мөргөж оруулан “алтан толгой” хочийг авч байлаа. Харин нэг дэлхийн аваргад хамгийн олон гоол оруулсан амжилтыг Жюст Фонтэйн 13 гоолоороо эзэмшдэг. Гайхалтай биш гэж үү? Нэг дэлхийн аваргад 13 гоол!

Мирослав Клозэ 2002 оны дэлхийн аваргад 5 гоол оруулахдаа бүгдийг нь мөргөж оруулсан (Photo by Thomas Niedermueller/Bongarts/Getty Images)
  1. Хэн хамгийн дэггүй тоглогч вэ?

Луис Суарэз. Хөлбөмбөг сонирхогчдын чихийг байнга “дэлдийлгэж” байдаг эрхэм бол Уругвайн довтлогч Луис Суарэз. Тэрбээр 2 дэлхийн аваргад оролцохдоо аль алинд маш том сенсацийг дэгдээж байсан дэггүй нөхөр. 2010 онд шөвгийн 8-д Африкийн төлөөлөл Ганын шигшээ багтай тоглож байхдаа орж байсан бөмбөгийг гараараа гаргаж байсан. Тоглолтын сүүлийн минутанд болсон тус үйл явдлын хариуд шүүгч түүнд улаан хуудсыг өгч талбайгаас хөөж Ганын багт торгуулын цохилтыг өгсөн юм. Тус цохилтыг Ганачууд амжилттай болгосон бол тус тоглолтонд хожил байгуулж Африкаас анх удаагаа хагас шигшээ шалгарсан баг болох байлаа. Гэвч Ганын довтлогч Асамао Гъян цохилтоо алдаж Уругвайчуудыг баярлуулсан. Улмаар торгуулын цохилтоос ялагчийг шийдэх болж үр дүнд Уругвайчууд хагас шигшээд шалгарах эрхээ авсан юм. Үүний дараачаар Суарэзыг булхайцагч хэмээн Африк тив даяараа үзэн ядах болсон.

Луис Суарэз орж байсан бөмбөгийг гараараа гаргаж буй нь. (Photo by Shaun Botterill – FIFA/FIFA via Getty Images)

2014 онд ээлжит сенсациа бүр ч хүчтэйгээр тарьсан. Итали Уругвайн багуудын тоглолтын үеэр Луис Суарэз өрсөлдөгч багийнхаа хамгаалагч Киллиниг хазаж олныг гайхашруулсан. Үүнийхээ төлөө Суаурэз 4 сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан. Гэхдээ энэ түүний анхны тохиолдол биш байсан юм. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа тоглогч хазсан хэргээр эрхээ хасуулж байлаа. Түүний дараа Барселона клүб түүнийг багтаа элсүүлэхдээ тоглогч хазаж болохгүй гэсэн заалтыг гэрээндээ тусгаж байсан түүхтэй.

Суарэзын Киллиниг хазсаныхаа дараа гаргаж буй реакц нь (Photo by Shaun Botterill – FIFA/FIFA via Getty Images)
Түүнийг шоглож Рио хотод тус самбарыг босгожээ. (Photo by Mario Tama/Getty Images)
  1. Дэлхийн аваргын одууд нь хэн бэ?

Криштиану Роналду болон Леонэл Мэсси. Хөлбөмбөгийн түүхэнд төрсөн хамгийн агуу хоёр тоглогчийн магадгүй сүүлчийн дэлхийн аварга гэдгээрээ энэ дэлхийн аварга юу юунаас илүү онцлогтой. Роналду энэ жил 33 настай учраас дараагийн дэлхийн аварга гэхэд 37 нас хүрсэн байх бол Мэсси 35 настай байх болно. Энэхүү нас хөлбөмбөгийн хувьд дэндүү ахмад нас байх учраас хоёр тоглогч оргил үеэ өнгөрөөсөн байх учиртай. Тиймээс энэ дэлхийн аварга хоёр тоглогчийн хувьд сүүлчийн боломж гэхэд хэлсдэхгүй.

Энэхүү дэлхийн аварга хоёр тоглогчийн хэн нь илүүг жинхэнэ утгаар нь батлах ёстой (Photo by David Rawcliffe/Anadolu Agency/Getty Images)

Байж болох бүр рекордыг эвдээд буй хоёр тоглогчид ганцхан амжилт дутуу байгаа нь дэлхийн аваргын цом. Хоёр тоглогч клүбийн хувиар болон хувийнхаа өмнөөс байж болох бүх шагналуудыг түүсэн төгс тамирчид. Аль аль нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийн шагналыг тус бүр 5 хүртсэн нь дэлхийд урьд хожид байгаагүй амжилт юм. Роналду Португалын нэрийн өмнөөс тоглох бол Мэсси Аргентины нэрийн өмнөөс тоглоно.

  1. Хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээж буй тоглолт ямар багийн хооронд болох вэ?

Германы эсрэг Бразил. Дэлхийд 5 түрүүлсэн хөлбөмбөгийн орон Бразил 2014 онд нутаг дээрээ түрүүлэх өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байлаа. Гэвч шөвгийн наймд Германы шигшээ багтай учирч 7-1-ээр талбай дээрээ хожигдоно гэж хэн ч төсөөлөөгүй юм. Энэ бол Бразилчуудын хөлбөмбөгийн түүхээр зогсохгүй үндэснийх нь хувьд тохиолдсон хамгийн гутамшигт үйл явдал байлаа. Бразилчууд хөлбөмбөгийн түүхэнд хэзээ ч ийм өндөр дүнгээр хожигдож байсангүй. Тэр дундаа ийм чухал тоглолтонд ингэж бут ниргүүлнэ гэж төсөлөөгүй байсан биз ээ. Тэгвэл Бразилчууд 4 жил хураасан уураа Германд гаргахаар ОХУ-д ирээд байна. Бүрэлдэхүүний хувьд хамгийн хүчтэй багуудын тоонд зүй ёсоор нэрлэгдэж буй Бразилчууд цомыг хамгаалагчид Германыг хожиж түрүүлэх зорилго тавиад байгаа. Одоогоор хоёр баг таарах эсэх нь тодорхой болоогүй байгаа ч эрт хожигдол хүлээлгүй өрсөлдөгчдөө хожсоор байвал финалд таарах боломжтой. Тиймээс хөгжөөн дэмжигчид энэ тоглолтыг юу юунаас илүү хүлээж байгаа юм.

  1. Хамгийн том цэнгэлдэх хэр их багтаамжтай вэ?

Энэ удаагийн дэлхийн аварга ОХУ-ын 12 хотод зохион байгуулагдаж байгаа. Үүнээс хамгийн их багтаамжтай нь Санкт-Петербург хотын Крестовски цэнгэлдэх хүрээлэн юм. Нийт 68,000 хүнийг багтаах чадалтай. Бүх цэнгэлдэхүүдийн дундаж багтаамж нь 49,000 аж. Харин хөлбөмбөгийн хамгийн их багтаамжтай цэнгэлдэх нь Бразилын хуучны Маракана цэнгэлдэх. 1950 оны дэлхийн аваргын финалыг Мараканад албан ёсоор 173,000 үзэгч үзжээ. Гэвч албан бусаар хүмүүс нэвтэрснээр нийт 200 гариу мянган хүн тус тоглолтыг Мараканагаас үзсэн гэдэг.

  1. Хамгийн залуу болон ахмад тоглогч нь хэн бэ?

Энэхүү дэлхийн аваргын хамгийн залуу тоглогч нь Австарлийн багийн 19 нас 5 сар 10 хоногтой Даниэл Арзани юм. Харин хамгийн ахмад тоглогч нь энэ жил 39 настай Мексикийн шигшээ багийн ахлагч Рафаэл Маркез. Түүний хувьд 5 дахь дэлхийн аваргадаа оролцож байгаа бөгөөд үүгээрээ хамгийн олон удаа дэлхийн аваргад оролцсон тоглогчдын тоог Лотар Матеүсийн хамтаар тэргүүлж эхэллээ.

Мбаппе энэ дэлхийн аваргын хоёр дахь залуу тоглогч. 19 нас 7 сартай. (Photo by Matthias Hangst/Bongarts/Getty Images)