Албан ёсны

Андрес Иньэстагийн шинэ гэр Япон!

Барселонагийн багийг энэ зун орхихоор шийдэж багийнхнаараа сүр жавхлантайгаар үдүүлсэн Андрес Иньэста өөрийн шинэ багаа сонгожээ. Тэрбээр Японы Виссел Кобе багт тоглох болсон бөгөөд тэд Барсад 30 сая еврог төлж байгаа аж. Иньэста Барселонагийн төлөө нийт 22 жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаандаа 4 удаа аваргуудын лигийн цомыг хүртсэн билээ. Мөн Иньэстаг шинэ багаа сонгох хүртэл маш их баг санал явуулсан байна.

“Надад маш олон санал ирсэн. Бусад багууд намайг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Тэдний төсөл сонирхолтой санагдсан учраас би Виссел Кобег сонгосон. Намайг тэд хувь хүн болон тоглогч талаас нь итгэж байгаа. Энэ бол хамгийн том шалтгаан нь” хэмээн 34 настай Испаниа хагас хамгаалагч сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцжээ.

Харин Виссел Кобе багийн эзэн Хироши Микитани:

” Би Иньэстагийн тоглолтын философи болон лидер зан чанард нь итгэж байна. Эдгээр нь зөвхөн Виссел Кобе багийн ирээдүйн урам зориг болоод зогсохгүй Японы хөлбөмбөгийн соёлд нөлөөлнө хэмээн бодож байна. Бид Иньэстаг зөвхөн багийн амжилтаа дээшлүүлэх гэж авчраагүй. Иньэстагийн чадвар Японы ирээдүйн хөлбөмбөгт нөлөөлнө, хөгжилд түлхэц болно, хөлбөмбөгийн залуу академид тус болно хэмээн авчирсан. Түүний энд тоглохоор шийдсэн шийдвэр нь зөвхөн Виссел Кобегийн ирээдүйд нөлөөлөх биш Японы хөлбөмбөгт, цаашлаад азийн хөлбөмбөгт чухал нөлөөг үзүүлнэ гэж бодож байна” хэмээн ярьжээ.

2010 онд Испаничууд дэлхийн аваргад анх удаагаа түрүүлэхэд хожлын гоолыг оруулж байсан Андрес Иньэста энэ зун болох дэлхийн аваргад Испанийн шигшээ багийнхаа хамтаар оролцохоор болоод байгаа билээ.