ДАШТ

Аргентин: Мэсси түүх бүтээх ёстой!

Багийн ахлагч: Леонэл Мэсси
Ерөнхий дасгалжуулагч: Хорхэ Сампаоли
Багийн дундаж нас: 28.4
Багийн дундаж өндөр: 179.4 см
Бүх цаг үеийн мэргэн бууч: Леонэл Мэсси /64 гоол/
Хамгийн олон тоглолтонд оролцсон: Хавиэр Занетти, Хавиэр Машерано /143 тоглолт/
Багийн хоч: Албиселесте
ФИФА чансаа: 5
Дэлхийн аваргад оролцсон: 17 удаа
Дэлхийн аваргын дээд амжилт: 2 удаагийн аварга /1978, 1986/

 

1978 онд Марио Кемпес лидертэй Аргентиний шигшээ баг анх удаагаа алтан дагина цомыг өргөж байлаа. Түүнээс ердөө 8 жилийн дараа өөр нэгэн тоглогч багаа тэргүүлэн дэлхийн аварга цолыг Аргентинд авчирсан нь алдарт Диэго Армандо Марадано байсан юм. 1986 оны тэрхүү тэмцээнээс хойш цэнхэр цагаанууд дэлхийн аварга цолыг хүртэж чадаагүй ч өмнөх дэлхийн аваргад Мэссигээр ахлуулан мөнгөн медалийг хүртэж чадсан билээ. Марио Кемпес, Диэго Марадано гэсэн Аргентиний гурван агуу тамирчин өөр өөрсдийн үедээ дэлхийн аварга цолыг улсдаа авчирч өөрсдийгөө нотолсон бол Мэссигийн хувьд энэ жил хамгийн боломжит жил нь байх болно. Тэрбээр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирч өөрийгөө түүхэн дэх хамгийн агуу тамирчин хэмээх нэр хүндийг авах эрхтэй гэдгээ нотлон харуулах шаардлагатай.

Марадано 1986 онд Германыг хожиж эх орондоо аваргын цомыг авчирсан (Photo by Gamma/Gamma-Keystone via Getty Images)

Аргентинчууд урьдчилсан шатанд тун хүнд замыг туулсан бөгөөд эцсийн мөчид дэлхийн аваргын эрхээ авсан. Эквадор, Парагвайн багуудад талбай дээрээ хожигдож, Венесуэлийн шигшээ багтай тэнцэж, Бразилчуудад 3-0-ээр хожигдсон. Энэ мэт хүнд замыг туулсны эцэст Мэсси шийдвэрлэх тоглолтонд хэттрик хийж багаа аварсан юм. Чухал тоглолтуудад багийн лидер Мэссигийнхээ ачаар аврагдаж байсан Аргентинчууд дэлхийн аваргад түрүүлэхийг хүсч байгаа бол түүнд хангалттай дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна. Тэд дэлхийн аваргын өмнөх нөхөрсөг тоглолтонд Испанитай Мэссигүйгээр тоглож 6-1 харьцаатайгаар бут ниргүүлсэн.

 

Давуу тал

Португал болон Аргентиний шигшээ багууд дэлхийн түүхэнд төрсөн хамгийн агуу хоёр хөлбөмбөгчинтэйгээр оролцож буй нь тэдний ямар ч багаас ялгарах том давуу тал. Үүнийгээ Аргентинчууд 2014 онд ашиглаж дэлхийн аваргын финалд шалгарсан ч харамсалтай нь Германчуудад ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

Игуайн финалын тоглолтууд дээр маш олон боломжийг салхинд хийсгэсэн (Photo by Hector Vivas/LatinContent/Getty Images)

Мэссигээс гадна Аргентиний довтолгооны хүч тэдний хамгийн том давуу тал болох ёстой. Ювэнтүсийн Гонсало Игуайн, Пауло Дибала болон Манчестер Ситигийн Сэрхио Агуэро гэсэн шилдэг довтлогчид дээр нэмээд Анхэл Ди Мариа. Ди Мариа 2014 оны дэлхийн аварга дээр гайхалтай формтой ирж Мэссид маш сайн тусалсан. Тиймээс эдгээр тоглогчид багийн лидер Мэссидээ маш сайн тусалж, дэмжиж, боломжуудаа ашиглах нь зайлшгүй шаардлагатай зүйл байх болно. Хэрвээ тэгж чадвал Аргентинчууд энэхүү давуу талаараа алтан дагиныг өргөх боломжтой.

 

Сул тал

Довтолгоо дэндүү хүчтэй хэдий ч бусад байрлалууд дээр Аргентинчууд тийм ч хүчирхэг биш. Хаалгач Сэрхио Ромэро, Вилли Кабалерро нар аль аль нь клүбтээ хоёрдугаар хаалгач учраас талбайд тийм ч их гараагүй. Улмаар дэлхийн аваргын өмнөхөн Ромэро бэртэж бүрэлдэхүүнээс хасагдсан. Тиймээс ганц найдвар нь Кабаллеро болж үлдээд байгаа ч өнгөрсөн улиралд Челсигийн бүрэлдэхүүнд ердөө гурван тоглолтыг хийжээ.

Отаменди 3 улирал дараалан Манчестер Ситигийн гараанд тоглож байна (Photo by Yaikel Dorta/LatinContent/Getty Images)

Хамгаалалтын шугаманд ганц найдвартай хүн буй нь Манчестер Ситигийн гарааны хамгаалагч Николас Отаменди. 2010 оны дэлхийн аваргад жигүүрийн хамгаалалтанд тоглож байсан тэрбээр 2014 оны дэлхийн аваргыг өнжсөний дараачаар эргэн ирж байна.

Төвийн хагас хамгаалалтанд тоглож магадгүй байгаа Билъя, Машерано нар дэлхийн аварга авах хэмжээний хослол гэдэг тун эргэлзээтэй. Бүтээлч тоглолт төвийн шугамаас дутагдах магадлал тун өндөр. Машеронагийн оронд Ло Селсо гарвал илүү үр дүнтэй байж магадгүй. Одоогоор дасгалжуулагч хэнийг нь ч сонгож магадгүй байна. 

Экспертүүд Машераног гараанд гаргах нь эрсдэлтэй гэж үзэж байна (Photo by Hector Vivas/Getty Images)

Мөн Аргентиний шигшээ баг 2014 онд дэлхийн аваргад, 2015, 2016 онуудад тивийнхээ аваргад финалд хожигдсон. Ийнхүү 3 том тэмцээн дараалан финалд хожигдсон нь тэдэнд сэтгэлзүйн дарамт болох аюултай. Гурван тоглолтыг аль альныг нь харвал сэтгэлзүйн давуу тал эсрэг багт нь байсныг ажиж болно. Тиймээс ийм хүнд тоглолтуудын дараагаар дэлхийн аваргад оролцох гэж буй Аргентинчууд хол замыг тууллаа ч эцэст нь сэтгэлзүйгээсээ болж хасагдах аюултай. Дээрээс нь Мэссигийн дэлхийн аварга авах боломжтой сүүлийн боломж гэж хэвлэлүүд бичиж буй тул энэ нь тоглогчдод том дарамтыг үүсгэж магадгүй юм.

 

Магадлалтай гараа

Харах ёстой тоглогч

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионэл Мэссигээс өөр хүнийг онцлохгүй байхын аргагүй. Агуэро, Ди Мариа, Дибала, Игуайн гээд олон одод байгаа хэдий ч Мэссигээс энэхүү баг дэндүү их хамааралтайг бид мэднэ. Тиймээс Мэссигийн тоглолт хэр хэмжээнд байхаас шалтгаалж Аргентинчууд хэр хол замыг туулах нь шийдэгдэх өндөр магадлалтай. 2014 онд багаа тэргүүлэн аваргын төлөө үлдэж тус тэмцээний шилдэг тоглогч болж байсан. Тиймээс энэ жил тэр хэмжээний тоглолтоо давтаж амжилтаа ахиулж аварга цолыг хүртэхийг Аргентинчууд хүсч байгаа нь ойлгомжтой.

Мэсси Эквадорын эсрэг хэттрик хийж багаа аварсан (Photo by Franklin Jacome/Getty Images)

Дэлхий нийтэд сюрпрюз барьж магадгүй тоглогч нь хэн бэ?

Жиовани Ло Селсо. Анх довтолгооны хагас хамгаалагчаар тоглодог байсан тэрбээр ПСЖ болон Аргентиний шигшээ багтаа төвийн хамгаалагчаар тоглож байгаа. Ухаалаг тоглолт, бүтээлч байдал, сайн хамгаалалт гээд олон талын тоглолтоороо аль аль багийнхаа дасгалжуулагчдын итгэлийг олсон. Яг л ийм олон талын тоглолттой тамирчин Аргентиний шигшээ багт дутагдаж буй. Гарааны бүрэлдэхүүнд гарч магадгүй байгаа тэрбээр өөрийн боломжоо заавал ашиглах ёстой.Магадгүй Аргентиний дараагийн үеийг авч явах тэр тоглогч нь Ло Селсо байж магадгүй учраас энэ тэмцээн түүний нэг шат ахих тэмцээн нь байх учиртай юм.

Ло Селсо Машеронагийн оронд гараанд гарч магадгүй (Photo by Sefa Karacan/Anadolu Agency/Getty Images)

Таамаглал

Аргентинчууд сүүлийн 3 дэлхийн аварга дараалж Германаас өөр багт хожигдсонгүй. Тун цөөхөн тоглолтонд тэнцэж үлдсэн тоглолтууддаа бүгдэнд нь хожиж байсан Аргентинчууд Герман гэсэн даваанд гурав дараалан бүдэрч тэмцээнийг орхисон. Энэ жилийн тухайд тэд дахин таарах магадлалын хувьд өндөр байна. Исланд, Хорват, Нигерийн багуудаа толгойлж хэсгээс шалгарч 16-гийн өрсөлдөгчөө ялвал шөвгийн наймд Германтай таарах магадлал өндөр. Тиймээс Аргентинчуудын талаар хэлж чадах хамгийн амар таамаглал нь шөвгийн наймд Германтай тоглох. Хэрвээ тэд давахгүй байгаа даваагаа давж чадвал 2014 онд чадаагүй зүйлээ биелүүлж аваргалах магадлал өндөртэй.

Онцлох статистик